Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2023/03238

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/03238

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ч өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Т овогтой Т-ийн А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн **********, регистрийн ********** дугаартай, Ж ХХК,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, өөрийн байранд байрлах, Т товчооны гудамж, улсын бүртгэлийн **********, регистрийн *********** дугаартай, Э ХХК,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, **********, Б овогтой Н-ийн У нарт холбогдох,

 

Ж ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У-д даалгах, Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Э.Э, хариуцагч Н.У-ын өмгөөлөгч С.Г, хариуцагч Ж ХХК болон Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ж ХХК, Э ХХК болон иргэн Н.У-д тус тус холбогдуулан Ж ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У-д даалгах, Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Ж Д А ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан ба уг хувьцаат компани 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан ногдол ашиг тараах гэрээг байгуулан, тус гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмшигчээр Т.А миний бие 31,362 ширхэг хувьцааг, төрсөн ах Т.Б 47,176 ширхэг хувьцааг тус тус авч үлдэхээр холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж өгсөн байдаг. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр тодорхойлогдсон боловч Ж Д А ХК нь нэр, хэлбэрээ өөрчилж Ж ХХК болсныг 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. Иймээс миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч байсан болохоо тогтоолгох шаардлага үүссэн ба надад хувьцаанд хамаарах хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Тухайн үед хувьцаат компанийн 229 хувьцаа эзэмшигч нарт ногдох 30,946 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 190 төгрөгөөр, нийт 5.879.740 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарын дансанд байршуулж, тарааж өгсөн байдаг. Хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Мөн компанийн хувьцаа нь эдийн бус хөрөнгөд хамаарахыг мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан байна. Иймд Т.А намайг 31,362 ширхэг хувьцааг Ж Д А ХК-д эзэмшиж байсан болохыг тогтоож, уг компани нь нэр хэлбэрээ өөрчилж, Ж ХХК гэх нэг гишүүнтэй компани болсон байх тул хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.У-д иргэн Т.А намайг хувьцаа эзэмшигчээр бүртгэж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. /хх-1 хавтас, 1-3 дугаар тал/ ... Шүүхийн маргаан үүсгэсэн байхад Н.У нь Ж ХХК-ийн хувьцааг Э ХХК-д шилжүүлж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн Н.У-ын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өв залгамжлалаар хүлээн авсан Ж ХХК-ийн өв залгамжлалын гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь өв залгамжлалын гэрээг нэг жилийн дараа хийх ёстой байтал ахыг маань нас барснаас хойш 55 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.У хууль зөрчиж, өв залгамжлагчаар тогтоогдон, улмаар Ж ХХК-ийн хувьцааг өөрийн болгож авсан байна. Миний бие өв залгамжлалын асуудлаар 2021 оны 10 болон 11 дүгээр сард 2 удаа захидал бичиж, Н.У-ын гэрийн хаягаар хүргүүлсэн бөгөөд талийгаач ахыгаа өнгөрснөөс хойш нэг жилийн ой дээр захидал бичиж, Н.У-тай энэхүү асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд зориудаар шүүхийн маргаантай байх үед өв залгамжлалын гэрчилгээг гаргуулж, өөрийн нэр дээр компанийг шилжүүлсэн байна. Иймээс энэхүү хууль зөрчсөн өв залгамжлалын гэрээг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна /хх-1 хавтас, 42-43 дугаар тал/. ...Түүнчлэн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ-нд бэлэглэгч талыг төлөөлөн Т.А миний бие гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш болох нь тогтоогдсон тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Ж ХХК-ийн хувийн хэргийг бүхэлд нь ирүүлсэн байх ба уг баримтаас үзэхэд Ж Д А ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот хурлын тогтоол, мөн компанийн 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот Хурал зарлан хуралдуулах тухай тогтоол, 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн компанийг шинэчлэн байгуулах тухай 01 тоот тогтоол, 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоол, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг баримтад зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш бөгөөд би гарын үсэг огт зураагүй байхад намайг төлөөлж, янз бүрийн хэлбэрээр гарын үсэг зуржээ. Эдгээр хуурамч баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага Ж ХХК-ийг бүртгэж, нэг гишүүнтэй болоход бэлэглэгч талыг төлөөлж Т.А намайг гарын үсгээ зурж, төрсөн ах Т.Б-д өөрийн ногдох хувьцаа 31,362 ширхэг буюу 22-27 хувь эзэмшиж байсан Ж Д А ХК-ийн хувиа бэлэглэсэн гэж үзсэн байна. Иймд 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. /хх-2 хавтас, 56-57 дугаар тал/. ... Намайг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Ж Д А ХК-ийн буюу Ж ХХК-ийн хувьцааны 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, уг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч мэдэнгүүтээ 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ж ХХК-ийн бүх хувьцааг буюу 1,285 ширхэг хувьцааг Э ХХК-д эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдсан байна. Миний төрсөн ах Т.Б нь 2007 онд амьд сэрүүн байхдаа Ж Д А ХК-ийн нэр, хэлбэрийг өөрчилж Ж ХХК болгон өөрчилснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар мэдсэн. Тухайн лавлагаанаас үзэхэд намайг хувьцаагаа бусдад бэлэглэлийн журмаар шилжүүлсэн, уг Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт гарын үсэг зурсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 31,362 ширхэг хувьцааг надад мэдэгдэхгүйгээр худалдсан байсан. Үүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2442 дугаар дүгнэлтээр тогтоосон. Одоо Ж ХХК болон Э ХХК нь хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулсаар байгааг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаар албан бичгээр тогтоогдсон. Иймд Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.У нь Т.А-ийн гарын үсэг зураагүй, хуурамч баримт бичгийг ашиглан тус компани дахь миний эзэмшдэг 31,362 ширхэг хувьцааг, миний эрхийг зөрчин шилжүүлсэн гэж үзэж байгаа тул намайг Ж ХХК-ийн 31,362 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоож, тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгэхийг Ж ХХК-д даалгаж, мөн Ж ХХК-ийн Э ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хариуцагч Н.У болон Ж ХХК, Э ХХК-ийг тус тус тодорхойлж байна гэжээ.

2. Хариуцагч Ж ХХК, Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А болон Н.У--ын өмгөөлөгч С.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.У-ын нөхөр Т.Б Ж ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр Н.У-д бүрэн шилжсэн. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Ж ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч Н.У байсан. Нэхэмжлэгч Т.А-ийг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ямар нэгэн үндэслэлгүй. Э ХХК-ийн хувьд ч гэсэн хууль ёсны дагуу Ж ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан тул энэхүү 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдэх үеэр маргааныг холбоглох газарт нь гаргах боломжтой байсан. Т.А бол тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанийн нийт хувьцааны 27,5 хувийг эзэмшдэг байсан ба тэрээр компанитай холбоотой асуудалд оролцох, санхүүгийн жил дууссаны дараа санхүүгийн тайлантай танилцаж, ногдох ашиг хүртэх, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах зэргээр 10 гаран жил энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэг ч удаа ийм шаардлага гаргаж байгаагүй атлаа 2022 онд сая шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдана. Үүнд бид хөөн хэлэлцэх хугацааны талаар заавал ярих ёстой гэж үзэж байна. Түүний төрсөн ах Т.Б үүнийг нь мэдэж байсан ба тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй ба үүнээс үзэхэд Т.Б-д бүх компанийн хувьцаа шилжсэн, удирдлагын үүргийг дангаар хэрэгжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Нэгэнт хуулийн дагуу үүссэн өмчлөх эрхэд шүүх халдах боломжгүй. Нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй бөгөөд тэрээр шаардлага гаргах эрхээ мөн алдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болон тус хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний талаарх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг бүгдийг нь нэхэмжлэгч хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас, 4 дүгээр тал/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ********** тоот өргөдлийн хариу, хавсралтын хамт /хх-1 хавтас, 5-12 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн лавлагаа /хх-1 хавтас, 13 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-1 хавтас, 14 дүгээр тал/, төрөл садангийн болон нас барсны лавлагаа /хх-1 хавтас, 15-17 дугаар тал/, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /хх-1 хавтас, 18-19 дүгээр тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас, 41 дүгээр тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-2 дугаар хавтас, 54-55 дугаар тал/, өмгөөлөгч Д.Ц-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт /хх-1 хавтас, 91 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр албан бичиг /хх-2 дугаар хавтас, 141 дүгээр тал/, өмгөөлөгч Э.Э-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-2 дугаар хавтас, 176-177 дугаар тал/, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Х-ийн тайлбар, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, гэрээг байгуулсан талуудын иргэний үнэмлэхний хуулбар, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-2 дугаар хавтас,187-193 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч нараас Н.У-аас Н.А-д олгосон итгэмжлэл /хх-1 хавтас, 22 дугаар тал/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Н.А-д олгосон итгэмжлэл /хх-1 хавтас, 98-99 дүгээр тал/, хариуцагч Н.У-ын өмгөөлөгч С.Г-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-2 дугаар хавтас, 88-89 дүгээр тал/, Ж ХХК-иас С.Г-т олгосон итгэмжлэл /хх-2 дугаар хавтас, 143 дугаар тал/, Ж ХХК болон Э ХХК-иас Н.А-д олгосон итгэмжлэл /хх-2 дугаар хавтас, 155-156 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар албан бичиг, түүний хавсралт буюу Ж ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-1 хавтас, 53-54 дүгээр тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ********* дүгээр албан бичгээр ирүүлсэн Ж ХХК-ийн лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, Н.У, Т.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Ж ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот Ж ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хуулбар, тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, Ж ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Эх нутгийн салхи ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбарууд /хх-1 хавтас, 58-85 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн Ж ХХК-ийн лавлагаа болон түүний улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар /хх-1 хавтас, 102-250 дугаар тал, 2 дугаар хавтас 1-50 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаар дүгнэлт /хх-2 дугаар хавтас, 92-108 дугаар тал/, Монголын нотариатчдын танхимын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар албан бичиг, хавсралтын хамт /хх-2 дугаар хавтас, 161-163 дугаар тал/ зэрэг баримтууд авагдсан

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаар албан бичгээр ирүүлсэн Ж ХХК-ийн хувийн хэргийн хуулбараас үзэхэд 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ж Д ХК улсын бүртгэлд бүртгэгдэж, ингэхдээ иргэн Ч-ийн Т гүйцэтгэх удирдлагаар бүртүүлсэн байна. /хх-1 хав, 222 дугаар тал/

Ингээд 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр иргэн Ч.Т-ийн өв залгамжлагч Т.Б-д Ж Д ХК-ийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө болон гэрчилгээ нь тус тус өвлөгдсөн /хх-1 хав, 226 дугаар тал/ байх ба улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийг 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийж, гэрчилгээнд тэмдэглэжээ.

Улмаар хэргийн 1 дүгээр хавтасны 207, 213-214 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Т.А болон Т.Б нар 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ж Д А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг томилж шийдвэрлэсэн, мөн өдрийн 01 дүгээр тогтоолоор Ж Д А ХК-ийг шинэчлэн байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүрэлдэхүүнийг тогтоож, Т.А-ийг тус зөвлөлийн даргаар сонгосон, мөн өдрийн компанийн дүрмээр Т.Б 46426 ширхэг, Т.А 31362 ширхэг, Т.Б 31362 ширхэг хувьцааг буюу нийт дүрмийн сангийн 77,8 хувийг дээрх 3 иргэн эзэмшихээр тогтоожээ.

Ж Д А ХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээллээр Т.А нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2007 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. /хх-1 хавтас, 103 дугаар тал/,

Харин хэргийн 1 дүгээр хавтасны 189-193 дугаар талд авагдсан Ж Д А ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл, мөн өдрийн Т.А, Т.Б нараас Т.Б-д хувьцаа бэлэгдэх агуулгатай Бэлэглэлийн гэрээ Т.А-ийн гар бичмэл бүхий өргөдөл зэргийг үндэслэн Ж Д А ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигч мэдээлэлд өөрчлөлт орж, Ж ХХК болсон, тус Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Т.Б бүртгэгдсэн болох нь тогтоогдов.

Тухайн бэлэглэлийн гэрээ, Удирдах зөвлөлийн тогтоолд тус тус нэхэмжлэгч Т.А гарын үсэг зураагүй, түүний гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаар дүгнэлтээр тогтоогдсон хэдий боловч уг баримтуудыг 2008 онд үйлдсэн, үүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд даруй 14 жил өнгөрсөн байна.

Мөн үүнээс хойших компанийн хувийн хэргийн хуулбарт авагдсан баримт, лавлагаагаас үзэхэд Ж ХХК-ийн 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн шинэ дүрмийн дагуу Т.Б нь Ж ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болж, тус дүрмийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсанаар тус компанийн нэгж хувьцаа 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаа байх бөгөөд 128.500.000 төгрөгийн дүрмийн сантай байхаар тогтоожээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хариуцагч Н.У нь Т.А-ийн гарын үсэг зураагүй, хуурамч баримт бичгийг ашиглан Ж ХХК дахь 31,362 ширхэг хувьцаа эзэмших эрхийг зөрчиж, гэрээ байгуулсан тул Т.А-ийг тус компанийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, хариуцагч Н.У-д Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаагаа тайлбарласан.

Гэвч Ж ХХК-д эзэмшиж байсан 31,362 ширхэг хувьцааг түүний төрсөн ах Т.Б өөртөө шилжүүлэн авч, компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчилсөн байх ба үүнд хариуцагч Н.У ямар нэгэн хамааралтай болох нь баримтаар тогтоогдоогүй, Н.У-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үйл баримт нотлогдсонгүй.

Харин Н.У нь 2020 оны 11 дүгээр сары 02-ны өдрийн 75 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ж ХХК-ийн нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцааны өмчлөгч болсон байх ба улмаар тухайн компанийг Э ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба дээр дурдсан хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Т.А нь Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, 31,362 ширхэг хувьцааны өмчлөгч мөн болох нь тогтоогдоогүй, харин Ж Д А ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан.

Мөн тэрээр түүний өмчлөх эрх зөрчигдсөн 2008 оноос хойш энэ талаар шаардлага гаргаж байгаагүй, түүний эрх тухайн оноос зөрчигдсөн болохыг гэр бүлийн гишүүн, Т.Б-ын төрсөн дүүгийн хувьд мэдэх бүрэн боломжтой байжээ.

Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******** дүгээр албан бичгийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон тайлбарлах боловч тухайн баримтад дурдсанаар тэрээр Ж Д А ХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгэлтэй боловч тухайн компанийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хассан гэдгийг дурдсан байна.

Тэгэхээр 2007 онд хувьцаат компанийн бүртгэлээс хасагдсан, улмаар 2008 онд Ж Д А ХК нь нэр, хэлбэр, хувьцаа эзэмшигч нарын мэдээллээ өөрчилж, шинэчилсэн болохыг нэхэмжлэгч өдий хүртэл хугацаанд мэдээгүй гэх нь өрөөсгөл бөгөөд хувьцаат компанийн ногдол ашгийг 14-15 жил шаардаагүй, энэ талаарх шаардлагаа компанид болон эрх бүхий байгууллагад гаргаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг эрх зөрчигдсөн гэх үйл баримтыг шүүх одоо тогтоож, компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх, бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах боломжгүй болно.

Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан тусгай болон ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Э ХХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан Ж ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Ж ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байна.

Учир нь тус гэрээнүүдийг тухайн компаниудыг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдүүд хоорондоо хэлэлцэн байгуулсан буюу уг гэрээ байгуулах үед буюу 2020 оны 11 дүгээр сарын байдлаар Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.У байсан ба Н.У бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй ажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй байх тул түүний гаргасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.У, Ж ХХК болон Э ХХК-д холбогдох Ж ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У-д даалгах, Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.У, Ж ХХК болон Э ХХК-д холбогдох Ж ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У-д даалгах, Ж ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА