Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/947

 

 

 

 

 

 

      2021          11            04                                          2021/ДШМ/947                                                      

Д.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/958 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Г-д холбогдох 2006045160184 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн Д-ын Г-, Улаанбаатар хотод 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00б байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Я-ийг 2020 оны 05 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 82б байрны 41 тоот гэртээ, 2020 оны 05 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Өгөөмөр” худалдааны төв дэх ажлын байран дээр нь хэл амаар доромжлон хоолойг нь боох, нүүрэнд нь цохих, татаж унаган хөл, салтаа хэсэг рүү нь өшиглөх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ас 50,000 төгрөг гаргуулан хохирогч О.Я-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Д.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарах хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гарсан бүх хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийг хэрэгсэхгүй болгох бүх үндэслэл бүрдсэн байхад прокурор хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шүүхэд шилжүүлсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай, гарсан шинжээчийн дүгнэлттэй өмгөөлөгчид мэдэгдэж танилцуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийг прокурорт шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй, прокурор нь энэ талаар хяналт тавиагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үүргээ зөрчсөн, өмгөөлөгчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан. Нэгэнт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.  Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байж болох ч гарсан хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект нь хуулийг хэрэгжүүлэхгүй буюу хуульд заасан зохих ёсны шаардлага нь хангагдсан, ойлгомжтой бөгөөд тодорхой байхад Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэхгүй өдий хүртэл цагдан хоригдож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ихээр дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хүний эрх зөрчигдөж байна.

Шүүх “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө шүүхэд болон шүүх хуралдаанд бодитоор илэрхийлээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй ...” гэсэн илт ойлгомжгүй дүгнэлт хийж ял оногдуулсан. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Г-ас энэ гэмт хэргийг үйлдэх үедээ эвдэлсэн хаалганы засварын төлбөр 50,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ягаанцэцэгт олгох нь зүйтэй” гэжээ. Тус хэргийг өмнө нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцээд прокурорт буцаасан байдаг. Хохирогч Я шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г- нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хаалга цохиж гэмтээсэн гэх гомдол гаргасан. Уг гомдолд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар буцаасны дагуу эд зүйлийн үнэлгээ хийлгэж тухайн хаалганд учирсан гэмтэл 50,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон буюу гэмт хэргийн шинжийг хангаагүй байдаг. Д.Гын хаалгыг эвдэлсэн эсэх асуудалд холбогдуулж ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй бөгөөд яллагдагчаар татаагүй. Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн гэмт хэрэгтэй цаг хугацааны болон үйлдлийн хувьд хамааралгүй байсан. Гэсэн хэдий ч Д.Г- хохирлыг төлөхөө удаа дараа буюу 3-4 удаа бичгээр илэрхийлж цагдан хорих ангиас явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн шүүхэд бичгээр явуулсан гэх боловч хэрэгт авагдаагүй. “Илэрхийлнэ” гэдэг нь өөрийн хүсэл зоригоо үгээр болон үйлдлээр бусдад тайлбарлан ойлгуулахыг хэлнэ. Д.Г-ын хувьд хөдөлмөр эрхэлж орлого олдог, цагдан хоригдож байсан тул орлогогүйн улмаас 50,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан. Туслах хүн байгаагүй. Ажил хийж орлого олж байж төлбөрийг төлөх нөхцөл боломж бүрдэнэ.

“Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх ойлголтыг “бодитой илэрхийлэх” буюу хөрөнгийн баталгаа гаргахыг хэлнэ гэж гуйвуулж тайлбарлавал бодитоор батлан харуулах, үнэлүүлэх эд хөрөнгөгүй, орлогогүй, хөрөнгийн баталгаагүй хүнд тус хууль зүйн зохицуулалт үйлчлэх боломжгүй болох юм. Энэ нь цаад утгаараа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” тэгш эрхийн зарчмыг зөрчиж, зөвхөн эд хөрөнгөтэй буюу хөрөнгийн баталгаа гаргасан хүнд л хэрэглэгдэж, хүний хөрөнгө чинээний байдлаас хамааралтай ялгавартайгаар үйлчлэх агуулгатай болно. Хэн нэгэн хүн эд хөрөнгөгүй байдлаасаа болж хуулийн өмнө ялгаварлагдах учиргүй бөгөөд дээрх илэрхийлэх тухай хууль зүйн ойлголт нь хүн эд хөрөнгөгүй байж болох ч ирээдүйд эд хөрөнгө, орлогыг бий болгож болох тул одоогоор төлбөр төлөх чадваргүй байгаа хүнд боломж олгосон зохицуулалт гэж ойлгож байна.

2. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзаж үзээгүй, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хугацаагаар ял шийтгэсэн. Хавтаст хэргийн 28, 42-43 хуудаст Д.Гын мэдүүлэг, 58-р талд гэрч Г.Энх-Амгалангийн мэдүүлэгт шүүгдэгч, хохирогчийн зан байдал, хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн талаарх байдлыг мэдүүлсэн байдаг. Тухайн хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын санхүү, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй. Хохирогч үг, үйлдлээрээ шүүгдэгчийг тэсвэрлэх аргагүй байдалд оруулдаг, элдэв үгээр хэлж гутаан доромжилдог байдал байнга гаргадаг талаар шүүгдэгч мэдүүлдэг бөгөөд энэ нь эргээд шүүгдэгчид сэтгэл зүйн хувьд хүнд тусч, хүч хэрэглэх байдалд оруулдаг, хэрэг үйлдэгдэх шалтгаан, өдөөгч хүчин зүйл болж болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан нөхцөл байдал харагддаг. Хараалын үгээр доромжлох нь хүнийг сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулдаг, сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Хохирогч, шүүгдэгчийг гэртээ орох гэхэд нь оруулахгүй, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байгаа үйлдэл ч хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон. Д.Г- гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч өөрийн 100 хувийн буруу гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа илэрхийлж, хохирогчоос уучлалт гуйж гэмшиж байсан юм.

3. Д.Гыг 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үндэслэлээр байнга гэсэн шинжийг бүрдүүлсэн боловч 2 удаагийн үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шүүхийн шийтгэврээр баривчлах шийтгэл оногдуулж эцэслэн шийдвэрлэгдсэн. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж тунхагласан байдаг. Шийтгэл хүлээсэн гэм буруутай үйлдэлд дахин гэм буруутайд тооцон шийтгэж, ял шийтгэл, гэм бурууг давхардуулан хүлээлгэж дахин шүүж байгаа нь тус пактыг зөрчсөн, шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд хүнлэг энэрэнгүй бус байдлын илрэл юм. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д зааснаар Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. Пактын тунхаглалын дагуу шүүгдэгчийн эцэслэн шийтгэгдсэн хэргийг дахин сэргээж гэм буруутайд тооцох үндэслэлгүй бөгөөд эцэслэн шийдвэрлээгүй үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэмт хэргийн “байнга” гэх шинжийг хангахгүй юм. Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргаагүй боловч өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, зайлшгүй илэрхийлэх шаардлагатай асуудал гэж үзсэн. Иймд дээр дурдсаны дагуу гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэмт хэргийн шинж бүрдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна.

Хэрэв шүүх гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хэрэгт шалгагдах явцад нийт 3 удаа гэм буруугаа хүлээж, гарсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт бичсэн нь хэрэгт байгаа. Би үйлдсэн хэрэгтээ маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч хохирогчоосоо уучлалт гуйж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Миний Хаан банкны дансанд 375,000 төгрөг байгаа тул түүнээсээ хохирлоо төлөх хүсэлтэй байна. Иймд намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Г- нь 8 болон 14 хоногоор баривчлах шийтгэл хүлээснийхээ дараа хохирогчийн биед дахин халдаж, 2 удаа зодсон. Шүүгдэгч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан шинж буюу бие мах бодийн хүчирхийллийг байнга үйлддэг болох нь харагддаг. Шүүгдэгч нь байнгын согтуу, архины асуудлаас болж маргаан үүсгэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Уг шинжээрээ тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээс ялгагддаг. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч О.Я-ийн “... 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 82 дугаар байрны 41 тоотод гэртээ байхдаа нөхөр Д.Гыг архи ууснаас болж маргалдахад намайг ор үндэсгүй хардаж хоолой боогоод нүүрэнд цохьсон... 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ сууж байтал гаднаас хаалга савж орж ирээд хэл амаар доромжлоод нүүр рүү цохиж алгадаж зодсон. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандаж зөрчлийн хэргээр баривчилж байсан. 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрт архины асуудлаас болж маргалдаад, орон дээрээс татаж унагаагаад миний хөл, салтаа руу 3-4 удаа өшиглөж шалан дээгүүр чирсэн... Орой 18 цаг өнгөрч байхад ажил дээр ирээд дуудаж цохиж, өшиглөсөн. Ажлаа тараад харих замд хашаа руу шахаж байгаад 4-5 удаа толгой руу цохиж, өшиглөсөн...” /хх 22-23/ гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батцэнгэлийн “... О.Я-тэй 6 жил хамт ажиллаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Өгөөмөр” худалдааны төвийн захиргааны байранд О.Я-ийн нөхөр Д.Г- ирээд түүний нүүр, чих рүү нь 2-3 удаа алгадаж, араас нь өшиглөсөн. Ер нь ажил тарахыг хүлээж байгаад зодоод байдаг. Ажил дээр нь ирж хэл амаар доромжлох, цохих, зодох тохиолдол гаргадаг ба энэ үедээ дандаа согтуу байдаг...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлгийг давхар баталсан гэрч Л.Д /хх 54/, гэрч Б.С /хх 56/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 42-43/, “Өгөөмөр” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1032, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1167 дугаартай шийтгэвэр /хх 15-16, 17-19/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г- нь эхнэр О.Я-ийг 2020 оны 05 дугаар сарын 07, 21, 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд гэртээ болон “Өгөөмөр” захад байрлах ажлын байран дээр нь зодсон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцсон байна.

            Дээрх гэмт хэрэг нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллээр илрэх ба хохирогчийг өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр байдалд хүргэсэн, доромжилсон, гутаасан шинжтэй гурав ба түүнээс дээш тооны үйлдлүүд хамаарна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гурав ба түүнээс дээш тооны үйлдлийг байнга гэсэн шинжээр авч үзэх бөгөөд зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээсэн байдлыг хариуцлага хүлээсэн гэдгээр тооцохгүй байх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, хэл амаар доромжлон бие махбодийн болон сэтгэл санааний дарамт үзүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “... байнга ...” гэсэн шинжийг Эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд гурав ба түүнээс дээш тооны үйлдлээр тайлбарлах бөгөөд зарим нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээсэн нь хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байнга гэсэн тооны шинжид хамаарах бөгөөд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд харшлахгүй тул энэ талаар өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.    

Харин шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан үйлдэлд хамааралгүй, яллах дүгнэлтэд оруулаагүй хохирогчийн хаалганд учирсан хохирлын талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, улмаар 50,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэсэн шийдвэр гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн байна.

Иймд өмгөөлөгч У.Сайнбилэгийн өршөөлд хамруулах талаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Г- нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс /хх 94/ 05 дугаар сарын 11-ний өдөр /хх 98/ хүртэл 14 хоног, 05 дугаар сарын 14-ний өдрөөс /хх 103/ 11 сарын 04-ний өдөр хүртэл 174 хоног, нийт 188 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, нэн даруй суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Д.Г- нь энэ хэрэгт нийт 188 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН