| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04830/И |
| Дугаар | 183/шш2023/03086 |
| Огноо | 2023-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2023/03086
| 2023 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/03086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ч өргөн чөлөө-6, С оргил **, өөрийн байранд байрлах, регистрийн ********* дугаартай, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Н.Э нь Х банк ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр************** тоот Зээлийн гэрээ, ************ тоот барьцааны гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ********* тоот Зээлийн гэрээ байгуулж 1.300.000 төгрөгийн зээлийг нэмж нийт 15.898.688 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12.772.164,14 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 13.395.050,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.160.893,50 төгрөг, нийт 27.328.108,60 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, ** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Иймд Н.Э-ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн баримт, Х банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х банк ХК-иас иргэн О.Б-т олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Х банк ХК болон Н.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *********** дугаартай Зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ********** дугаартай Барьцааны гэрээний хуулбар, нэхэмжлэгч Х банк ХК болон Н.Э нарын хооронд байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/297 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн буцаан төлөх хуваарь, Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тодорхойлолт, Говьсүмбэр аймаг Шивээговь сумын ** багийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Н.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Х-ын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х банк ХК болон Н.Э нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ************* дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ********* дугаартай Барьцааны гэрээ, түүнчлэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ***** дугаартай Зээлийн гэрээ тус тус байгуулагдсан боловч Н.Э зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
3. Н.Э нь гэрээ байгуулах үедээ оршин суудаг байсан хаяг буюу Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, ** дүгээр баг, *** тоот болон Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод тус тус оршин суудаггүй болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр тодорхойлолтоор тус тус тогтоогджээ.
4. Иймд регистрийн дугаар **********, Б овогтой Н-ийн Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаар *********, Б овогтой Н-ийн Э-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА