Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2015/00562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00356/и

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч П.Баттулга, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын *** дугаар баг, **** тоотод оршин суух, **** овогт ****ын **** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймгийн **** сумын *** дугаар баг,*** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, **** овогт ****ийн **** /регистрийн дугаар ****, утас ****/-т холбогдох

Гэм хорын хохирол 2,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****, нарийн бичгийн дарга  Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр **** хүнсний дэлгүүрт орж гар утасны нэгж худалдаж аваад гарахдаа үүдний өрөөний плита шалан дээр хальтарч унасан. Үүнээс болж миний зүүн хөлийн өвдөг гэмтсэн. Энэ талаар эмнэлгийн гэмтлийн эмч онош тавиад гипсдсэн. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд рентген зураг, соронзон үелзүүр томографи  аппаратаар оношлуулж дунд чөмөгний булууны ясны эдийн няцрал, тойгны хагас мултрал онош 3 дугаар сарын 05-ны өдөр тогтоогдож тойгонд бэхэлгээ хийсэн. 3 дугаар сарын 27-ны өдөр дахин эмчид үзүүлж тойгны бэхэлгээгээ өвдөгний бэхэлгээгээр солиулсан. Цаашид сарын дараа ГССҮТөвд дахин үзүүлнэ, шаардлагатай бол нөхөн сэргээх хагалгаа хийгдэнэ гэсэн. Би одоог хүртэл бие даан явж чадахгүй байна. Би өөрийн хөлийн эмчилгээний зардал, бэртэл авсны гэм хорын хохирол болох гипс эм, тос, рентген зураг, Улаанбаатар хот орж MRI  томографикийн зураг оношлогоо, ирж очих болон бусад зардалд 580,000 төгрөг, миний бие 3 сар хэвтэрт байсны 1,950,000 төгрөг нийт 2,530,000 төгрөгийг уг дэлгүүрийн эзэн С.Ч****аас гаргуулан олгож өгнө үү. Хууль тогтоомжинд албан байгууллага, үйлчилгээний газрууд нь өөрийн байгууллагын 50 метр доторх цас мөс зэргийг цэвэрлэж халтиргаа гулгаатай газрын халтиргааг хивсэнцэр болон резинэн гишгүүр дэвсэж үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх нөхцлийг хангана гэсэн заалтыг биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж байна. Иймд гэмтсэн иргэнийхээ эрх ашгийг хамгаалж учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө гэдэгт огт эргэлзэхгүй байна. ”гэв.

 

Хариуцагч С.Ч**** нь шүүхэд  болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

     “...Б.Б**** нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр **** хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа халтирч унасан учир эмчилгээний зардал болон явсан замын зардал, бензин тос, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нийт 2,530,000 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэн Б.Б**** нь тухайн өдөр дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ согтуу байсныг манай дэлгүүрийн худалдагч нотолно. Өөрөөр хэлбэл согтуу орж ирээд гарахдаа халтирч унасан учраас өөрийнх нь буруутай үйлдлийг манай дэлгүүр хариуцахгүй. Хэрвээ дэлгүүрийн үүдэнд мөстэй байсан бол хүн болгон халтирч унаж, бэртэх байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б**** нь хариуцагч  С.Ч****т холбогдуулан эрүүл мэндийн хохирол, эмчилгээний зардал 2,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар Б.Б****ийн нэхэмжлэлтэй, С.Ч****т холбогдох гэм хорын хохирол 2,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б****оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,430 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА

 

                        ШҮҮГЧИД                                                       П.БАТТУЛГА

 

                                                                                                Ж.ЛХАГВАСҮРЭН