| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/1132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1076 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Д |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Д,
шүүгдэгч Б.Н, Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” ХХК-нд барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ****** хэсэг, ** дугаар гудамжны **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ***** овогт Б.Н /РД: **********/,
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн **** хороо, ****** дугаар байрны ** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Т.М /РД: ********/
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** автобусны буудал дээр хохирогч Н.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хоёр хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Т.М нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** автобусны буудал дээр хохирогч Б.Нтай маргалдаж, улмаар түүнийг газарт унасан байхад нь хөлөөрөө дээрээс нь өшиглөх, дэвсэх үйлдлээр эрүүл мэндэд нь “зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н, Т.М нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч Б.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр шөнө архи уугаад нэг нэгэнтэйгээ маргаж, муудалцсан байна. Би Маргад-Эрдэнээс уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр үед согтуу байсан тул өөрийгөө хянах чадваргүй байсан. Намсрайгаас уучлалт хүсэж байна. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
4. Хохирогч Б.Нн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
5. Хохирогч Н.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дүгээр хуудас/,
6. Хохирогч Б.Нн эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз бичиг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
9. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу бичиг, үзлэгийн хуудас, эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрийн баримт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
10. Гэрч Н.П-н мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,
11. Гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,
12. Гэрч Н.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,
13. Гэрч Б.Е-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
14. Гэрч Л.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
15. Гэрч Н.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,
16. Гэрч О.Г-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 90-92 дугаар хуудас/,
17. Гэрч Н.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,
18. Гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,
19. Гэрч Г.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч Б.Н, Т.М нарын урьд шүүхээр ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 123, 138 дугаар хуудас/,
21. Шүүгдэгч Т.Мийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 124-137 дугаар хуудас/,
22. Хохирогч Б.Нн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
23. Шүүгдэгч Б.Нн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 141-148 дугаар хуудас/,
24. Шүүгдэгч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,
25. Шүүгдэгч Т.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/,
26. Шүүгдэгч Т.Мэс хохирол төлсөн талаарх банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 181-183 дугаар хуудас/,
27. Хохирогч Б.Нн “хохиролд 10,000,000 төгрөг авсан, гомдол, саналгүй” гэх гар бичмэл /хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,
28. Хохирогч Н.Зын “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн гар бичмэл /хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Н, Т.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н, Т.М нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Н, Т.М нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
1. Хохирогч Н.Зын эрүүл мэндэд учирсан “хамар ясны хоёр хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Нн гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** автобусны буудал дээр хохирогч Н.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хоёр хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч Б.Нн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон хэмээн дүгнэлээ.
2. Хохирогч Б.Нн эрүүл мэндэд учирсан “зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий гэмтэл нь шүүгдэгч Т.Мийн гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.М нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ****** автобусны буудал дээр хохирогч Б.Нтай маргалдаж, улмаар түүнийг газарт унасан байхад нь хөлөөрөө дээрээс нь өшиглөх, дэвсэх үйлдлээр эрүүл мэндэд нь “зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч Т.Мийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
3. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч Б.Н, Т.М нарын зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь, хохирогч Б.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тус тус гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Н.З нь “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Б.Нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Н нь “хохиролд 10,000,000 төгрөг авсан, гомдол, саналгүй” гэдгээ мөн бичгээр илэрхийлж, хохирол авсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Т.Мийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,595,360 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн болох нь баримтаар тогтоогдсон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасан тул шүүгдэгч Т.М нь баримтаар тогтоогдсон хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.
Иймд, хохирогч Б.Нн Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан тусламж, үйлчилгээ авсан 1,595,360 төгрөгийг шүүгдэгч Т.М-эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Б.Н, Т.М нар нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл:
1. Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг,
2. Шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж шийдлээ.
Энэ хэрэгт Б.Н, Т.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Т.Мд 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Нд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд, Т.Мд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.Н, Т.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Т.М-ээс 1,595,360 /нэг сая таван зуун ерөн таван мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н, Т.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ