Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2023/0019

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн  107 дугаар  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК  

            Хариуцагч: ОАЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

            Гуравдагч этгээд: Г.П

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Б нарын хоорондын

 “ОАЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ........ байрлалтай нэгж талбарын 61041010.. дугаартай 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай 999.0 мкв газрын эзэмших эрхийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан олгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б” ХХК ОАЗД-д холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ......... байрлалтай нэгж талбарын 61041010.. дугаартай 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай 999.0 мкв газрын эзэмших эрхийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан олгуулах”-аар маргасан.  

            2. Нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн, гэрчилгээний 0000247.. дугаартай, нэгж талбарын 61041010.. дугаартай, улсын бүртгэлийн Э-21010021.. дугаартай газрын эрхийг иргэн Г.П-д шилжүүлсэн захиргааны актыг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн эзэмшилд уг газрын эзэмших эрхийг буцаан олгуулах тухай хүсэлтийг ОАЗД, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус гаргаж байжээ.

            3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаар албан бичгээр “ ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журамд нийцсэн гэж үзэж, аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамж гарсан байх тул та гомдлоо шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариуг өгсөн байна.

            2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

             “Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б болон иргэн Г.П нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын хууль ёсны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд ОАЗД захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1 дэх заалтад заасныг баримтлаагүй, хүчин төгөлдөр бус Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шийдвэр гаргасан гэж тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь ОАЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшилд байсан орон сууцны зориулалттай газрыг Г овогтой П-д шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ....... байрлалтай нэгж талбарын 61041010.. дугаартай 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай 999.0 мкв газрын эзэмших эрхийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан олгуулах” гэсэн байгаа. 2022 оны 07 дугаар сард захирамж гарахдаа нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулсан байна гэх гэрээг үндэслэж Засаг даргын захирамж гарсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх маргаан үргэлжилж байх үед Засаг даргын боловсруулсан эрх зүйн баримт бичиг буюу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний маргаан үргэлжилсэн. Энэ хэргийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ гэрээ нь байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж дүгнэсэн. Иргэний хэрэгт Г.П хариуцагчаар оролцож хариу тайлбар болон татгалзалаа эсэргүүцэж шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Хуулийн хугацаандаа давж заалдах гомдол гаргаагүй учир энэ шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж захирамж гаргаж байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан хэм хэмжээг зөрчиж гаргасан акт болсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэн ийм эрх хэмжээний акт болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой байна гэж үзэж байна. Захиргааны актын үндэслэл болсон газрын эрх шилжүүлэх гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь шүүхээр тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.”гэв.

            6. Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХХК болон иргэн Г.П нарын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан байсан. Энэ гэрээг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаартай захирамжаар иргэн Г-ын П-д шилжүүлсэн. Захиргааны хэрэг иргэний хэрэг маргааныг шийдэх хүртэл түдгэлзсэн байсан. Иргэний хэргийн шүүх тухайн гэрээг хянаж үзээд хүчингүй болгосон. Энэ гэрээг үндэслэж гарсан захирамжийг илт хууль бус акт гэж хэлж болохгүй. Анх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үед газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тухайн үед хүчин төгөлдөр гэрээ байсан, тэр үед хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг Засаг дарга мэдэх боломжгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь ОАЗД-д холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ....... байрлалтай нэгж талбарын 61041010.. дугаартай 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай 999.0 мкв газрын эзэмших эрхийг “Б” ХХК-ийн нэр дээр буцаан олгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ОАЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон.

            2. Хариуцагч Наториатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тус тус зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж, холбогдох баримт бичгийг хавсаргасан тул АЗД А/474 дугаар захирамжийг гаргасан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй гэж маргасан.

            3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

             4. Нэхэмжлэгч Б.Э нь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б” ХХК-ийн дүрмээр нотлогдож байна.

            5. ОАЗД 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/250 дугаар захирамжаар “Б” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сум ....... байрлалтай, 999 мкв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн, нэгж талбарын 61041010.. дугаартай, улсын бүртгэлийн Э-21010021.. дугаарт бүртгэж, 0000247.. дугаар Аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 06101-2016/000.. дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

            6. “Б” ХХК-ийн захирал Б.Э ОАЗД-д 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/2103 дугаар албан бичгээр өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум ........ байрлах 999 мкв газрыг эзэмших эрхийг Г-ын П-д шилжүүлэх хүсэлт гаргажээ.

            7. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б иргэн Г-ын П-тэй Орхон аймгийн Баян-Өндөр сум ........ байрлах 999 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулснаар АЗД 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/474 дугаар захирамжийн холбогдох заалтаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг иргэн Г.П-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.

            8. Газрын тухай хуулийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” гэсний 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ:”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

            9. Дээрхи хуулийн дагуу АЗД А/474 дугаар захирамж гарган газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Г.П-д шилжүүлсэн боловч “Газар эзэмших эрх шилжүүлэх” 0777 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасны дагуу 0777 дугаар гэрээний үндсэн дээр АЗД газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Г.П-д шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй боловч ““Газар эзэмших эрх шилжүүлэх” 0777 дугаар гэрээ”-г анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх тогтоосон учраас хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн гаргасан захиргааны акт болох А/474 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            11. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ОАЗД-ын А/474 дугаар захирамжийн иргэн Г.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.П-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийснийг дурдлаа.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн хуулийн  38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн  61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  А/474 дүгээр захирамжийн иргэн Г-ын П-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА