| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00399/И |
| Дугаар | 135/ШШ2015/00457 |
| Огноо | 2015-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2015/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00399/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ***** сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, **** овогт ****ын ***** / регистрийн дугаар *****, утас *****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, *** дугаар баг, ***** тоотод оршин суух, **** овогт ****ын **** /регистрийн дугаар **** , утас *****/-д холбогдох
5,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н****, хариуцагч Т.Д*****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...миний бие Т.Д***д 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний барьцаа гэж Т.Д*** надад “Манай дүүгийн байрны гэрчилгээ, дүү маань энэ гэрчилгээг барьцаанд тавихыг надад зөвшөөрсөн” гэж хэлээд **** сумын ****дугаар баг, **** тоот байрны гэрчилгээг надад өгсөн ба би түүнд нь итгэж уг байрны гэрчилгээг авч үлдсэн. Гэтэл Т.Д*** гэрээнд заасан хугацаандаа буюу нэг сарын дараа миний мөнгийг хүүгийн хамт буцааж төлөөгүй. Зээлсэн мөнгөө буцааж төлөхийг шаардахаар түүнтэй холбогдох гэсэн боловч ор сураг тасраад удсан юм. Аргаа бараад би түүний охин Д.Ц**** уулзаж мөнгөө шаардаж Т.Д***г асуухад урагшаа явсан., эмнэлэгт хэвтсэн гэх зэрэг шалтгаан хэлээд уулзаж мөнгөө авч чадахгүй байсан.
Гэтэл 2014 оны 09 дүгээр сард 16 дугаар багийн Цагдаагаас намайг дуудахад нь очиж уулзахад Т.Д***гийн надад барьцаанд тавьсан байрны гэрчилгээ нь түүний дүүгийнх биш төдийгүй байрны эзэн Л***** залилан мэхэлж гэрчилгээг нь аваад надад байрьцаалсан байсан тул уг асуудлаар Т.Д*** цагдаа дээр шалгагдаж байсан.. Тэр үед би Т.Д***тэй уулзаж 2014 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд цувуулан 1,150,000 төгрөг авсан сүүлд буюу 2015 оны 03 дугаар сард мөрдөн байцаагч Хатанзориг Т.Д***гээс дахин 1,000,000 төгрөг гаргуулж надад өгсөн. Ингээд би нийт 2,150,000 төгрөгийг Т.Д***гээс авсан. Мөрдөн байцаагч Хатанзориг надад “ би таныг хохиролгүй болгоно та надад байрны гэрчилгээг өг” гэхэд нь би өгөхөөс татгалзсан боловч намайг хөдөө ажлаар явсан байх үед манай гэрээр орж өвгөнөөс минь байрны гэрчилгээг авсан байсан. Барьцаанд тавьсан байрны гэрчилгээ одоо надад байхгүйгийн дээр Т.Д*** надаас гэрээний дагуу зээлж авсан мөнгөө одоо болтол өгөөгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Т.Д***гээс Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг тооцож түүнээс надад цагдаа нар гаргуулж өгсөн 2,150,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлөх ёстой 5,350,000 төгрөгийг хариуцагч Т.Д***гээс гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.Д*** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...миний бие ****оос 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сарын хугацаатай 3,000,000 төгрөг нотариатаар орж гэрээ хийж сарын 10 хувийн хүүтэй авсан. Барьцаанд хадам дүүгийнхээ байрны ордер авч тавьсан. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Миний бие жижиг дундаас зээл хөөцөлдөөд зээлээ гарахаар мөнгө өгнө гэж авсан боловч зээл маань бүтээгүй наймаа орлого муу тул мөнгө гаргахад хүндрэлтэй байсан. Удалгүй миний бие муудаж зах дээрээ зогсоогүй. Миний бие эмчийн хяналтанд байдаг биеэ эмчлүүлж хөдөө явсан. 8 сард зах дээрээ зогсож эхлээд ****оод 1,150,000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. 2014 оны 11 дүгээр сард байрны эзэн ордероо нэхэж Норов бид хоёрыг Цагдаад өгсөн. ****оос би гуйсан. Хоёулаа гарын үсэг зурсан юм чинь би мөнгийг чинь цувруулаад өгье, хүний ордерийг өгье гэж гуйсан боловч надад өгөөгүй. **** надаас 4,200,000 төгрөг Цагдаагаас нэхэмжилсэн. Би хүлээн зөвшөөрч төлж эхэлсэн. 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үндсэн мөнгө болох 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ хугацаанд үндсэн 3,000,000 төгрөг, үлдэгдэл 850,000 төгрөг, дутуу хүү 1,200,000 төгрөг төлөх дутуу байхад **** надаас хүүгийн хүү, алданги тооцож Сум дундын шүүхэд 5,300,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ мөнгө төлөх боломгүй тул анх нэхэмжилсэн үлдэгдэл 850,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөгийг төлнө. Миний бие муу байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвийг шүүж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н*** нь хариуцагч Т.Д***гээс “үндсэн зээл 3000,000 төгрөг, түүний хүү 3,600,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгөөс надад өгсөн 2,150,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 5,350,000 төгрөг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Т.Д*** нь “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 850,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, нийт 2,050,000 төгрөгийг төлнө” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Н*** нь хариуцагч Т.Д***тэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлийн гэрээгээр 3000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Т.Д*** нь зээлийн төлбөрт 2,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Н***т өгсөн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 105 тоот хариу мэдэгдэх хуудас болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”гэж заажээ.
Ж.Н***, Т.Д*** нар нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Н*** нь зээлийн 1 сарын хүү 300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчаас “...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг гаргуулахаар” мөн шаардах эрхтэй болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Н*** нь хариуцагч Т.Д***гээс алдангид 1,500,000 төгрөгөөс дээш хэмжээгээр нэхэмжлэх эрхгүй болно.
Иймд үндсэн зээл 3000,000 төгрөг, түүний хүү 300,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,800,000 төгрөг төлөхөөс хариуцагч Т.Д*** нь 2,150,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч Т.Д***гээс үлдэх төлбөр 2,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н***т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Д***гээс 2,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д***гээс 57,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА