Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1325

 

 

 

 

 

 

 

 

 

З.Бгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэртэй,  

 

            Нэхэмжлэгч: З.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Эн нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар тус байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд томилогдож, 2015 оны 11 дүгээр сард амаржиж, захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын удирдлагад ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болон 11 дүгээр сарын 20-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахад дарга зөвшөөрөхгүй байгаа, шийдвэр гараагүй байгаа гэсэн. Уг асуудлаар Хүний эрхийн комисст өргөдөл гарган шийдэрлүүлэхэд миний эрхийг зөрчсөн болохыг тогтоож, ажилд томилуулах тухай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/08 дугаар шаардлагыг ажил олгогчид хүргүүлсний дараа 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар захирлын тушаалаар намайг дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон. Миний урьд ажиллаж байсан хэвлэл мэдээллийн орон тоо хэвээр байгаа бөгөөд ямар нэг байдлаар ажлын байр хасагдсан, цомхотгосон зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасны дагуу миний ажлын байр хэвээр хадгалагдаж байх ёстой бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу намайг хүсэлт гаргасан даруйд ажилд маань эгүүлэн томилох учиртай. Өөрөөр хэлбэл миний бие хүсэлт гаргасан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа томилогдон ажиллах ёстой, цалин хөлсөө хэвийн аваад хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явах ёстой байсан. Гэтэл миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр байхад миний мэргэжлээс шал өөр хяналтын операторын албан тушаалд буруу шилжүүлэн томилсон. Иймд “ЗТН” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Цалинтай тэнцэх олговрыг ажилд орох хүсэлтээ өгсөн буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож, 2015 оны 6, 7, 8 дугаар саруудад авч байсан нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгөөр тооцож, нийт ажилгүй байсан 201 хоногоор тооцож, нийт 10 897 147 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь манай байгууллагад 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б/99 тоот тушаалаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 тоот тушаалаар өөртэй нь харилцан тохиролцож дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон. Бид Б/98 тушаалын үндэслэлийг маргахгүй бөгөөд хууль зөрчсөн тушаал гэдгийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинг хуульд заасан журмын дагуу тооцож олгоход татгалзах зүйлгүй. Харин цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 3 854 906 төгрөг болж байна. Энэ хэмжээнд олгоход татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Бг “ЗТН” ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 054 706 төгрөгийг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулан З.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 842 441 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Бгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “ЗТН” ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 79 825 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хариуцагчаас талаас нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож дотоод хяналтын шалгалтын хэлтсийн хяналтын операторын ажилд томилсон. Мөн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо дундаж цалин хөлс тооцох журмыг баримталж хоол унааны хөнгөлөлтийг хасаж тооцоогүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож, 2015 оны 6, 7, 8 дугаар саруудад авч байсан нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгийг, нийт ажилгүй байсан 201 хоногоор тооцож, нийт 10 897 147 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 3 854 906 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч З.Б нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалын хавсралтаар хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 тоот “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан ба нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 01, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд “ЗТН ОНӨААТҮГ-т урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтээ гаргаж байсан, хариуцагч байгууллагыг ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандсанаар “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт шаардлага хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 4, 8-9/

 

Улмаар хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар З.Бг тус нэгтгэлийн Дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас дээрх тушаалыг хууль зөрчсөн гэдэгтэй маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргажээ.

tНэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын удирдлагад ажилд орох хүсэлтээ бичгээр гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 тоот “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал нь З.Бд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь З.Бг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажилд нь авч ажиллуулах үүрэг үүссэн гэж дүгнэн, ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө дуусах өдрөөс түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 134 хоногоор тооцсон нь зөв байна.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул бие даасан шаардлага гэж үзээгүйг буруутгах боломжгүй.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийг Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас 4 054 706 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад “Цалингийн тооцооны карт” гэх баримтыг гаргаж өгсөн ба уг баримтад хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 6 сард 4 хоног, 7 сард 16 хоног, 8 сард 16 хоног ажилласан бөгөөд энэ саруудын нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгөөр тооцож, олгох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас “ЗТН” ОНӨААТҮГ-ын төлсөн 80 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

  

                                       ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

                      

                                                                                                   Д.ЦОГТСАЙХАН