Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 119/ШШ2023/0021

 

 Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК  

            Хариуцагч: ОА-ийн ЖСЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Ч нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: “ОА-ийн ЖСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/186 дугаар захирамжийн хавсралтын 9, 10 дахь хэсгийг хүчингүй болгож, компанийн газар эзэмших эрхийг сэргээх” тухай маргааныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХХК ОА-ийн ЖСЗД-д холбогдуулан “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/186 дугаар захирамжийн хавсралтын 9, 10 дахь хэсгийг хүчингүй болгож, компанийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОА-ийн ЖСЗД-ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/130 дугаар захирамжийг хэвээр үлдээгээд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгуулахаар  эвлэрэх саналтай байна” гэв.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн захирал Б.А Төрийн аудитын дүгнэлтийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулбал газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгах боломжтой. Тиймээс эвлэрлийн гэрээ байгуулж болно.” гэв. 

            4. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Эвлэрлийн гэрээндээ: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ХХК-ны нэхэмжлэлтэй ОА-ийн ЖСЗД-д холбогдох захиргааны хэргийн оролцогчид шүүх хуралдааны явцад доорхи байдлаар эвлэрч байна.  Үүнд:

             1. Төрийн аудитын дүгнэлтийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг 2607 м2, 3159 м2 газар тус бүрт төлж барагдуулах ;

            2. ОА-ийн ЖСЗД 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/130 тоот захирамжийг хэвээр үлдээж газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж гэрчилгээ олгох, дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж өгөх гэсэн байдлаар эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э” компанийн захирал Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Х.Ч нар нь шүүх хуралдааны  явцад нэхэмжлэгч Төрийн аудитын дүгнэлтийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах ОА-ийн ЖСЗД 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/130 тоот захирамжийг хэвээр үлдээж газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж гэрчилгээ олгох, Дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.

            Хариуцагч ОА-ийн ЖСЗД-ын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/406 дугаартай албан бичгээр олгосон  итгэмжлэл хүчин төгөлдөр бөгөөд итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхийн тусгайлан зааж олгосон байна.

            Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч ОА-ийн ЖСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, 119/2023/0015/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА