| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/00404/И |
| Дугаар | 181/ШШ2016/01209 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2016/01209
| 2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2016/01209 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух, Б овогт Ц.А /рд:...../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, гудамж, , Засгийн газрын VIII байр хаягт оршин байгаа, Э холбогдох,
Э яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хууль бусаар гэрээ цуцалсны хохиролд нийт 25,168,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Б , хариуцагчийн төлөөлөгч Т.Б , Ш.Мөнгөнцэцэг, өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 2 сарын 04-ний өдөр Э яамтай Төсөл хэрэгжүүлэх ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэрээний хугацаанд миний бие гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байтал 2016 оны 6 сарын 21-ний өдөр Э яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаал гарч надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. Уг тушаал нь илт хууль бус байх тул Э яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 сарын 21-ний өдрийн Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хариуцагчаас хууль бусаар гэрээ цуцалсны гэм хор болох ажилгүй болсон өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажлын хөлс болох 25,618,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э яамны /хуучнаар/ асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2016 оны анхдугаар хурлаар батлагдсан Аудитын жилийн төлөвлөгөөг үндэслэн Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах МОН-08 төслийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг 2016 оны 04-05 сарын хооронд хийсэн. Аудитын шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. 1/. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 3 сарын 23-ны өдрийн Б/79 тоот тушаалаар төслийн зохицуулагч Ц.А нь 2016 оны 3 сарын 24-ний өдрөөс 3 сарын 31-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгосон байтал тус хугацааны цалин болох 1,200,000 төгрөгийг авсан байна. 2/.Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төслийн зохицуулагчийн 2016 оны 2 сарын 18-ны өдрийн тушаалаар ажлын зайлшгүй шаардлагаар 2015 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй хоногийг тооцож мөнгөн урамшуулалд төслийн орчуулагч, сургалт хариуцсан ажилтан А.Учралтад 697,740 төгрөг, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Н.Хүрэлбаатарт 1,146,574 төгрөг, санхүү захиргааны ажилтан Ш.Дэлгэрмаад 1,866,829 төгрөг, нийтдээ 3,711,144 төгрөгийг олгосон байна. Тус мэргэжилтнүүд нь цагийн бүртгэлээр амралтын хоногийг биеэр эдлээгүй нь батлагдаагүй, мөн 2015 оны 7-8 сард амралтын мөнгийг илүү авсан байна. 3/. Сангийн сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журмын хоёрдугаар хавсралт, 11 дүгээр зүйлийн 11.1-д төслийн нэгжийн ажилтан нэг жилд ажлын 15 хоног амарна. Амралтын хугацаанд хөдөлмөрийн хөлсийг 20 хувиар бууруулж олгоно гэсэн заалтыг зөрчин ээлжийн амралтын хоногийг илүү тооцон олгосон байна. 4/.Samsung C&T corporation-Bomi engineering Co.,Ltd, Taihan electric wire Co., Ltd консерциумын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд цахилгааны дэд станцын зардлыг давхардуулан олгохоор заалт оруулсныг мэдсэн даруйд арга хэмжээ аваагүй. 5/. Төсөл хэрэгжүүүлэх нэгжийн зардлаас 12,798,780 төгрөгийг 2015 онд орчуулгын зардалд зарцуулсан байна. 6/. Барилгын ажилд техник хяналтыг гүйцэтгүүлэхэд 675,682.864 төгрөгийн гэрээ байгуулахаар байтал 1,985,346.664 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. 7/. Албан хэрэгцээнд Ниссан Патрол маркийн автомашин хэрэглэж байгаа бөгөөд 2015 онд улирал тутам 210,000 нийт 630,000 төгрөгийг машин угаалгын зардалд зарцуулж байгаа нь үргүй зардал гаргаж байгааг харуулж байна. Төслийн менежментийн зардал хэтэрсэн тухай тайлбар тооцоог Төслийн удирдах хороонд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулалгүйгээр Э яамны Санхүү эдийн засгийн хэлтэс болон Сангийн яамаар хянуулан өөр зардлаас шилжүүлэн зарцуулж байна. Энэ нь Төслийн удирдах хороо, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 11 дүгээр хэсэгт тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүргэж байна. Э төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны шалгалтаар Ц.А нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх заалтыг зөрчин төслөөс илүү болон үр ашиггүй зардал гаргасан нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах 2016 оны 02 сарын 04-ний өдрийн гэрээний 8.2.2, 8.2.6 дахь хэсгүүдийг зөрчсөн тул Э яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 сарын 21-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь Э яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хууль бусаар гэрээ цуцалсны хохиролд нийт 25,168,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Эрүүл мэндийн яам эс зөвшөөрч маргажээ.
Э яам /хуучнаар/ болон Ц.А нар 2016 оны 2 сарын 04-ний өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллагч нь гэрээний хавсралтад заасан ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-5-11х/
Э яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай Б/200 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 70.3, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.8, 9.6.9, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10.1.8, Э төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хөрөөны 2016 оны 6 сарын 15-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоол, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах 2016 оны 01 тоот гэрээний 8.2.2, 8.2.6-д заасныг тус тус үндэслэн төслийн зохицуулагч Ц.Атай хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 6 сарын 21-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажилаас чөлөөлжээ. /хх-4х/
Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг хөдөлмөрийн харилцаа бус харин Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр зохицуулагдах харилцаанд хамаарч байх тул ажилаас чөлөөлөх тухай тушаал гарган хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгосон нь буруу юм.
Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу дуусгавар болгох учиртай.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3-т ажлын хөлсийг сар бүрийн 25-ны өдрийн дотор багтаан өгөхөөр заажээ. /хх-7х/
Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3-т хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор гэрээг цуцалж болохоор зохицуулсан байдаг.
Иймд хариуцагч Эрүүл мэндийн яам /хуучнаар Э яам/ 6 сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Хариуцагч Эрүүл мэндийн яам нь төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооноос Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах МОН-08 төслийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар төслийн зохицуулагч Ц.Агийн төсөв хэтрүүлсэн, үргүй зардал гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл тогтоогдсон тул түүнийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан Дотоод аудитын ажлын тайлан-гаас /хх-91-101х/ үзэхэд цалингүй чөлөө олгосон байтал 1,200,000 төгрөгийг цалин гэж авсан зөрчил гаргасан учир буцаан төлүүлэх талаар дурдсанаас өөр зүйлийг Ц.Ад холбогдуулан бичээгүй байна.
Тус 2016 оны 5 сарын 03-ны өдрийн дотоод аудитын шалгалт нь төслийн 2015-2016 оны үйл ажиллагаанд хийсэн аудит байтал тус төслийн үйл ажиллагааг 2016 оны 2 сарын 04-ний өдрөөс төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн Ц.Агийн үйл ажиллагаатай хамаатуулж хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч нар төслийн нэгжийн зардалд нийт 1,323.3 сая төгрөг зарцуулсан нь төлөвлөснөөс 2 дахин хэтэрсэн болохыг тайлбарладаг боловч Ц.Агийн үйл ажиллагаатай холбоотой ийнхүү хэтэрсэн болох нь тогтоогдохгүй байх ба уг аудитын тайланд Төслийн нэгжийн зардал хэтэрсэн шалтгаан нь төсөл хэрэгжиж дуусах хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор ажилтнуудын цалин хөлс, татвар, шимтгэл, урсгал зардал гарсаар байгаа болон дотоодын зөвлөх ажиллуулсны хөлс төлөгдсөнтэй холбоотой байна хэмээн дурджээ.
Түүнчлэн, хэрэгт дотоод аудитын нэгжийн чиг үүрэг, эрх хэмжээ ямар болохыг тодорхойлсон бичгийн нотлох баримт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны явцад гэрчийн өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд төслийн төсөв, санхүүгийн асуудалд тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтэс, Сангийн яам шууд хяналт тавин ажилладаг бөгөөд төслийн зохицуулагч нь дангаараа төсөв мөнгө зарцуулах эрх хэмжээгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч тал үүнийг баримтаар няцааж чадаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4-т заасныг удирдлага болгон ажилд эгүүлэн тогтоолгох, хууль бусаар гэрээ цуцалсны хохирол гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Э яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаал нь Ц.Агийн шүүхэд хандах үндэслэл болсон учир түүнийг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзэв.
Хууль бусаар гэрээ цуцалсны хохирол гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч Ц.А нь амралтын хоногуудыг хасаж тооцоогүй нэхэмжилсэн байх тул сарын хөлс 4,400,000 төгрөг : 22 хоног = нэг өдрийн хөлс 200,000 төгрөг х 95 ажлын хоног = 19,000,000 төгрөгийг гаргуулан, үлдэх 6,168,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуульд заасан Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой маргаан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй учир холбогдох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4-т заасныг баримтлан Ц.Аг Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах МОН-08 төслийн зохицуулагчаар эгүүлэн томилж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 19,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,168,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 283,790 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР