Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/946

 

 

 

 

 

 

     2021          11            04                                        2021/ДШМ/946                                                         

*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

иргэний нэхэмжлэгч Я.Уртнасан, Ө.Хонгорзул,

иргэний нэхэмжлэгч “Алтан шандас аривжих” ХХК-ийн захирал Г.Мөнгөнцэцэгийн өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1711 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ад холбогдох 2103000750104 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн О-гийн Г-, Улаанбаатар хотод 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Хандгайтын 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 000/Б1-01 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

******* нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хадатын амны замд Д.Т-ий эзэмшлийн “North benz” загварын 50-11 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж онхолдсоны улмаас зорчигч Д.Батжаргалын амь насыг хохироож, оршин суугчдын хашаа, байшинг мөргөж, ачиж явсан “Алтан шандас аривжих” ХХК-ийн эзэмшлийн “Huyndai Robex” загварын 21-11 УР дугаартай экскаваторыг гэмтээж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас хэргийг “... өмгөөлөгч Г.Баяржаргал 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаж, гарын үсэг зурсан үед 21-11 УР улсын дугаартай экскаваторт учирсан хохирлын шинжээчийн дүгнэлт гараагүй байжээ. Энэ талаар өмгөөлөгч үндэслэлтэй гомдол гаргасан байна. Хэдийгээр бусад оролцогч нар гомдол гаргаагүй боловч хэрэгт авагдсан “Бүх шинжээчийн дүгнэлттэй танилцлаа” гэсэн баримтаар тэдгээрийн эрх мөн зөрчигдсөн гэж үзнэ. Прокуророос 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 147 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн ба шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлт үйлдсэнээс хойш буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад дээд шатны прокуророос өмгөөлөгчийн гомдлыг эрхийг нь зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал байхгүй, яллах дүгнэлт үйлдсэн гэдгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байв.

Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь, яллагдагч *******ын унаж явсан автомашины хойд чиргүүлийн тормоз барихгүй байгаа талаар талийгаач ярьж байсан болохыг гэрч Ганбаатар мэдүүлсэн /2-р хх 156-157/, шинжээч дээрх машины чиргүүлийн тормозны эд анги бүрэн бус, чиргүүлийн тормоз ажиллагаагүй байсан нь осолд нөлөөлсөн байх боломжтой /1-р хх 227-250, 2-р хх 1-15/ гэж үзсэн байна. Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн мэдүүлэг /1-р хх 150-151/ нь яллагдагч *******ын мэдүүлэг /2-р хх 49-50/ үндэслэлтэй болохыг нотолж байна. Хэдийгээр уг тээврийн хэрэгслийг яллагдагч ******* жолоодож яваад осол гаргаж, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан нь нотлогдсон боловч дээрх авто машин нь түүний эзэмшлийн машин биш бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийг унаж явсан гэдгээр хохирлыг дан ганц *******аар төлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн болон иргэний хариуцагчаар уг машины эзэмшигч Д.Т-ийг /1-р хавтас 59/ татаж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.  Дээрх тээврийн хэрэгслийг “Сонтээг” ХХК-ийн захирал Д.Б 2018 онд худалдаж аваад талийгаач Б-ын дүү Б-тэй 2021 оны 01 дүгээр сард бартер оруулж зарахаар тээврийн хэрэгслийг өгсөн /2-р хх 53/, ... 2021 оны 01 дүгээр сард Б-д 70,000,000 төгрөгөөр худалдахаар болж, 60,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг тээвэрт явж байгаад үлдэгдлээ өгөөд нэрээ шилжүүлэхээр тохирсон /1-р хх 61/ гэж тус тус иргэний хариуцагч Д.Т мэдүүлж, энэ тухай баримтыг мөрдөгч хүлээн авч /2-р хх 54-55/ хэрэгт хавсаргажээ. Б-ын дүү буюу хохирогчоор тогтоогдсон Д.Б нь “ Талийгаач ах Б нь Т гэх залуугаас 2021 оны 01 сард худалдаж аваад өөрийн хэрэгцээндээ ашиглаж байгаад осолд орсон” гэж /1-р хх 56/ мэдүүлсэн ба эдгээр нөхцөл байдлыг тодруулж, эзэмшигч, өмчлөгчийг тогтоох шаардлагатай байна. Мөн “Алтан шандас аривжих” ХХК нь өөрийн эзэмшлийн 21-11 УР улсын дугаартай экскаватороо барилга баригдаж байгаа газраас зөөвөрлөхдөө ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бүрэн бус техниктэйг мэдсээр байж, тээвэрлүүлсний улмаас бусдад хохирол учруулсан зохих буруутай нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... эксковаторт учирсан хохиролд шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдэж, шинжилгээний байгууллагад хүргүүлсэн боловч шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5721 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Хэрэг прокурорын хяналтад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн ба яллагдагч *******, түүний өмгөөлөгч Г.Б нар нь хавтаст хэргийн материалтай танилцаагүй, танилцах талаар удаа дараа мөрдөгчийн зүгээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнэлгээний тайланд гомдол гаргана, өмгөөлөгч намайг битгий оч гэсэн гээд танилцаагүй байдаг. Энэ нь өмгөөлөгч Г.Б уг үнэлгээний тайлан буюу “Huyndai Robex” загварын 21-11 УР улсын дугаартай экскаваторт 194,576,691 төгрөгийн хохирол учирсан талаар мэдэж байсан ба хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолгүй, хэргийг прокурорт буцааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулах хүсэлтэй байсан гэж харагдаж байна.

Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шуурхай шийдвэрлүүлж, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийн оролцогч иргэний нэхэмжлэгч Г.М, яллагдагч *******, түүний өмгөөлөгч Г.Б, иргэний хариуцагч П.Т нарт танилцуулсны дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэдийгээр мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргахын өмнө хэргийн оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулах ёстой байсан боловч шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч дүгнэлт удааширсан тул бусад оролцогчийн эрх ашгийг тэргүүнд тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ноцтой зөрчил биш гэж үзэж байна.

Бусад хэргийн оролцогч нарын хувьд өөрт хамааралтай дүгнэлттэй танилцахаас хэрэгт авагдсан бүх дүгнэлттэй танилцах эрхгүй тул тэдгээрийн эрх зөрчигдсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.  Хэргийг прокурорт буцааж иргэний нэхэмжлэгч Г.М, яллагдагч *******, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний хариуцагч П.Т нарт шинжээчийн дүгнэлтийг дахин танилцуулах нь цаг хугацааны хувьд удааширч мөн хэргийг шүүхийн шатанд шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц ноцтой зөрчил биш гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт         “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан. “North benz” загварын 50-11 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Т-ийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар түүнийг хариуцагч биш гэж үзэх үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэн хуулийн заалтаар шүүхийн шатанд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын талаар ярих гэхээр ******* болон түүний өмгөөлөгч нар утсаа авдаггүй. Хаана байгаа нь тодорхой бус байдаг. Бид нартай холбогдохгүй байгаад гомдолтой байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ө.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч Я.У-тай адил байр суурьтай байна. Зээл авч хашаагаа янзлуулсан, зээлийн хүү өсөөд байгаа учир хохирлоо хурдан гаргуулж авмаар байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Алтан шандас аривжих” ХХК-ийн захирал Г.М-ийн өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарт прокурор, мөрдөгчийн зүгээс мэдэгдсэн. Гэтэл хэрэг шүүхэд ирсний дараа шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч нараас гадна иргэний нэхэмжлэгч нар хөрөнгө, цаг хугацаагаар хохирч байна. *******тай холбоотой асуудлыг манай талтай холбогдуулаад экскаваторын хохирлыг тогтоосон дүгнэлтийн талаар маргадаг. Монгол Улсад хохирлын талаар бүрэн дүгнэлт гаргах газар байхгүй байсан учраас хувийн зардлаар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээс хамаарч хэрэг удааширсан. Хэргийн оролцогч нар үүргээ биелүүлээгүй атлаа хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа миний эрх зөрчигдсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдалд хамааруулж, мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасны дагуу прокурор мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудалд багтааж, улмаар гэмт хэргийн хохирлоор зүйлчлэгдэж байгаа бол яллах дүгнэлтэд  тусгаж, хавсаралтад заахаар тус тус хуульчилсан байна.

Хэргээс үзэхэд “Huyndai robex” загварын 21-11 УР дугаартай экскаваторт учирсан хохирлын хэмжээг тогтоох шинжилгээний дүгнэлт гараагүй байхад гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч, хүний амь нас хохирсон талаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул яллах дүгнэлт үйлдсэнээс хойш цугларсан хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг шүүхээс үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

Иймд прокурорын хяналтын шатанд гарсан дээрх алдааг залруулахаар хэргийг буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны гарсан байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн жолоодож явсан автомашины өмчлөгч, эзэмшигчийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулвал зохих этгээдийг татан оролцуулжээ. Хэрэв хэргийг хянан шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн талаар маргаан гарч түүнийг үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шатанд татан оролцуулах эрх хуулиар нээлттэй тул “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах...”-ыг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд шүүгчийн захирамжийн хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1711 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН