Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2023/0018

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Э” ХХК, захирал Б.А

            Хариуцагч: ОА-ийн ЖСЗД Б.З

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОА-ийн ЖСЗДТГ-ын мэргэжилтэн А.О, ГД Х.Ч

            Гуравдагч этгээд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн М.Ж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Х.О нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А нь ОА-ийн ЖСЗД Б.З-т холбогдуулан “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь ОА-ийн ЖСЗ-ын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/142 дугаар захирамжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр сумын Газрын даамалтай “Газар эзэмшүүлэх гэрээ" байгуулж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн 000317922 дугаартай гэрчилгээгээр Орхон аймаг, Жаргалант сум, хуучин фермийн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшсэн.

3. Нэхэмжлэгч Б.А нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр М.Ж-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, маргаан бүхий Орхон аймаг, Жаргалант сум, хуучин фермийн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг М.Ж-д шилжүүлсэн.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарсныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр e.gazar бүртгэлийн системд газар эзэмших эрхээ бүртгүүлэхдээ Баян-Өндөр сумын нэг цонхны үйлчилгээний ажилтнаас мэдсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЖСЗД-д хандан гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ОА-ийн ЖСЗД Б.З-т холбогдуулан “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх”-ээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд: Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт нь “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол илт хууль бус болох тухай заасан байгаа. Тэгвэл ЖСЗДарга нь газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамж гаргасан нь манай компаний газар эзэмших эрхэд илтэд хууль бусаар халдаж компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн Газрын тухай хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр e.gazar бүртгэлийн системд газар эзэмших эрхээ бүртгүүлэхдээ Баян-Өндөр сумын нэг цонхны үйлчилгээний ажилтнаас газрын эрхээ шилжсэн талаар мэдсэн. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр М.Ж-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, маргаан бүхий Орхон аймаг, Жаргалант сум, хуучин фермийн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг М.Ж-д шилжүүлэхдээ надад мэдэгдэлгүйгээр тухайн газрыг шилжүүлсэн байсан. М.Ж-ны хийсэн гэрээ нь зээлийн гэрээ байсан гэдэг боловч барьцаалан зээлдэх гэрээ байсан. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчингүй болгосон. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЖСЗД-д хандан гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ОА-ийн ЖСЗД Б.З-т холбогдуулан “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Газрын эрх шилжүүлэх гэрээг өөр хүн рүү шилжүүлэх талаар бид нарт огт мэдэгдээгүй. Бид нараас хүсэлт юм уу ямар нэгэн зүйл тодруулж асуулгүй гэрээг шилжүүлсэн байсан. Гэрээний дагуу газар эзэмших эрхийн гэрээг шилжүүлж өгнө үү гэсэн зөвшөөрлийн бичиг өгөөгүй байхад шууд шилжүүлж болохгүй. Утсаар хэлж болох байсан, ийм үйл баримт байхгүй тул илт бус захиргааны акт болсон гэж шүүхэд хандсан. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон” гэв.

7. Хариуцагч ОА-ийн ЖСЗД Б.З хариу тайлбартаа: “Э” ХХК-ийн захирал Б.А нь өөрийн хүсэлтээр иргэн М.Ж-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 000317922 тоот гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иймд дээрх гэрээг үндэслэн сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжаар М.Ж-д олгосон байна.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК-ийн захирал Б.А нь өөрийн хүсэлтээр иргэн М.Ж-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 000317922 тоот гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн байсан. Иймд дээрх гэрээ болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэсэн эдгээр үндэслэлүүдээр сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжаар М.Ж-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ж нь Б.А-тай байгуулсан гэрээний дагуу Засаг даргын захирамж гарсан. Тэгэхээр газрын байршил өөрчлөгдөх ямар ч боломжгүй. 2018 онд Төрийн аудит Орхон аймгийн ЖСЗД-ын Тамгын газарт шалгалт хийж “Э” ХХК нь дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг үндэслэлээр газрын эрхийг цуцалсан. Энэ талаараа Төрийн аудитын газар өөрөө мэдэгдэх үүрэгтэй болохоос газрын даамал мэдэгдэх үүрэгтэй гэсэн зохицуулалт байхгүй” гэв.

10. Гуравдагч этгээд М.Ж хариу тайлбартаа: “Иргэн Б.А нь 2021.05.01-ний өдөр 65000000 төгрөгийг зээл нэрээр барилгын ажил гүйцэтгэнэ гэж авсан тухай Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.16-ны өдрийн 142/ШШ2018/01124 тоот шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Тухайн 65000000 төгрөгийг өгөхгүй бол “Э” ХХК-ийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцон, хэд хэдэн газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан байсан ба уг гэрээтэй холбоотой маргаан дууссан тул гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхээр газрын албанд хандсаны дагуу 3196 мкв газарт ОА-ийн ЖСЗД-ын 2019.04.10-ны А/56 тоот захирамжаар газар эзэмших эрх шилжин ирсэн болно. Тухайн газрын одоогийн зах зээлийн үнэ 5000000 төгрөг болно. Харин үнэтэй газар болох Орхон аймгийн Жаргалант сумын багт байрлах 7200 мкв талбайтай нэгж талбарын дугаар 130202042 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газраа надад өгсөн атлаа өөр хүн рүү шилжүүлэх гэрээ давхар хийгээд өгснийг олж мэдсэн. Шүүхэд хэрэг хэлэлцэж байх үед уг газрыг битүүмжилсэн байсан. Гэтэл бусдад шилжүүлсэн. Ийм байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх гэтэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх хариу удаа дараа авсан билээ. Учруулсан хохирлоо огт төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Төлөх талаар огт санаачлага гаргадаггүй, санаатайгаар шүүхийн шийдвэрээс удаа дараа зайлсхийж, янз бүрийн асуудал үүсгэж шүүхэд байнга хандаж төлөх хугацааг хойшлуулсаар 6 жил болж байна. 2017.05.01-ний өдрийн “Э” ХХК болон М.Ж нарын хооронд байгуулсан 3196 мкв газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.А нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр М.Жтай хийсэн газрын Э шилжүүлэх гэрээ байгаа. Уг гэрээний талаар иргэний хэргийн шүүхээр огт хэлэлцэгдээгүй өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ гэрээг хууль бус гэрээ болох талаар талуудын хэн аль маргаагүй, хөөн хэлцэх хугацаа дууссан байгаа. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 тоот захирамжаар газар эзэмших Э шилжин ирсэн. Нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ захиргааны актыг илт хууль бус болохыг 2022 онд цахим бүртгэлээс мэдсэн гэж байна, тодорхой хугацаа хэлсэнгүй хэрвээ цахим системд шилжүүлэхэд мэдсэн бол 2020 онд цахим системд шилжиж эхэлсэн. Энэ талаар хэзээ мэдсэн талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Захиргааны акт нь илт хууль бус акт болохыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд ханддаг. Гэтэл энэ хугацаандаа нэхэмжлэгч шүүхэд хандаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлийн аль үндэслэлийг барьж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо ямар алдаа дутагдал гаргасан, ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн буюу илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлоод байгаа үндэслэл юу юм бэ гэдэг зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаад байгаа. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хүчингүй болгосон учир эрх шилжих гэрээ хүчингүй болох ёстой гэсэн тайлбарыг гаргаж байна. Гэвч газрын энэ маргаан нь иргэний хэргийн шүүхээр огт хэлэлцэгдээгүй. Иргэний хэргийн шүүхээр зээлийн гэрээ юу ажил гүйцэтгэх гэрээ юу гэдэг талаар хэлэлцэгдээд энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байна үүний дагуу  65.000.000 төгрөгийг М.Ж-д төлөх үүрэгтэй байна гэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01124 тоот шүүхийн шийдвэр гарсан. Тухайн 65.000.000 төгрөгийг өгөхгүй бол “Э” ХХК-ийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцон, хэд хэдэн газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан байсан ба уг гэрээтэй холбоотой маргаан дууссан тул гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхээр газрын албанд хандсаны дагуу 3196 мкв газарт ОА-ийн ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны А/56 тоот захирамжаар газар эзэмших эрх шилжин ирсэн. Иргэний хэргийн нэхэмжлэл дотор газрын эрх шилжих гэрээний талаар огт дурдагдаагүй. Энэ гэрээг хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэх боломжгүй нөхцөл байдал дээр илт хууль бус захиргааны акт гаргасан байна гэх боломжгүй гэж үзэж байна. Засаг дарга нь эрх шилжих гэрээний дагуу шилжүүлсэн. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж нотлогдсон ямар ч эрх зүйн акт байхгүй учир нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч өөрөө сайн дурын үндсэн дээр эрх шилжүүлэх гэрээг М.Ж-тай хийсэн. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргасан зүйл байхгүй, энэ гэрээ нь 2017 онд хийгдсэн учир одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир шүүх хүлээж авахгүй ийм хэмжээнд хүрсэн явж байгаа. Энэ гэрээг барьцаалбарын гэрээтэй холбоотой гэж үндэслэлээ тодорхойлж байгаа бол 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс хойш энэ гэрээний талаар маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Энэ талаар хаана ч хандаагүй 4 жилийн хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч цахим системээс мэдсэн гэж байна, ковид гарснаас хойш буюу 2021 оноос цахим системд бүрэн шилжсэн. Тэгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа болон 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Э” ХХК болон М.Ж нарын хооронд байгуулсан 3196 мкв газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн эдгээр үндэслэлүүд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан үндэслэл буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад газрын эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Шилжүүлэх үндэслэл нь газар эзэмших гэрээ өөрөө байгаа. Энэ гэрээг байгуулсан гэдгээ нэхэмжлэгч тал болон гуравдагч этгээд талууд хүлээн зөвшөөрдөг. Энэ гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэрээ хэвээр байгаа. Тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр болон эрх зүйн акт байхгүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас ОА-ийн ЖСЗД-д холбогдуулан “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 119/ШЗ32023/0121 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд ийнхүү захиргааны хэрэг үүсгэхдээ “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч “Э” ХХК-ийн газар эзэмших эрх шууд сэргэх эсэх үр дагавар үүсэх учраас ““Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан захиргааны хэрэг үүсгээгүй болно.

3. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1. ОА-ийн ЖСЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/142 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Э” ХХК-д Жаргалант сумын нутаг дэвсгэр хуучин фермийн урд талд 3196 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг газарт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000317922 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /Хавтас хэргийн 29-36 дахь тал/

3.2. ОА-ийн ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаартай захирамжийн хавсралтын 8 дахь заалтаар “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрыг М.Ж-д шилжүүлж, улмаар М-д 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 00005548 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогдсон. /Хавтаст хэргийн 39-40 дэх тал/

3.3. Нэхэмжлэгчээс “Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ “Э” ХХК-д мэдэгдээгүй, бичгийн хүсэлт аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж;

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ““Э” ХХК нь М.Ж-д газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн” гэж;

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрыг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж тус тус мэтгэлцэж маргав.

3.4. Газар эзэмшигч “Э” ХХК нь М.Ж-д үйлдвэрлэлийн зориулалт бүхий 3196 м.кв газрыг шилжүүлэхээр 2017 оны  05 дугаар сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан гэдгээ нэхэмжлэгч компанийн захирал Б.А нь зөвшөөрдөг, уг гэрээ ЖСЗД-ын 2019 он 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаартай захирамжийг гаргах үед хүчин төгөлдөр байсан ба уг гэрээг хүчингүй болгосон, илт хууль бусад тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Иймд уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “Э” ХХК нь газар эзэмших эрхээ шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэслэлтэй. /Хавтаст хэргийн 27-31 дэх тал/

3.5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр  эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /газар эзэмших эрх/ шилжүүлэх ажиллагаа нь газар эзэмшигчийн эрх, хүсэл зоригоор тодорхойлогдоно.

3.6. Иймд газар эзэмших эрх бүхий этгээд болох “Э” ХХК нь Газрын тухай хуульд заасан дээрх эрхийн хүрээнд эзэмших эрх бүхий газраа бусдад шилжүүлэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 /нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ/-д заасан гэрээг байгуулсан хүсэл зориг хүчин төгөлдөр байхад ЖСЗДарга уг гэрээг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

3.7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж зааснаар сумын Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахдаа “Э” ХХК-иас бичгээр хүсэлт гаргуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг татан оролцуулах, түүнд мэдэгдэх ажиллагааг хийгээгүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.8. Тодруулбал,  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-т заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, нотариатаар гэрчлүүлсэн гэрээнээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн өгч байгаа талын бичгээр гаргасан хүсэлтийг аваагүй шийдвэр гаргасан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа боловч энэ үндэслэлээр ОА-ийн ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаартай захирамжийн хавсралтын 8 дахь заалт буюу “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

3.9. Учир нь захиргааны байгууллагын дээрх алдаа нь захиргааны актыг илт хууль бусад тооцох ноцтой алдаа биш, эрх зүйт төрийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн алдаанд хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлд захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлүүд хамаарна.

3.10. ОА-ийн ЖСЗД-ын 2019 он 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “Газар эзэмших эрх шилжүүлэх” хуулийн заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэхүү хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн алдаатай байна. Энэхүү хууль хэрэглээний алдаа нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм.

3.11. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэрээг “Э” ХХК нь байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байхад ОА-ийн ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаартай захирамжаар “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрыг М.Ж-д шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан онцгой ашиг сонирхол үүсээгүй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОА-ийн ЖСЗД-д холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх ЖСЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ