Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1323

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

               Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01270 шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бийн нэхэмжлэлтэй,

 

            Хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 63 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авилгатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Л.Гансүх нарт холбогдох 2014250001748 дугаартай хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 90 хоног цагдан хоригдсон. Түүнээс хойш дахин байцаалт аваагүй, шалгаж байгаа гэсээр 3 жил 3 сарын дараа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр прокуророос дуудаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол танилцуулсан.

Г.Б нь 3 жилийн хугацаанд Авилгатай тэмцэх газрын хараа хяналтан дор, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжгүй, хотоос гарах, гадаадад зорчих эрхгүй буюу хилийн хоригтойгоор батлан даалтанд байсан. Тухайн хугацаанд комиссарууд гэмт хэрэгтэн, ялтан мэтээр харьцдаг байсан. Хүнийг хилсээр 3 жил шалган байцааж, 3 сар цагдан хорьж, эрхийг зөрчиж, нөхөж баршгүй хохирол учруулсанд гомдолтой байна.

Цагдан хоригдоод гарч ирээд 11 сар ажилгүй байж байгаад ажилд орсон боловч Авлигатай тэмцэх газарт байнга дуудагдан явсаар ажлаасаа халагдсан. Мөн ажлын бүтэн цагаар ажлаа хийдэггүй байсан гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан.

Иймд цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож 17 280 000 төгрөг, ажилгүй байсан 19 сарын нэг сарыг 600 000 төгрөгөөр тооцож 11 400 000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчийн төлбөрт төлсөн 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг нийт 63 680 000 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байсан бөгөөд найз нөхдийн хүрээнд ч нэр төр нь сэвтсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг хэргийг аль нэг шатны прокурорын болон шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг хэлнэ гэж тайлбарласан.

Прокурорын тогтоолоор 2017 онд Г.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учир цагдан хоригдсон 90 хоногийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжээр тооцохоор заасан учир эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс 192 000 төгрөгөөр тооцож байна.

Сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ёстой.

Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 19 сар гэж буруу бичсэн ба энэ 15 сарын хугацааны цалин юм. Хугацааны хувьд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11 сар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4 сар, нийт 15 сарын хугацаатай ажилгүй байсан. Нэг сарыг 600 000 төгрөгөөр тооцоход 9 000 000 төгрөг болж байна.

Хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5 000 000 төгрөгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Бийг эрүүгийн 2014250001748 дугаартай хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Ти Өү Ти Кредит” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Ти Өү Ти Кредит” ХХК-ийн захирал Э.Ттай үгсэн хуйвалдаж тус компанийн татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээ, бусад зүйлийг зориуд бууруулан мэдээллэх зэргээр онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, нийт 87 хоног цагдан хорьсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгосон, хотоос гарах, гадаадад зорчих эрхгүй хилийн хориг тавигдсан, мөн комиссарууд гэмт хэрэгтэн, ялтан мэтээр харьцдаг байсан, сэтгэл санаа хохирсон гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Г.Бийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн. Г.Бт хилийн хориг тавигдаагүй, батлан даалтын хугацаанд өдөр бүр дууддаг байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Нийслэлийн Прокурорын газрын мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолоор Авилгатай тэмцэх газрын мөрдөгч Д.Золжаргалын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Г.Бийг яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгосон боловч Г.Бт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дүгээр зүйлд “Давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нарын холбогдож шалгагдсан эрүүгийн 201501000009 дугаартай хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаж анхан шатны шүүхэд буцаасан байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Шинэ Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татах санал гаргаагүй учраас мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Г.Бт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй. Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгүүлэхээр гарсан шийдвэр юм. Сэтгэл санааны хохиролдоо нийтэд мэдээлэгдсэн гэж хэвлэлийн бага хурлын мэдээллийг хэлж байна. Хэвлэлийн бага хурлыг өөрсдөө хийсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д “Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа”, 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж заасан нөхцөл байдлууд тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 7 483 723 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Г.Бт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 56 196 277 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар Г.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.                 

 

            .Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэлэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 зохицуулалттай нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар үндэслэлгүй цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлоо 2002 оны эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар тооцож нэхэмжилсэн. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй бөгөөд зарим этгээдэд цагдан хоригдсон 1 хоногийн хугацааг 192 600 төгрөгөөр тооцоод зарим этгээдэд авч байсан сарын цалингийн 1 хоногт ногдох хэмжээтэй адил байж болохгүй юм. Хууль бусаар цагдан хоригдсон хохирлыг үндэслэлгүй цагдан хоригдсны улмаас хохирол болох цалин, олох ёстой байсан орлоготой адилтган үзэх боломжгүй юм.

 

Мөн анхан шатны шүүхээс “... эрх бүхий байгууллага, тушаалтны зүгээс түүний хөдөлмөрлөх эрхэд хязгаарлалт тогтоосон гэх үндэслэл бүхий баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ба уг хугацаанд Г.Б нь цагдан хоригдоогүй байна” гэсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Г.Б нь мөрдөн шалгах байгууллагад өдөр бүр бүртгүүлэхээс гадна мөрдөгчийн хэзээ яв гэсний дагуу мөрдөн шалгагдаж байсан. Хэд хэдэн хуулийн этгээдэд ажилд орсон боловч дээрх шалтгаанаар тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Гэтэл шүүхээс шаардлагатай нотлох баримт цуглуулах эрх олгогдсон байхад хэрэгт нотлох баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 63 680 000 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас 19 сар ажил хийх боломжгүй байсан тул нэг сарын дундаж цалин хөлс болох 600 000 төгрөгөөр тооцож, 11 400 000 төгрөг, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 90 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож 17 280 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, нийт 63 680 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулна ... гэж тодорхойлсон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил хийх боломжгүй байсан 19 сарын цалин хөлс 11 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11 сар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4 сар, нийт 15 сарын хугацааны ажилгүй байсан хугацааг нэг сарыг 600 000 төгрөгөөр тооцоход 9 000 000 төгрөг нэхэмжилж байна гэж тодруулсан байна.

Төрийг төлөөлөн оролцож буй прокурор Х.Анхцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Б нь эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 87 хоног цагдан хоригдсон. Түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй, хилийн хориг тавигдаагүй, батлан даалтын хуацаанд өдөр бүр дууддаг байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй. Прокурорын тогтоолоор Г.Бийг яллагдагчаар татсан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч Г.Бт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгүүлэхээр гарсан шийдвэр” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссарын тогтоолоор Г.Бийг эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан бөгөөд шүүгчийн захирамжаар 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 89 хоног сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон болох нь хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссарын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Сэжигтнийг цагдан хорих тухай 674-1 дугаар захирамж, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Яллагдагчийг цагдан хорих эсэх тухай 674-2 дугаар захирамж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 674-4 дугаар захирамж, мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Яллагдагчийг цагдан хорих шүүгчийн захирамжид гаргасан гомдлын тухай 1987 дугаар захирамж, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгчөөс Г.Бт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаагүй, уг хэрэгт хохирогч тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтыг удирдлага болгон Г.Бийг яллагдагчаар татсан ахлах мөрдөгч, комиссарын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ. /хх 69-74, 76, 120/

Иймд нэхэмжлэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1.2, 2.1-д тус тус зааснаар өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг иргэний журмаар шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 45.2.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргахаар заажээ.

 

Сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хэрэгт Г.Бийн эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж цагдан хоригдох хүртэл хугацаанд “Ти Өү Ти кредит” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа нэг сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг авч байсан болох нь тус компанийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн СО-025 дугаар тушаал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тухайн үед мөрдөгдөж байсан 192 000 төгрөгөөр тооцож, гэм хорыг 17 280 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэг сарын дундаж цалин хөлс болох 600 000 төгрөгөөс нэг өдрийн дундаж цалин 27 907 төгрөгийг түүний цагдан хоригдсон 89 хоногоор тооцон 2 483 723 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг хамаарахаар заажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгч А.Батмандахтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, эрх зүйн туслалцаа авсан байх ба өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөг төлсөн болох нь 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай төлбөр авсан тухай баримт, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх өмгөөллийн хөлс гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01270 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН