Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга В.Орхон

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Ж.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрааст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Тайжууд овогт Жамъяансүрэнгийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201726030681 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2-р, эхнэрийн хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 2-62 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайжууд овогт Жамъяансүрэнгийн Сүхбаатар /РД:ТА68090911/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ж.Сүхбаатар нь согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О.Мөнхдэлгэрийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч О.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр найз баярмаагийн хамт Вива сити орох гээд явж байсан юм. Цагаасаа хоцрох гээд яараад явж байтал нэг хөгшин ах зам гарах гэж байсан. Тэр ахийг урдуур гарчих байх гэж бодоод явж байтал машиний урд зогссон би мөргөх шахаад тормос гишэгсэн чинь урд талын цонхон дээр гараа тавиад явуулахгүй байсан. Би “холдоочээ гэхэд чи хэн бэ? Чи намайг дайрч аллаа би чамайг ална шүү” гээд байсан ба сүүлдээ хэрэлдсэн. Тэгээд тэр ах гэнэт цонхоор гараа оруулж ирээд миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед амнаас цус гараад дээд талын 2-р шүд унсан. Тэр ах явах гээд байсан учраас би явуулахгүй цагдаа дуудаж өгсөн. Надад хохирлийн мөнгө болох 5.497.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 16-17-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн  ¹6640 тоот дүгнэлтэд: О.Мөнхдэлгэрт 2-р шүдний унсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-51-2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-25 тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, ял шалгах хуудас /хх-47/, хохиролчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Сүхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О.Мөнхдэлгэрийн биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹6640 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Ж.Сүхбаатар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн бйацаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Сүхбаатарт торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ж.Сүхбаатар нь хохирогч О.Мөнхдэлгэрт 5.500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.