| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/04792/И |
| Дугаар | 183/шш2023/03311 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 183/шш2023/03311
| 2023 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2023/03311 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу-83, С гудамж ** тоот хаягт оршин суух, регистрийн ******** дугаартай, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг ** дугаар хороо, Г ХК-ийн байр, ** тоот хаягт байрлах, регистрийн ********* дугаартай, Н ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Б хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Т овогтой Л-ийн Б-д тус тус холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50.038.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Н ХХК болон Л.Б-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50.038.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ****** тоот зам барилгын ажлын гэрээг Н ХХК болон түүний гүйцэтгэх захирал Л.Б-тай харилцан тохиролцож, байгуулсан болно. Гэрээнд тусгагдсаны дагуу манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр уг гэрээнд тусгагдсан ажлыг бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгч, гүйцэтгэлийн нэхэмжлэлийн дагуу захиалагч талтай 44.825.000 төгрөгөөр тооцон тооцоо нийлж, уг гэрээг дуусгавар болгон, тухайн замыг хүлээлгэн өгсөн болно. Гэвч захиалагч тал болох Н ХХК, Л.Б нар нь одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй учир гэрээнд харилцан тохиролцож байгуулсны дагуу гэрээний долоодугаар зүйлийг үндэслэн, хоног тутамд 0.01 хувийн алданги тооцон нэхэмжилж байна. Иймд хариуцагч талаас гэрээний төлбөр болох 44.825.000 төгрөг, түүний алданги болох 5.213.147 төгрөг, нийт 50.038.147 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компаниас захиалгаар зам барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, холбогдож гарсан зардлыг хариуцагч талуудаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нэхэмжлэгч компани ажлаа дутуу гүйцэтгэсэн бөгөөд надад тухайн ажлыг хүлээлгэн өгөөгүй, бид энэ талаар акт тогтоож, тооцоо нийлсэн зүйл байхгүй. Эднийх надаар бензин шатахуун болон сэлбэгний төлбөрөө төлүүлсэн. Ямар нэгэн ажил хийгээгүй байж шууд төлбөр нэхэмжилж, дээр нь алданги тооцож байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна. Тухайн хийсэн гээд байгаа замыг одоо хүртэл ашиглаж чадаагүй, барилгын суурийн ухмал нь яг хэвэндээ байгаа. Тэрийгээ гүйцээгээд хийчихвэл би төлбөр төлөхөд татгалзах юм байхгүй. Гэвч ямар нэгэн ажил хийгдээгүй, надад хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 408.200 төгрөг төлсөн баримт, И ХХК-иас Т.Б-д олгосон итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр зам барилгын ажлын гэрээний хуулбар, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 9 хуудас фото зураг, Э ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлсэн.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн буюу Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ****** дүгээр албан бичиг, гэрч Ц.Н-ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаар бүхий Зам барилгын ажлын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1,2 га газарт 8100 м.куб үйлдвэрийн барилгын суурийн газар шорооны ажил, 990 м.куб зөөврийн далан байгуулах ажил болон 800 м.кв төв замаас үйлдвэрийн хашаа хүртэлх хайрган хучилттай автозамын ул хөрс, далангийн нягтруулалтын ажлыг Монгол Улсын Автозамын тухай хууль, барилгын норм, дүрэм, захиалагчийн болон стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын хөлс 44.825.000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.
3. Нэхэмжлэгч нь тухайн зам барилгын ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсийг алдангийн хамтаар гаргуулна хэмээн, хариуцагч нь ажлыг хийгээгүй, дутуу хийсэн, мөн актаар хүлээлгэн өгөөгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй хэмээн тус тус маргасан.
4. Хэрэгт нэхэмжлэгч И ХХК-ийн гүйцэтгэсэн ажил хэр хэмжээтэй буюу ямар ямар ажлыг, хэдэн төгрөгийн зардлаар хийсэн болох, тухайн гүйцэтгэсэн гэх ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд ийм баримтыг талууд үйлдээгүй болохоо тайлбарласан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч тухайн томилогдсон шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасан үндэслэлээр буюу тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй хэмээн шинжилгээ хийхээс татгалзсан.
Өөрөөр хэлбэл, талууд тухайн хийлгэсэн гэх ажлын үр дүнг тооцож, энэ талаар тооцоо нийлэх шаардлагатай ба шүүхийн шатанд уг хийсэн болон хийгдээгүй ажлын хэмжээг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ба талууд мөн тухайн агуулгыг гэрээний 2.2, 3.1, 6.1-д тус тус тусгаж, харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь хийсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нөгөө талаар, хариуцагч мөн тухайн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгээгүй, эсхүл дутуу гүйцэтгэсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй.
Мөн хариуцагчаас гаргаж ирүүлсэн Э ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд нэхэмжлэгч буюу И ХХК-ийн эрх бүхий этгээдийг байлцуулаагүй, зөвхөн хариуцагч талын төлөөлөгчийг байлцуулж дүгнэлт гаргасан, мөн тухайн шинжээчид шинжээчийн эдлэх эрх, үүргийг болон хүлээх хариуцлагыг танилцуулаагүй байх тул тухайн үнэлгээний тайланг шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ц.Н-ын Хийсэн ажлын үр дүнг Л.Б-д хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй.
Тэгэхээр талууд өөрсдөө тухайн газар дээр хийгдсэн болон хийгдээгүй ажлын хэмжээг тогтоож, тооцоо нийлж, ажлын үр дүнг тооцох шаардлагатай бөгөөд үүний дараа тухайн гэрээний дагуу төлбөр төлөгдөх эсэхийг шийдвэрлүүлэх боломжтой байна.
6. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК болон Л.Б нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50.038.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК болон Л.Б нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50.038.147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА