| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2006026122300 |
| Дугаар | 2021/ДШМ/948 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ДШМ/948
2021 11 04 2021/ДШМ/948
Б.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд,
хохирогч П.Д-, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,
цагаатгагдсан этгээд Б.М-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/964 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-т холбогдох 2006026122300 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Б-ын М-, Төв аймагт 1974 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ээлжийн ахлагч ажилтай, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;
Б.М- нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 145 дугаар байрны орцонд хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Д-гийн зүүн нүд рүү 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдоогүй ...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.М-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ариунболд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт цугларсан баримтууд болох хохирогч П.Д- /хх 10-11/, гэрч Х.А /хх 26-27/, Х.А /хх 29-30/, Х.А /хх 228-229/, Д.О /хх 222-223/, шинжээчийн 7040 дүгээр дүгнэлт /хх 16- 17/, шинжээчийн 55 дугаар дүгнэлт /хх 129-130/ зэргээр шүүгдэгч Б.М- нь хохирогч П.Д-тэй маргалдан, улмаар зүүн нүдэн тус газар нь 3 удаа цохиж зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд 4 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлнэ. Мөн гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд 4 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ. Зөвхөн гэрч С.С-гийн мэдүүлэг үнэн мэтээр дүгнэж, хохирогч П.Д-гийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон 2 шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар шүүх тогтоолдоо заагаагүй байна.
Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Хохирогч П.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үеэл ах А-ын гэрт очиход түүний найз М-, С нар байсан бөгөөд бид нийлж архи уусан. М- надтай маргалдаж, миний зүүн нүдэнд 3-4 удаа цохиж гэмтээснээс болж нүдний ухархайн дотор хана цөмөрч, 2 удаа мэс засалд орсон. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд маш их хохирлоо. Намайг зодож гэмтээсэн М-ыг шүүхээс буруугүй гэж цагаатгаж байгааг эсэргүүцэж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн гэм буруу тогтоогдсон гэж үздэг. А, Д-гийн ээжийг нас барсны дараа “Манай найз хэрэгт орох гээд байна. Чамаас уучлалт гуйлгана” гэж ярьж байсан байна. Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ С, Д нарын хэн нь худал ярьж байгаа, ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхойгүй. Хохирогч хагалгааны зардал авахгүй, зөвхөн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс О-ээс мэдүүлэг аваагүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. О “Автомашин дотор хүнд зодуулсан байдалтай байсан” гэж мэдүүлсэн. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан болсон, гэхдээ зодоон болоогүй. Доржсүрэн ахыгаа үл тоосон байдалтай байхаар нь хэдэн үг хэлсэн. Ахыг нь уруу татаад архи уугаад явсан зүйл байхгүй. Д нь А-ыг цохисон асуудал байдаг. Маргааш нь А-ын гэрт архи уусан байдаг. Д нь С бид хоёрыг явсны дараа хэн нэгэнд зодуулж гэмтэл авсан, юу болсныг санахгүй, хэнд зодуулснаа мэдэхгүй гэж мэдүүлсэн атлаа сүүлд нь гэнэт надад холбогдуулан гомдол гаргасан байна” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгч гэм буруу нь тогтоогдсон гэж байна. Гэм бурууг зөвхөн шүүхээс тогтоодог. Энэ хэргийн шууд гэрч нь Сайхнаа юм. Тэрээр зодоон болоогүй гэж мэдүүлдэг. Олон жил найзалж нөхөрлөсөн хүмүүс найзынхаа бурууг өөрт нь хэлнэ. С “Би найзыгаа буруу зүйл хийсэн бол тэр дор нь хэлнэ. Буруугаа хүлээ, хохирол төлбөрийг нь барагдуул гэсэн шаардлага тавих байсан. Тийм зүйл болоогүй учраас тэгж хэлэх боломжгүй” гэх мэдүүлгийг өгсөн. А, А, А гэх хүмүүс төрсөн ах дүүс бөгөөд О ээж нь юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчоос “А-ыг хэзээ цохисон бэ” гэхэд хохирогч “Орцонд асуудал болсны дараа А-ынд буцаж орсон” гэж хариулсан. Хохирогч хэнийг цохисон, хэнд цохиулснаа санадаггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүйн улмаас цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. Энэ талаар улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй боловч өмнөх дээд шатны шүүхийн шийдвэрт заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүйн улмаас шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/384 дүгээр магадлалд “... хохирогч П.Д- “...орц руу Сайхнаа, М- бид гурав хамт гараад, М- миний зүүн нүд рүү 3-4 удаа баруун гараараа цохьсон. С.Сайхнаа салгасан...” гэж /хх 9-10/, гэрч С.Сайхнаа “...М-, Д нар бие биедээ халдаагүй...” гэж /хх 24-25/ тус тус эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн эдгээр хохирогч, гэрчийн хэнийх нь мэдүүлэг хэргийн бодитой байдалтай нийцэж байгааг мөрдөн шалгах явцад тогтоогоогүй байна ... гэрч Х.А-ын “...Д миний баруун нүдийг хавдтал цохьсон...” /хх 29-30/ гэсэн мэдүүлэг өгснийг шалгаж, тэдний хооронд хэрүүл, маргаан, зодоон болсон эсэх, хохирогч П.Д-д гэмтэл учирсан хэрэгтэй холбоотой эсэхийг тодруулах ...” гэж заасны дагуу прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн хохирогч, гэрч нарын хэнийх нь мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн талаар шалгаагүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй, гэрч Х.А, хохирогч П.Д- нарын хооронд болсон маргаан, зодоон хохирогч П.Д-д учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоогоогүй, эдгээр нөхцөл байдал нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөр байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор хохирогчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/964 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН