| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00127/И |
| Дугаар | 296 |
| Огноо | 2015-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00127/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:.... аймаг, .... сум, ...дугаар баг, ... дугаар байрны .. тоотод оршин суух ... овогт Ш.Ш /регистрийн дугаар ..., утас ../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.... аймаг, .... сум, .. дүгээр баг, ..дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух .. овогт ЛМ / регистрийн дугаар .., утас../,
Хариуцагч:.... аймаг, .... сум, ... дугаар баг, .. дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух, .. овогт Э.А /регистрийн дугаар ..., утас .../ нарт холбогдох
1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У. нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч болох М нь 2014 оны 04 дүгээр сард намайг гэртээ байж байхад утсаар дуудаж чи хүрээд ир, энд гар утсаар холбоо тогтоон мөнгө хожиж болох боломж байна гэж ятган улмаар өөрийн найз нар болох А нартай нийлж надад итгүүлэн 1,200,000 төгрөгийг надаас хүлээн авсан юм. Гэтэл одоог болтол өнөө мөнгөнөөс маань нэг ч төгрөг буцаж ирэлгүй байсаар намайг хохироолоо. Энэ талаар М болон А нарт хэлсэн боловч хоорондоо бие бие рүүгээ чихсээр өдийг хүрлээ. Ямар ч байсан намайг олж өгсөн гэдгээр М нь 250 доллар А авсан гэдэг. Ер нь энэ сураг сонсонгуут би сүлжээ юм байна гэж ойлгоод тэр дариу мөнгөө буцааж авахаар нэхэхэд аль хэдийн тараагаад хуваагаад авчихсан байсан тул өдийг болтол нэхээд ч эргүүлж авч чадалгүй байсаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд М ятгалгаар Анарын явуулгаар алдсан 1,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ш.Ш нь энэ сүлжээнд орохдоо хэдэн төгрөг өгч хэзээ орсныг нь би мэдэхгүй намайг өөр газар яваад ирэхэд орсон байсан. Би мөнгө өгч авахад нь байгаагүй. Энэ хүн Сэлэнгэ явж ажилласан 3 хүн элсүүлж ирсэн байдаг. 180,000 төгрөг авсан. Би 70,000 төгрөг авах ёстой байсан суутгаж авсан. Өөрөө утсан дээрээ татаж гурван удаа 4 дүгээр сарын 19-ний өдөр 32,300 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 32,500 төгрөг Алтанзулын гадаа очиж бас авсан болно. Мөн авгайгаа элсүүлж оруулсан болно. Энэ бүгдийг баримтаар хавсаргасан болно. Энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй бол олон улсын шүүхэд өгөх болно” гэжээ
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Э.А миний бие World компаний сургагч багш гэсэн ажлыг хийдэг. Тус шүүхэд өргөдөл гаргаж байгаа Ш.Ш гэдэг хүнийг Л.М эгч урьж авчирч сургалт авсан. Сургалт авсныхаа дараа 7 хоногт надад өөрийн хүсэлтээр гэрээ хийж 1,000,000 төгрөг бэлнээр өгч элсэлт хийсэн. Тэгээд надтай болон манай ....салбарын тэргүүн Нарангэрэл гэгч эгчтэй намайг дагуулж Сэлэнгэ аймаг явсан. Эхнээсээ сүлжээ гэдгийг мэдсэн. Тэр битгий хэл Сэлэнгэд Б гэж найзруугаа мөн Э гэсэн хоёр найзруугаа очиж сүлжээгээ задлана гэж бид хоёрыг авч явж хоёр хоносон. Тэгээд Э гэдэг хүн нь Шижирээ дээрээ бүртгэл хийлгэж орсон боловч мөнгөө өгөөгүй. Тэр хүнээс мөнгөө нэхэхээр Ш намайг дааж оруулах ёстой гээд 139 доллар гаргаж өгөөгүй. Мөн тар Э эгч ажлынхаа нэг залууг авчирсан нь black гэсэн логиноор орчихоод бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Ш тэрнээс бэлэн 60,000 төгрөгийг авсан. 40,000 төгрөгөөр буудлын тооцоо хийсэн. Тэгээд дээр нь Ш 100 доллар ваучираас нь нэгийг зарсаны Ш 100,000 төгрөгийг бэлнээр аваад 70,000 төгрөгийг М эгч авсан. М эгчээс Аллогийн бүтээгдэхүүн авч уусан гээд миний нүдэн дээр өгч байсан. Тэрнээс хойш утсан дээрээ мөнгөө татаад явж байх хугацаандаа гурван удаа мөнгө гаргуулж авсан. 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 32,300 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 32,300 төгрөг мөн манай гэрийн гадаа 30,000 төгрөг ирж авсан. Мөн түүний эхнэр мөн 100 долларын ваучир дээрээ өөрийн гэр бүлийн хүнээ дагуулж ирж бүртгүүлж утсан дээр нь программаа аваад явж байгаа.Иймд би Ш шүүхэд гаргасан ор үндэсгүй гүтгэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Л.М, Э.А нараас 1,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаан дээр “...тухайн үед хариуцагч нар нь нэхэмжлэгч Ш.Ш Ворлд сүжээний компаний талаар мэдээлэл өгсөн ба нэхэмжлэгч Ш.Ш нь Ворлд сүлжээний компанид гишүүнээр элсэхийг зөвшөөрч, тус сүлжээний компанид 1000,000 төгрөгийг төлж, гишүүнээр элссэн. Хариуцагч Э.А, Л.М нар нь дээрх мөнгийг аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж, маргасан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “ зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл нь мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлж, улмаар зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг хүү болон хүүтэйгээр, эд хөрөнгийг ижил төрөл, тоо, чанар хэмжээтэйгээр буцаан өгдөг байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон зүйл байхгүй, гэрээ байгууллагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба нэхэмжлэгч Ш.Ш нь Л.М, Э.А нарт 1,200,000 төгрөг өгсөн тул өгсөн мөнгөө буцааж авна гэсэн шаардлагыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрхи шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Харин Ш.Ш нь Ворлд компанид гишүүнээр элсэхийн тулд 539 доллар төлсөн болох нь ... ХХК-ны “...Ш.Ш нь Affiliate багцын 39 долларын хөрөнгө оруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 04-нд, Мастер багцын 500 долларын хөрөнгө оруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хийж бизнесийн системд бүртгэгдсэн байна” гэсэн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч Ш.Ш-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь шүүх хуралдаан дээр “хариуцагч Л.М мөнгө нэхэмжлэхээс татгалзаж байна. Үндсэн шаардлага болох 1,200,000 төгрөгөөс 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 32,300 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 32,300 төгрөг, Сэлэнгээс ирээд авсан 30,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,105,400 төгрөгийг хариуцагч Э.А нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч Ш.Ш-аас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийг олгоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Шын гаргасан “хариуцагч Л.М, Э.А нараас 1,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА