Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2015/00076/И |
Дугаар | 135/ШШ2015/00210 |
Огноо | 2015-03-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2015/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00076/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, .... сум, ....тоотод оршин суух, .... овогт М.Б регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, .... сум,.. дугаар баг,... дугаар хороолол, .тоотод оршин суух, ... овогт А.Г. /регистрийн дугаар..., утас...-д холбогдох
2,283,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч А.Г гэрч Б.М Д.Б Д.Ч нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... А.Г нь Э.Н 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Toyoto prius-11 маркийн .... улсын дугаартай авто машиныг 8,100,000 төгрөгөөр худалдан авахдаа мөнгө дутаад байна гээд 1,675,000 төгрөг өгч туслаач 3 хоноод буцаагаад өгнө гээд байхаар нь сайн санаж 1,675,000 төгрөгийг .... дугаартай утасны мобайлаар шилжүүлэг хийж өгөхдөө машины үнэ гэж ХААН банкаар өгсөн юм. Гэтэл одоо болтол буцааж өгөхгүй нэхэхээр удахгүй өгнөө гэдэг байсан сүүлдээ утсаа авахгүй байна. Мөн Хас банкаар 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрийн тавилга лизингээр авахуулж гэртээ тавьсан хувцасны шүүгээ, унталгын орны мөнгө болох зээлийн эргэн төлөлтийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны төлөлтөө хийснээс хойш дараа сараас нь хийхгүй байгаагаас буюу 2014 оны 08 дугаар сарын 23-ны төлөлт 126,287 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны төлөлт 124,258 төгрөг, 10 дугаар сарын 23-ны төлөлт 120,855 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны төлөлт 120,201 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны төлөлт 116,928 төгрөг нийт 608,529 төгрөгийг нь би Хас банкинд миний нэр дээр байгаагаас шалтгаалж төлж хохирч цаашид төлөх зээлийн үлдэгдлийг өөрөөр нь төлүүлмээр байна. Иймд А.Г машин авахдаа надаас мобайлаар шилжүүлж авсан 1,675,000 төгрөг дээр, тавилгын лизингийн эргэн төлөлтийг төлсөн 608,529 төгрөг нийт 2,283,529 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөн өөрийн нэр дээрх ХАС банкнаас авсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэх эсхүл хариуцагч А.Г банкны зээлээр авч өгсөн ор шкафыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэв.
Хариуцагч А.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь М.Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. М.Б-ийн ээж болох Д.Б нь 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр надаас 1,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлсэн. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр надад мобайлаар 1,675,000 төгрөг шилжүүлсэн нь дээрхи зээлсэн мөнгөө хүүгийн хамтаар төлсөн гэж тооцоорой гэж тохиролцсон. Мөн М.Б ээж болох Д.Б нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол мянган .... ХХК-ий авто ломбарданд миний машиныг миний нэр дээр барьцаанд тавьж 1,000,000 төгрөгийн зээл гаргуулж аваад өөрийн Эрэл банкин дахь хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөө төлсөн. Гэтэл нэг сар хүүг нь төлж сунгуулаад дахиж сунгуулаагүй орхисон. Миний нэр дээр зээл гарсан учир үндсэн төлбөр мөн хүүг алдангийн хамт 1,321,500 төгрөг төлж машинаа авсан. Иймд Билгүүнзаяад өртэй биш харин түүний ээж нь болох Д.Б нийт 1,371,500 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Харин Хас банкны лизингээр гэрийн тавилга авахдаа түүний охин болох М.Б нэр дээр авсан нь үнэн. Гэхдээ М.М.Бнь төрөхөөсөө өмнө ор авна гээд миний авсан тавилгатай хамт унтлагын ор, 2 тумбочканы хамт авсан боловч нийт тавилгын 30 хувь урьдчилгаа болох 480,000 төгрөгийг мөн би М.Билгүүнзаяад бэлнээр өгч тушаалгасан. Үүнийг миний ээж, аав, ах болон М.Б ээж аав нар гэрчлэх болно” гэжээ.
Хариуцагч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...машин авахад нь зориулж мобайлаар шилжүүлсэн мөнгө 1,675,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин ор шкафыг өгөхгүй, нэхэмжлэгч М.Б нь лизингийн зээл авахад урьдчилгаа 480,000 төгрөгийг би төлсөн. Зээл авахад М.Бнь бас ор авсан учир тавилгын лизингийн эргэн төлөлтийг төлсөн 608,529 төгрөгийг би төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А.Г ээс машин авахад нь зориулж мобайлаар шилжүүлсэн мөнгө 1,675,000 төгрөг, тавилгын лизингийн эргэн төлөлтийг төлсөн 608,529 төгрөг, нийт 2,283,529 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгч өөрийн нэр дээрх ХАС банкнаас авсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэх эсхүл хариуцагч А.Г т банкны зээлээр авч өгсөн ор шкафыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч А.Г нь машин авахад нь зориулж мобайлаар шилжүүлсэн мөнгө 1,675,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин ор шкафыг өгөхгүй, нэхэмжлэгч М.Б нь лизингийн зээл авахад урьдчилгаа 480,000 төгрөгийг би төлсөн. Зээл авахад М.Б нь бас ор авсан учир тавилгын лизингийн эргэн төлөлтийг төлсөн 608,529 төгрөгийг би төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,675,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Б нь ХАС банктай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулж, 1,911,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан болох нь зээлийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Бнь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч А.Г ээс зээлийн эргэн төлөлтийг төлсөн 608,529 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шаардлага гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч М.Б Хас банкнаас зээлийн гэрээний дагуу авсан 1,911,000 төгрөгийн 1,689,000 төгрөгөөр нь хариуцагч А.Г нь ор шкаф авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагч А.Г ээс 1,689,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэгчийн гаргасан ор шкаф гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчид хүү, алдангийн талаар тохиролцож, бичгээр хийсэн гэрээ байхгүй болно.
Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч М.Б өмнөөс Хас банкны зээлийн төлбөрт нийт 239,300 төгрөгийг төлсөн болох нь Хас банкны 2014 оны 07 дугаар сарын 23, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орлогын баримт зэргээр тогтоогдож байх тул 1,689,000 төгрөгөөс хасаж тооцож, хариуцагчаас 1,449,700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Г нь урьдчилгаа төлбөрт 480,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.Г ээс 1,449,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Билгүүнзаяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн эргэн төлөлтөнд төлсөн төлсөн 608,529 төгрөгийг гаргуулах , зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр даалгах эсхүл ор шкаф гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч А.Г ийн 1,675,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Билгүүнзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,490 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41,974 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулах, хариуцагч А.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 64,945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА