| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00275/и |
| Дугаар | 135/ШШ2015/00375 |
| Огноо | 2015-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2015/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00275/и
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ***** сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотод орших ******* ХХК /регистрийн дугаар ******, утас *******/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сумын *** дүгээр баг, Атар *** тоотод оршин суух, С.Б**** /регистрийн дугаар Т*****, утас ******/,
Хариуцагч: **** аймаг, **** сумын *** дүгээр баг, Хараагийн **** тоотод оршин суух, Ж.Э***** /регистрийн дугаар ******, утас ******/,
Хариуцагч: **** аймаг, **** сумын *** дүгээр баг, Атар **** тоотод оршин суух, Г.Т**** /регистрийн дугаар ******, утас ******/,
Хариуцагч: **** аймаг, **** сумын *** дүгээр баг, Атар **** тоотод оршин суух, Ч.Б**** /регистрийн дугаар ****, утас *****/ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 13,644,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц******, хариуцагч С.Б****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т****, хариуцагч Ж.Э****, Г.Т****, Ч.Б****, иргэдийн төлөөлөгч Б.А****, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Л****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...**** аймгийн **** сумын *** дүгээр багийн нутагт байрлах ***** ХХК-ий эзэмшлийн амралтын газрын **-н номерийн байшинг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Э.Э****, О.Э****, Т.Б****, Э.Н**** нар санаатайгаар галдан шатааж, бусад арван байшингийн цонхны шилийг нь хагалж, дотор нь байсан эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж компанид 13,644,500 төгрөгийн хохирол учруулсан нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний хэрэг болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ***** ХХК-аас гаргасан үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Иймээс эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчдаас уг хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна.” гэв.
Хариуцагч С.Б**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...**** аймгийн **** сумын *** дүгээр багийн нутагт байрлах ***** ХХК-ий эзэмшлийн амралтын газрын ***-н номерийн байшинг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Э.Э****, О.Э****, Т.Б****, Э.Нямдаваа нар санаатайгаар галдан шатаасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ байшин энэ дөрвөн хүүхдийн яг хэнийх нь буруутай үйлдлээс болж шатсаныг шалгаж тогтоогоогүй учир нэхэмжилсэн 13,644,500
\\Z_TUNGALAGMAA\share doc\2014\G.Gan-Erdene\Амьдралын аян ХХК.doc
төгрөгийг дөрөв хувааж төлөхөд татгалзахгүй болно. ***** ХХК-аас гаргасан үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй байна. Уг байранд байгаагүй диван, хөргөгч болон бусад зүйлсийг нэмж үнэлүүлсэн нь үндэслэлгүй тул хасч тооцуулах хүсэлтэй байна. Энэ амралтын байрууд манаачгүй жил гаруй байсан. Одоо ч эзэнгүй байгаа юм.” гэжээ.
Хариуцагч Ж.Э**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...манай гэр бүлийн сарын орлого 370,000 төгрөг ба банкны зээлээ төлөөд гар дээрээ 60,000 төгрөг авч амьдралаа залгуулдаг. Миний хүүхэд О.Э**** нь 2014 онд өөрийн үерхдэг хүүхдүүдийн хамт Хараа голын эрэг дэх ямар ч харуул хамгаалалтгүй эзэнгүй байранд тоглож байгаад санамсаргүй гал алдсанаас 1 байшин нь шатсан ба хүүхдийн томоогүй зангаар цонх нь хагарсан болохоос ямар нэгэн эд хөрөнгө хулгай хийсэн ашигласан зүйл байхгүй болно. Нөгөө талаар тухайн аж ахуйн нэгж нь эд хөрөнгөө хамгаалах, харуул хамгаалалттай байлгаж гадны ямар нэгэн халдлагаас эд хөрөнгөө хамгаалах үүргээ биелүүлээгүй байгааг харгалзан үзэхийг хуулийн байгууллагаас хүсч байна. Дээрх хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас гарсан хохирлоо харилцан адилгүй тогтоосон шийдвэр гаргасанаа болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь дээрх газарт очихыг санаачилсан хүүхэд нь миний хүүхэд биш Г.Б**** ба байшингийн цонхыг хагалах санаа гаргасан хүүхэд нь ч Г.Б**** гэдгийг хүүхдүүд гэрчилж байгаа. Тухайн байгууллага нь эд хөрөнгөө харж хамгаалах үүргээ огт биелүүлээгүй өмч хөрөнгөө эзэнгүй хаясан адилхан 4 хүүхэд уг хэргийг үйлдсэн байхад төлбөрийг ялгавартай тогтоосон зэрэгт гомдолтой байна. Шүүхээс тогтоосон төлбөрийг хуулийн хугацаанд барагдуулах төлбөрийн чадвар манай гэр бүлд үнэхээр байхгүй болно.Иймд дээрх хэргийг дахин эцэслэн үзэж зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Т.Б****, Н***** хоёр нь дарамт үзүүлдэг болохоо хэлсэн.” гэв.
Хариуцагч Г.Т**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...миний хүү 3 цонх хагалсан, ширээний гэрэл эвдсэн, сагсны бөмбөг авсан, шувууны зурагтай туг эвдсэн. Тэгээд Нямдаваатай гэр лүүгээ явсан. Биднийг явснаас хойш байшин шатсан гэж байгаа. Уг байшинг үлдсэн хоёр нь шатаасан. Манай аж амьдрал ядуу, гэр бүлийн хүн болон би өөрөө тэтгэвэрийн олон сарын зээлтэй хувийн өмч гэхээр зүйлгүй болохоор амьдралыг минь ядуу зүдүү байдлыг харгалзан үзээд уг хэргийн талаар хөнгөн шийдэж өгөхийг хүсье” гэв.
Хариуцагч Ч.Б**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний хүү Э****-ын Н**** байшин шатах үед байгаагүй харин эвдлэж сүйтгэсэн зүйлийг нягтлаж тооцоог нь зөв гаргана уу, Миний бие өнчин гурван хүүхэдтэй амьдрал хүнд байдаг. Миний бодлоор ариа ийм их мөнгө гарахгүй байх гэж бодож байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч С.Б****, Ж.Э****, Г.Т****, Ч.Б**** нараас гэм хорын хохирол 13,644,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй этгээд болох Э.Э****, О.Э****,Т.Б****, Э.Н**** нар нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр **** аймгийн **** сумын *** дүгээр багийн нутагт байрлах “*****” ХХК-ны эзэмшлийн амралтын газарт амралтын байшин шатааж, 13,644,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан **** аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-6/, **** ХХК-ний 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Үнэлгээний тайлан” /хх-7-8/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
**** аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан дээрх хэргийг 12 настай Э.Э****, О.Э****, Т.Б****, Э.Н**** нар үйлдсэн боловч насанд хүрээгүй болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээгээр нотлогдож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ /хх-6 дугаар тал /.
Нэхэмжлэгч “*****” ХХК нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасны дагуу насанд хүрээгүй этгээд болох Э.Э****, О.Э****,Т.Б****, Э.Н**** нарын эцэг эх, асран хамгаалагч нараас нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н.Ц**** нь шүүх хуралдаан дээр “...манай компаний амралт нь харуул, манаач ажиллуулдаг. Хэрэг гарсан өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр харуул хамгаалалт манаач байхгүй байсан. манай манаач тодорхой шалтгаантай байсан учир манаачгүй, амралтын газарт хүн байгаагүй. ...хэрэг гарахаас урьд ч манай амралтын газрын байшингийн цонхны шилийг хагалчихдаг байсан...” гэсэн тайлбарыг гаргасан ба энэхүү тайлбараас харахад нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөө хараа хяналтгүй орхисоноос болж насанд хүрээгүй хүүхдүүд дээрх гэм хор учруулах нөхцлийг бүрдүүлсэн, гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар гэм хорын хохирол 13,644,500 төгрөгийн тал хувь болох 6,822,250 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Л**** нь “ ...хүүхдүүдийн уг хэргийг үйлдсэн оролцооноос нь хамаарч хохирлын хэмжээг харилцан адилгүй хариуцах ёстой. Хүүхдүүд болох Э.Н****, Т.Б**** нар нь уг байшинг шатаагаагүй...” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс гэм хорын хохирол төлбөр 6,822,250 төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүү хувааж, хариуцагч нэг бүрээс 1,705,562 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч С.****, Ж.Э****, Ч.Б****, Г.Т**** нараас тус бүр 1,705,562 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Амьдралын аян” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,822,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч “*****” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 124,105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
П.БАТТУЛГА