Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2016/01202

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2016/01202

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б аймаг, .. сум, .. баг, хаягт оршин суух, Б овогт Б.Б /рд:...../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, .. хороо, .. тоот хаягт оршин байгаа, Ш ХХК,

 

Хариуцагч: С дүүрэг, . гудамж, , .. тоот хаягт оршин байгаа, М ХХК нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 29,804,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э , хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч З.Г , иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 8 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Ниссан Патрол маркийн улсын дугаар аваагүй машиныг 29,000,000 төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр 54-33 БНХ улсын дугаар авсан. 2012 оны 9 сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу явах хувийн ажил гарч өөрийн танил А.Д тэргээ бариулж 3 зорчигчийг арын суудалд суулгаж Улаанбаатар хот руу явцгаасан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Сэнжидийн хоолой гэх газарт гэнэт огцом эргэлт бүхий нугачаа таарахад жолооч А.Д жолоогоо дарж эргэлт хийх оролдлого хийсэн боловч машин замын эсрэг урсгал давж цаашаа өндөр эрэг руу унаж онхолдсон. Энэ ослын улмаас А.Л нас барсан. 54-33 БНХ улсын дугаартай миний Ниссан Патрол машин ихээр эвдэрсэн. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж осол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоолгохоор шинжээч томилсон ба 2015 оны 3 сарын 31-ний өдрийн 127 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр Автозамын барилгын ажлыг гүйцэтгэгч Ш ХХК, түүний эрх бүхийн албан тушаалтан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь хэсгийн а-д заасан Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухай хэсгийг хашиж тусгаарлах, түүний тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэснийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Авто замын барилга шинээр барих, засварлахтай холбоотой Ш ХХК-ийн үйлдэл нь Монгол Улсын Автозамын тухай хуулийн 13-р зүйлийн 13.4-т заасан Иргэн, хуулийн этгээд автозам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх зүйн акт, стандарт, техник технологи, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэсэн заалт, үүний зэрэгцээ Барилга, хот байгуулалтын сайдын 2000 оны 199 дүгээр тушаалаар батлагдсан Автозам барих норм ба БНбД 32-02-000-ийн 106-р зүйл, 211-р зүйл, 906-р зүйлийг зөрчсөн үйлдэл нь хөдөлгөөн нээгдсэн замд хөдөлгөөний нөхцөл байдлыг жолоочид анхааруулаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, зорчих хэсгийн гадаргуу бохирдолтой зэрэг байдал нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Ийнхүү Ш ХХК-ийн буруугаас иргэн миний бие эд хөрөнгийн болон сэтгэл санааны их хохирол амсаж хохиролд орсон. Шүүхэд анх М ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан боловч түүнээс татгалзсан байгаа. Одоо Ш ХХК-ийг хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд Ниссан Патрол машины эвдрэлийн хохиролд 29,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалд төлсөн 350,000 төгрөг, өмгөөлөгчийн зочид буудалд байрласан зардал 400,000 төгрөг, Б.Ч Улаанбаатар хотод ирсэн зардал 54,000 төгрөг, нийт 29,804,000 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулж өгнө үү. Машинаас авч ашиглах боломжтой эд анги байхгүй. Мотор, кроп нь бүгд эвдэрсэн, төмрийн хог руу өгсөн. Кузовыг бол засуулах гэж оролдсон боловч засагдахгүй гэсэн байдаг. н.Доржбат нь бол эрүүгийн хэрэгт татагдаад гэм буруугүй болох нь тогтоогдсон, М ХХК-ийн хувьд бол зөвхөн хяналт тавин ажилласан. Замын аюулгүй байдлыг хангах, тэмдэг тавих талаар Ш ХХК-д удаа дараа мэдэгдэл өгч байсан байдаг. Иймд Ш ХХК хохирлыг хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч Ш ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтад Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасны дагуу хурдаа тохируулж явах ёстой байсан. Гэтэл н.Доржбат нь дүрэм зөрчиж, хурд хэтрүүлж явсан нь 2015 оны 3 сарын 09-ний өдрийн 1174 тоот шинжээчийн дүгнэлтэд Х.Х-ийн 4-р хуудас хэрэг, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвчээс ногоон өнгийн бичигчээр тэмдэглэсэн тоормосны гэх мөрний урт 38,5-42,8 метр байгааг огцом тоормослох үеийн тоормосны мөрийг тооцоолж үзвэл хуурай асфальт бетон зам дугуйн барьцалтын коеффицент 0,8, шингэн тоормосны идэвхжилтийн коэффицент К-1,2 гэж үзвэл 80-90 км/цаг хурдтай явж байгаа суудлын автомашины тоормосны мөр 37,8-48,8 м байна гэснээс харагдаж байна. Мөн хурд хэтрүүлж явж байсан, хөдөлгөөний аюулгүй байдал хангах ямар ч арга хэмжээ аваагүй явж байсан, мөн тухайн автомашиныг жолоодох огт туршлагагүй жолооч жолоодож явсан гэдэг нь 2012 оны 10 сарын 01-ний өдрийнБ.Ч г хохирогчоор байцаасан тэмдэглэлд ...Доржбатыг найз нь ийм машин авсан барьж үзэх үү гэсэн чинь Доржбат зөвшөөрөөд барьсан..., хурдтай явсан түүнээс л болсон байх..., ...зөөлөн яваарай гэж хэлсэн чинь за гэж байсан. Тэгээд удалгүй осол гарсан... гэж мэдүүлэг өгсөн байдлаар тогтоогдож байна. Н.Д гэм буруутай үйлдлээс гадна М ХХК-ийн гэм буруугийн асуудал байдаг. Ш ХХК нь уг замын ажлын эхэнд зам засвартай, 30 км цагаас илүү хурдтай явж болохгүй гэсэн анхааруулах самбар тавьсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс Ш ХХК, М ХХК-ийн Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний ажлын даалгавар хэрэгтэй гэж буцаасан байдаг. Гэрээний хавсралт ажлын даалгаврын 4.1.13, 4.1.18-д заасан үүргээ М ХХК биелүүлээгүй. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн М ХХК нь энэ хэрэгт зайлшгүй хохирлын асуудлыг хариуцаж ажиллах ёстой. Машины үнэлгээг 29,000,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Машинаас эд ангийн хэрэглэх боломжтой хэсгийг хасаж тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч М ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн хэрэгслийн жолоочА.Д ын үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан байдаг. Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсаны улмаас зам тээврийн осол гарсан тул М ХХК хариуцах үндэслэлгүй юм. М ХХК-ийн зүгээс замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг Ш ХХК-д 2011-2012 онуудад өгч ажиллаж байсан ба гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчБ.Ч нь М ХХК-ийг хяналт тавиагүй хэмээн хариуцагчаар сонгон нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд М ХХК нь уг хэргийн хариуцагч биш юм.

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчБ.Ч нь анх Ш ХХК болон М ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-иас татгалзаж, гэм хорын хохиролд автомашинд учирсан хохирол 29,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 350,000 төгрөг, өмгөөлөгчийн зочид буудалд байрласан зардал 400,000 төгрөг, Улаанбаатар хотод ирсэн замын зардал 54,000 төгрөг, нийт 29,804,000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагч Ш ХХК нь Автозамын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан учир гэм хорын хохирлыг хариуцах ёстой, тээврийн хэрэгслийг жолоодож явсанА.Д гэм буруугүй болохыг эрх бүхий байгууллага тогтоон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн М ХХК зөвхөн хяналт тавьж ажиллаж байсан тул эдгээрээс гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Ш ХХК нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг хариуцагч нь замын эхэнд, төгсгөлд анхааруулах самбар байрлуулсан байсан, тээврийн хэрэгслийг жолоодож явсанА.Д нь хурд хэтрүүлсэн, өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, М ХХК нь Барилга, хот байгуулалтын яамтай хийсэн гэрээний 4.1.13, 4.1.18-д заасныг биелүүлээгүй учирА.Д , М ХХК гэм хорын хохирлыг хариуцах ёстой гэж тайлбарлан маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр, зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолоочА.Д , замын ажлыг хийж гүйцэтгэж байсан Ш ХХК, замын ажилд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан М ХХК-ийн аль альны гэм буруутай үйлдэл нөлөөлсөн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1-р баг, Бүрд гэх газар 2012 оны 9 сарын 29-ний өдөр Б.Ч өмчлөлийн Ниссан Патрол маркийн 54-33 БНХ улсын дугаартай автомашиныгА.Д жолоодон явж байх үедээ зам тээврийн осол гаргасан, тухайн замын ажлыг Ш ХХК хийж гүйцэтгэж байсан, зөвлөх үйлчилгээг М ХХК үзүүлэн хяналт тавин ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

Зохигч талууд зам тээврийн осол гарсан шалтгаан нь хэний гэм буруутай үйлдлийн улмаас гарсан талаар маргаж байна.

 

а/.Тээврийн хэрэгслийг жолоодон явсанА.Д ын гэм буруу байсан эсэх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн ж/-д жолооч нь замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, 9 дүгээр зүйлийн 9.1-т жолооч хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах, 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авах үүрэгтэй гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн жолооч тухайн замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслээ жолоодох, аюул саад гарсан тохиолдолд самбаачлан аюул саадыг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

 

Аливаа зам тээврийн осол гарахад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн үйлдэл, эс үйлдэхүй ямар нэгэн хэмжээгээр зайлшгүй шалтгаант холбоотой байдаг.

 

б/.Замын ажлыг хийж гүйцэтгэж байсан Ш ХХК-ийн гэм буруу байсан эсэх,

Хэрэгт авагдсан 2015 оны 3 сарын 31-ний өдрийн 127 тоот Шинжээчийн дүгнэлт-ээр хариуцагч Ш ХХК-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь хэсгийн а-д заасан Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. /хх-20х/

 

Шүүх уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Авто замын газар, М ХХК, Ш ХХК нарын баталсан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажил ЭТЗ-2011-01/01-Барилга объектын нэр гэх баримтын Бусад ажил мөрөнд 2,898 метр хамгаалалтын төмөр хашилт угсрах, 56 ширхэг замын тэмдэг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан байна. /хх-128х/

 

Зөвлөх М ХХК-ийн зүгээс 58.3 км авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн ч замын тоноглолын ажлууд дуусаагүй, зарим ажлууд хийгдээгүй байгаагаас шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж осол аваар гарах магадлалтай тул шаардлагатай хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэгээ хийх талаар удаа дараа Ш ХХК-д анхааруулж байжээ. /хх-45-52х/

 

А.Доржбатыг яллагдагчаар байцаасан тэмдэглэлд Тэгтэл замын баруун гар тийш зам эргэсэн байсан тэгээд жолооны хүрдээ дараад эргэсэн... гэсэн тайлбар, Шинжээчийг байцаасан тэмдэглэлд ...огцом эргэлтэн дээр дараад багтаж чадалгүй онхолдсон үйлдэл харагдаж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? гэсэн мөрдөн байцаагчийн асуулт зэргээс үзэхэд зам тээврийн осол замын огцом эргэлтэн дээр болсон байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Авто замын ажлын эхэнд, дунд анхааруулах тэмдэг тавьсан нь хангалтгүй бөгөөд дээр дурдсан бусад ажлын хүрээнд хариуцагч Ш ХХК нь замын тэмдэг тэмдэглэгээг /хурд, огцом эргэлт, өгсүүр г.м/ холбогдох газарт байрлуулах байжээ.

 

Хэрэгт авагдсан фото зургийн хуулбараас анхааруулах самбар, огцом эргэлт гэсэн замын тэмдэг тэмдэглэгээг зам тээврийн осол болохоос өмнө, эсхүл хойно байрлуулсан /хх-137-141х/ болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэрч Б.Дэлгэрсайхан нь шүүх хуралдаанд Огцом эргэлтийн болон эргэлт гэсэн тэмдэглэл байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй. /хх-153х/

в/.Хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байсан М ХХК-ийн гэм буруу байсан эсэх,

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто замын газар, М ХХК нарын хооронд 2011 оны 3 сарын 24-ний өдөр байгуулагдсан Арвайхээр, Баянхонгор чиглэлийн 107 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан гэрээ, түүний хавсралтаас үзэхэд зөвлөх нь ажлын явцыг бүрэн хянах, гүйцэтгэгчтэй уулзалт хийх, уулзалтаар ажлын явц, гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх, ажил дууссаны дараа зам хүлээж авахад захиалагчид туслах, гүйцэтгэгчийн гаргасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түр зам барих төлөвлөгөөг хянаж, батлах, замын тэмдэг болон бусад тоноглолыг суулгахаас өмнө урьдчилан хянаж батлах, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчийн ажлыг зогсоох зэрэг замын ажилд оролцох өргөн эрх, үүрэгтэй этгээд болох нь тогтоогдож байна.

 

Гэтэл М ХХК нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох замын тэмдэг тэмдэглэгээг хийх талаар албан бичиг явуулах, шаардлага хүргүүлэхээс өөр зүйл хийсэн талаар баримт иргэний хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, М ХХК-ийн өөрийн явуулж байсан албан бичигт замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн талаар дурдсан байх ба ийнхүү замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн бус, шороо овоолсон байхад замын хөдөлгөөнийг нээсэнд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг бүхий этгээдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байна гэж дүгнэв.

 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгчБ.Ч нь хариуцагч М ХХК-ийг татгалзсан байх тул М ХХК-иас хохирол гаргуулах үндэслэлгүй юм.

 

г/. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 29-ний өдрийн 849 дүгээр магадлалд Уг эвдрэл, хохирлын үнэлгээгээр автомашиныг бүхэлд нь үнэлсэн байх бөгөөд авто ослын дараагаар автомашины үнэлэгдэж болох эд ангийг хасч тооцон, автомашинд бодитойгоор учирсан хохирлыг тогтоох нь зүйтэй байна хэмээн дурджээ.

 

Нэхэмжлэгч тал нь мотор, кроп нь бүгд эвдэрсэн, төмрийн хог руу өгсөн. Кузовыг бол засуулах гэж оролдсон боловч засагдахгүй гэсэн байдаг гэж тайлбарладаг.

 

Бэст эстимэйт ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээнд мотор, кроп гэх мэт авто машины үнэ бүхий эд ангийг оруулахгүйгээр авто машины солигдох шаардлагатай 23 нэр төрлийн сэлбэг, хэрэгслийн үнийг тодорхойлсон байдаг.

 

Шаардлагатай сэлбэг, хэрэгслийн үнэ, ажлын хөлсийг тооцон гаргахад 34,970,000 төгрөг буюу тухайн автомашины зах зээлийн үнээс өндөр гарч байгаа тул зах зээлийн үнэ болох 29,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй талаар дүгнэлтэд дурдсан байдаг.

 

Шүүхээс бодит хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж болох боловч 2012 оны 9 сарын 29-ний өдөр зам тээврийн осол гарсан өдрөөс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн, тухайн машины зарим эд ангиудыг төмрийг хогонд өгчихсөн, зарим эд ангиуд нь хаана байгаа нь тодорхойгүй, үлдсэн эд анги нь гадаа ил байгаа тул зэвэрч элэгдсэн гэх зэрэг нөхцөл байдлын улмаас шинжээчийн дүгнэлт бодитой гарах боломжгүй гэж үзэж шинжээч томилоогүй болно.

 

Иймд авто машинд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо шинжээчийн дээр дурдсан дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

 

д/. Иймд жолоочА.Д , хариуцагч Ш ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч М ХХК нар тухайн зам тээврийн осол гарахад аль аль нь гэм буруутай байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо... гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасны дагуу хохирлыг хуваан хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Авто машинд учирсан хохирол 29,000,000 + шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 350,000 = 29,350,000 төгрөг : 3 = 9,783,332 төгрөг.

 

Нэхэмжлэгч нь жолоочА.Д ыг хариуцагчаар татаагүй, хариуцагч М ХХК-иас татгалзсан тул 9,783,332 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчБ.Ч д олгох нь зүйтэй.

 

Зочид буудлын төлбөр, хот хоорондын замын зардал 454,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд гэм хорын хохиролтой шалтгаанд холбоогүй гэж байна гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 106 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас гэм хорын хохиролд 9,783,332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчБ.Ч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,020,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 171,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчБ.Ч д буцаан олгосугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Б.УУГАНБАЯР