Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01192

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01192

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д аймаг, сумхаягт оршин суух, Ч овогт Л.Н /рд:ЕЮ84010518/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, хороо, өөрийн байранд оршин байгаа, К ХХК /рд:..../-д

 

К ны үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны Ажлаас чөлөөлөх тухай 512 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие К ны зүгээс санал тавьсны дагуу 2013 оны 5 сараас эхлэн К ны Сайншанд тооцооны кассын эрхлэгчээр томилогдон ажиллах болсон. К инд ажиллаж байх хугацаанд банкны дүрэм, журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Ажилтан Л.Н миний бие К инд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан. Гэтэл ажилтан Л.Н намайг К ны үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хууль бус үндэслэлээр ажлаас халлаа. Миний бие К ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Сайншанд салбарт нийт 7 хүн ажиллаж байсан. Ашиггүй ажилласан нь 7 хүний ажлын үр дүн байтал ганц Л.Н г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 2015 оны 8 сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Мэдэгдлийн хэзээ, хэдний өдөр өгсөн нь тодорхойгүй байгаа. Мэдэгдэх хуудас хугацаандаа очсон эсэхэд эргэлзэж байна. Ажлаас чөлөөлөх тушаал 2015 оны 9 сарын 25-ны өдөр гарсан байдаг. Энэ нь хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх тухай хуулийн шаардлагыг биелүүлэхгүй байна. Мөн үндэслэл нь тушаалаас тодорхой харагддаггүй. Иймд К ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24,386,160 төгрөгийг гаргуулах /87,720 х 278 хоног/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч К ХХК-д даалгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Н нь Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг тохиролцсон байгаа. Тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулна гэж ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан байгаа. Л.Н нь 2013 оны 5 сард ажилд орсон. 2013 оны 12 сарын байдлаар 71,0 сая төгрөг, 2014 оны 12 сарын байдлаар 46,0 сая төгрөгийн алдагдал, 2015 оны 7 сарын байдлаар 81,0 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Нийт 165,000,00 төгрөгийн орлого, 227,000,000 төгрөгийн зардал гаргасан байдаг. 7 төгрөг олоход 10 төгрөгийн зардал гаргаж байсан гэсэн тооцоо бий. Ажлаас халсан үндэслэл тодорхойгүй гэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн болох нь тушаалаас харагдаж байгаа. Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр халсан. Чөлөөлөхөөс өмнө 2015 оны 8 сарын 27-ны өдөр мэдэгдсэн байдаг. 2015 оны 9 сарын 25-ны өдөр тушаал нь гарсан. Уг тушаалд 2015 оны 9 сарын 28-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар заасан байдаг. 9 сарын 27-ны өдөр хүртэл Л.Н ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. 9 сарын 27-ны өдөр ажлаа хүлээлцсэн байдаг. Иймд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоос өмнө 1 сарын өмнө ажилтанд мэдэгдсэн, хууль зөрчөөгүй гэж бид үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н нь К ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24,386,160 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч К ХХК нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ашиггүй ажилласан нь тус салбарт ажилладаг нийт 7 ажилтаны ажлын үр дүн байтал ганц Л.Н г чөлөөлсөн нь үндэслэлгүй, 2015 оны 8 сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байгаа нь нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагад нийцэхгүй, мөн мэдэгдлийг хэзээ, хэдний өдөр өгсөн нь тодорхойгүй, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл тодорхойгүй гэж тайлбарладаг.

 

Шүүх дараах үндэслэлээр Л.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

а/. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 5 сарын 20-ны өдрийн 346 тоот тушаалаар Л.Н г Сайншанд тооцооны кассын эрхлэгчээр томилсон байна. /хх-27х/

 

Улмаар, К ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот тушаалаар Л.Н г Сайншанд тооцооны кассын эрхлэгчийн ажилаас чөлөөлжээ. /хх-3х/

 

Ажлаас чөлөөлөх тухай тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасныг тус тус үндэслэсэн байдаг. /хх-3х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг.

 

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 512 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг удирдлага болгосон байх тул ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, ...-ын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон хэмээн заасан байх ба тушаалд уг 40.1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь дээр дурдсан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлжээ гэж ойлгогдож байна.

 

К ны гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм-ийн 3.1.3-т мэргэжлийн комисс нь Банкны газар, хэлтэс, салбар, нэгжийн сар, улирал, улирал, жилийн эцсийн тайланг дүгнэсэн Иргэдийн банкны газрын дүгнэлт, Дотоод хяналтын газрын дүгнэлт зэргийг үндэслэн тухайн газар, хэлтэс, салбар, нэгжийн Удирдлагыг албан тушаалд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байхаар, 5.3.3-т Банкны салбар, нэгж нь хагас жилийн байдлаар алдагдалтай ажилласан нөхцөлд тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийн хувиас үл хамааран тухайн захирал/эрхлэгчийг албан тушаалд тавигдаж буй мэдлэг, ур чадварын түвшинг хангахгүй буюу тэнцэхгүй гэж үзэхээр тус тус заажээ.

 

Сайншанд тооцооны төв нь 2013 оны 6 сард байгуулагдаж, 2013 онд 71,1 сая төгрөг, 2014 онд 46,9 сая төгрөг, 2015 оны 7 сар хүртэлх хугацаанд 81,4 сая төгрөг, нийт 199,4 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн багцийн төлөвлөгөөг 72,4 хувиар, эх үүсвэрийн төлөвлөгөөг 27,6 хувиар биелүүлж, 62,2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан болох талаар мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2015 оны 8 сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэгдсэн байх ба нэхэмжлэгч ашиг, алдагдлын дүнгийн талаар маргадаггүй. /хх-56-59х/

 

Хэрэгт авагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2015 оны 8 сарын 27-ны өдрийн 15/01 тоот дүгнэлт /хх-55х/, 2015 оны 8 сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-56-57х/, Иргэдийн банкны газраас өгөх дүгнэлт /хх-58-59х/, Дотоод аудитын газрын 2015 оны 8 сарын 27-ны өдрийн А15/10 тоот дүгнэлт /хх-60-61х/, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 сарын 14-ний өдрийн Банкны 2015 оны төсөв батлах тухай 20 тоот тогтоол /хх-62-64х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Сайншанд тооцооны кассын эрхлэгч Л.Н нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан, тооцооны касс алдагдалтай ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд К ны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах дүрэм-ийн 5.3.3-т заасны дагуу Л.Н г тухайн тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалд тавигдаж буй мэдлэг, ур чадварын түвшинг хангахгүй буюу тэнцэхгүй гэж үзэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

в/. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

 

Шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 10 сарын 20-ны өдөр К ХХК-ийн төв байранд очин үзлэг хийж, хэргийн 103, 104, 105 дугаар хуудаст авагдсан бичгийн нотлох баримтыг цахим шуудантай тулган бэхжүүлж авсан болно.

 

2015 оны 8 сарын 27-ны өдөр ажил олгогчийн зүгээс Л.Н д хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан 2015 оны 8 сарын 27-ны өдрийн 2980 тоот Мэдэгдэл-ийг цахим шуудангаар явуулсан байх ба 2015 оны 8 сарын 28-ны өдөр Л.Н гийн [email protected] хаягаас Сайн байна уу. Дээрх гарсан дүгнэлттэй санал нэгдэхгүй байгаа тул мэдэгдэл дээр гарын үсэг зурахгүй гэсэн хариу ирүүлсэн үйл баримт тогтоогддог. /хх-54х, 103х, 104х, 105х/

 

Иймд нэхэмжлэгч Л.Н уг мэдэгдлийн талаар 2015 оны 8 сарын 28-ны өдөр гэхэд баттай мэдэж байсан, цахим шуудангаар явуулсан мэдэгдлийг хүлээн авсан байна гэж үзэх үндэслэлтэй.

 

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот тушаалын 1 дэх заалтад ...Л.Н г 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх.. , 2 дахь заалтад ...ажил хүлээлцэх комиссыг ... томилж, 2015 оны 9 сарын 29-ний өдрийн дотор ажил бүрэн хүлээлцүүлэх... талаар тодорхой дурдсан байдаг.

 

Улмаар, ажил хүлээлцэх комисс нь 2015 оны 9 сарын 28-ны өдрөөс 9 сарын 30-ны өдөр Сайншандад ажиллаж, ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан томилолтоор ажилласан тухай тусгай тэмдэглэлүүд, холбогдох томилолтын зардал баталсан баримт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд Л.Н тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогч нь 2015 оны 9 сарын 28-ны өдөр дуусгавар болгосон байх ба ийнхүү хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу цуцлах болсон тухайгаа нэхэмжлэгчид 2015 оны 8 сарын 27-ны өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан хугацаанд мэдэгдээгүй, хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна.

 

г/. К ны салбарын эрхлэгч-ийн ажил үүргийн хуваариас үзэхэд салбарын эрхлэгч нь салбарын ажилтнуудыг харьяалан удирдах, тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах явуулах, банкийг төлөөлж зээл, барьцааны болон бусад гэрээ хэлцэл хийх, банкны бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, зээлийн барьцаа хөрөнгийг банкны нэрийн өмнөөс үзэх, үнэлэх, хамтран шийдвэр гаргах, санал өгөх эрхтэй оролцох, зээлийн үйл ажиллагааны журмын дагуу олгох төлөлтөд хяналт тавих, эрсдлийг анхаарч ажиллах үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, салбарын эрхлэгч нь тухайн салбарын өдөр тутмын үйл ажиллагаа болон салбарын ажилчдийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий, салбарын ашиг, алдагдлыг банкны өмнө хариуцан ажиллах удирдах албан тушаалтан болох нь харагдаж байна.

 

Иймд салбар ашиггүй ажиллахад 7 хүний ажлын үр дүн нөлөөлсөн байхад ганц Л.Н г ажлаас чөлөөлсөн нь буруу гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаал нь Ц.Ариунтуяагийн шүүхэд хандах үндэслэл болсон учир түүнийг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзэв.

 

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 9 сарын 25-ны өдрийн 512 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд, энэхүү тушаал нь Л.Н гийн шүүхэд хандах болсон үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, улмаар шийдвэрлэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.       Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийг 40.1.2, 40.5-д заасныг баримтлан хариуцагч К ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24,386,160 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай Л.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР