Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1326

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХААБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01053 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: “ХААБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Зуучлалын үйлчилгээний хөлсөнд илүү төлсөн 43 605 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э.нар оролцов.

Нэхэмжлэгч “ХААБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХААБ” ХХК нь “Б” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр зуучлагч “Б” ХХК нь биржийн гаргасан нэмэлт хувьцааг өөрийн харилцагчид болон биржийн хувьцаа эзэмших сонирхолтой хувь хүн, хуулийн этгээдэд санал болгож зуучлах, бирж нь зуучлалын үйлчилгээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Биржийн хувьчлалын үйл ажиллагаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий 5 компани “Б” ХХК-иар зуучлуулан оролцож, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус бүрдээ X-16/039, X-16/040, X-16/041, X-16/042, X-16/043 дугаар бүхий хувьцаа худалдан авах гэрээ 3 жилийн хугацаатай байгуулан, хувьцааны төлбөрийн урьдчилгаанд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 969 000 000 төгрөгийг төлсөн. Худалдан авагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий 5 компани нь хувьцаа худалдан авах гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 18-наас хойш хувьцааны үлдэгдэл 90 хувийн төлбөрийг төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан болно. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 2-т зуучлагчаар зуучлуулсан этгээд нь биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцааны төлбөр биржийн дансанд орсоны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө гэж заасны дагуу “Б” ХХК-тай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Бирж дээрх 5 компаниас биржийн дансанд орсон 969 000 000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 0.5 хувиар тооцож зуучлалын хөлс 4 845 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэвч гэрээ дүгнэсэн актад шилжүүлэх мөнгөний тоон дүнг 48 450 000 гэж бичиж, тоон дүнг үсгээр задалж бичихдээ /дөрвөн сая найман зуун дөчин таван мянга/ гэж зөрүүтэй бичсэн ч гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тохиолдолд биржийн дансанд нийт орох ёстой 9 690 000 000 төгрөгнөөс 0.5 хувиар тооцож 48 450 000 төгрөгийг шилжүүлж гэрээний заалтыг зөрчсөн байна. Санхүүгийн төлбөр тооцооны журмаар бол тоон дүнг чухалчилдаггүй, харин хаалтан дотор үсгээр задалж бичсэн дүнгээр шилжүүлгийг хийдэг.

Энэ асуудал нь мөн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар зөрчил болон илэрч, уг зөрчилд акт тавьж, зөрүүг нөхөн төлүүлэх үүрэг өгсөн. Энэ талаар бид “Б” ХХК-д албан бичиг хүргүүлж, захирал Д.Амгалантай уулзаж, зөрүү мөнгийг буцаан төлүүлэх талаар хандсан ч одоо болтол шийдэгдээгүй байна. Иймд энэхүү зуучлалын үйлчилгээний хөлсөнд илүү төлөгдсөн 43 605 000 төгрөгийг “Б” ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган брокер” ҮЦК /цаашид Зуучлагч гэх/ нь “ХААБ” ХХК /цаашид бирж гэх/-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /цаашид зуучлалын гэрээ гэх/ байгуулсан. Тус гэрээгээр зуучлагч нь биржийн гаргасан нэмэлт хувьцааг өөрийн харилцагчид болон биржийн хувьцааг эзэмшиж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүн, хуулийн этгээдэд санал болгон зуучилж, биржтэй холбож өгөх үүрэг хүлээсэн ба энэхүү үйлчилгээний хариу төлбөрт хувьцааны төлбөрийн 0.5 хувийн шимтгэл авахаар харилцан тохиролцсон юм.

Гэрээгээр зуучлагч нь биржийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтад нийцсэн болно.

Харин гэрээ болон Иргэний хуулийн дээрх заалтаас үзэхэд зуучлагч нь бирж болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх аливаа үүрэг хүлээгээгүй байна. Зуучлагч нь БНХАУ-н нэр бүхий 5 компанийг зуучлан биржтэй холбож өгсний үндсэн дээр бирж нь тэдгээр компаниудтай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус бүр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Ийнхүү зуучлагч гэрээ болон хуулиар хүлээсэн биржийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргээ биелүүлсэн нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ дүнгэсэн 16/01 тоот акт болон 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Х-16/041, Х-16/043, Х-16/039, Х-16/042, Х-16/040 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдээр нотлогдож байгаа болно.

Зуучлагчаар дамжуулан гуравдагч этгээдтэй байгуулсан Биржийн хувьцаа худалдах, худалдан авах X-16/041, Х-16/043, Х-16/039, Х-16/042, Х-16/040 тоот гэрээнүүдийн үнийн нийлбэр дүн нь 9 690 000 000 төгрөг болсон тул зуучлалын гэрээний 3.2-т “Зуучлагчаар зуучлуулсан этгээд нь биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэлийг зуучлагчид төлнө” гэж заасны дагуу бирж нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ дүгнэсэн акт үйлдэн 9 690 000 000 төгрөгийн 0.5 хувь буюу 48 450 000 төгрөгийг зуучлагчид шилжүүлсэн юм. Ийнхүү талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр зуучлалын гэрээ дуусгавар болсон юм. Гэтэл дээрх гэрээ дүгнэсэн актад 48 450 000 төгрөг-ийг үсгээр бичихдээ дөрвөн сая найман зуун дөчин таван мянга төгрөг гэж бичсэн техникийн алдаа гаргасан бөгөөд ийнхүү гэрээ дүгнэсэн актад үнийн дүнг буруу бичсэн техникийн алдаа гаргасан нь зуучлалын үйлчилгээний хөлс төлөх тухай зуучлалын гэрээний холбогдох заалтыг тус гэрээний агуулгаас өөрөөр тайлбарлах үндэслэл болохгүй юм. Тодруулбал, зуучлалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “бирж гэрээний 2.4-т заасан бүртгэлийн жагсаалтыг гэрээний хугацаа дуусахад зуучлагчаас гаргуулан авч, гэрээг дүгнэн, зуучлалын хөлс шимтгэлийг төлнө” гэж зааснаас үзэхэд зуучлагчаар зуучлуулсан этгээд хувьцааны төлбөрийг биржид бүрэн төлсний дараа зуучлалын үйлчилгээний хөлсийг бүрэн төлөх агуулга илэрхийлээгүй байна. Харин зуучлалын гэрэний хугацаа дуусахад буюу гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор зуучлалын хөлс шимтгэлийг төлөхөөр байна.

Түүнчлэн бирж нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан этгээдтэй төлбөрийн нөхцөлийг ямарч байдлаар харилцан тохиролцож болох бөгөөд гуравдагч этгээд хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэрхэн биелүүлэх нь зуучлалын гэрээгээр үзүүлэх үйлчилгээ үр дүнд огт хамааралгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг болон зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 1 дугаар зүйлийн.1, 2 дугаар зүйлий 1 дэх заалтаас үзэхэд зуучлалын гэрээгээр гүйцэтгэх зуучлагчийн үндсэн ажил нь бирж болон гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан байх явдал тул биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гуравдагч этгээд тус гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх нь зуучлагчийн үйлчилгээний хөлсийг тодорхойлох үндэслэл болохгүй. Иймд зуучлалын үйлчилгээний хөлсийг илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б”ХХК-иас 43 605 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ХААБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “ХААБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 122 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр хэргийг шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Баатар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “ХААБ” ХХК нь гэрээний дагуу “Б” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, зуучлагч, “Б” ХХК нь ХААБийн гаргасан нэмэлт хувьцааг өөрийн харилцагчид болон Биржийн хувьцаа сонирхолтой хувь хүн, хуулийн этгээдэд санал болгож зуучлах, зуучлагч ХААБ нь зуучлалын үйлчилгээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан “Зуучлалын гэрээ” байгуулсан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зуучлалын гэрээ үзүүлэх гэрээ”-ний нөхцлийг талууд харилцан тохиролцож тусгасан байх бөгөөд гэрээний 3.2-д “зуучлагчаар зуучлуулсан этгээд нь биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө” гэж заажээ.

Иймээс уг заалтыг үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу талууд зуучлалын хөлсийн хэмжээг хэрхэн тохиролцсныг тогтоох нь зүйтэй байна.

Талуудын зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ дүгнэсэн актад “... Иймд зуучлалын гэрээ үзүүлэх гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэн “ХААБ” ХХК нь хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 0.5% буюу...” гэж тодорхойлсон, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Б” ХХК-иас “ХААБ” ХХК-д явуулсан “нэхэмжлэх”-ээр зуучлалын хөлс 48 450 000 төгрөгийг нэхэмжилсэн, гэрч Д.Батжаргал “зуучлалын хөлсийг худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 0.5%-иар буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний нөхцлийг харилцан тохиролцож тусгасан байх бөгөөд гэрээний 3.2-д “Зуучлагчаар зуучлуулсан этгээд нь биржтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө” гэж  заасан нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлйн 44.1-д “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож  хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл” гэж зааснаар зуучлуулагч “ХААБ” нь зуучлалын үйлчилгээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцохдоо гэрээний 3.2-д “...Хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө” гэсэн нь зуучлагч “Б ” ХХК-д болзол тавьж буюу хувьцаа зарагдаж хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа шимтгэл төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн.

Нэхэмжлэгч “ХААБ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 3.2-д “Зуучлагчаар зуучлуулсан этгээд нь биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө” гэж зуучлалын үйчилгээний хөлсөнд шимтгэл төлөх нөхцлийг харилцан тохиролцож тусгасан байх бөгөөд зуучлагч “Б” ХХК нь энэхүү шимтгэл төлөх нөхцлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “ Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 3.2-д “...хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэл зуучлагчид төлнө” гэсэн нь хувьцаа зарагдаж хувьцааны төлбөр биржийн дансанд орсны дараа гэх агуулгаар талууд зуучлалын хөлсийн хэмжээг тохиролцсон.

Гэвч шүүх “ХААБ” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зуучлалын гэрээний хөлсөнд 48 450 000 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулсан “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нийцсэн байна хэмээн дүгнэсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ХААБ” ХХК нь хариуцагч “Булган брокер” ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлсөнд илүү төлсөн 43 605 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

“ХААБ” ХХК нь “Б” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, зуучлагч “Б” ХХК нь ХААБийн гаргасан нэмэлт хувьцааг худалдахад өөрийн харилцагчид болон хувьцаа эзэмших сонирхолтой хувь хүн, хуулийн этгээдэд санал болгон зуучлах, зуучлуулагч ХААБ нь зуучлалын үйлчилгээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцон байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх-48/

Зохигчдын хооронд байгуулагдсан “Зуучлалын гэрээ”-гээр зуучлагч тал болох “Б” ХХК нь БНХАУ-н нэр бүхий 5 компанийг зуучлан “ХААБ” ХХК-тай холбож өгснөөр тус компаниудтай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх ба худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүн 9 690 000 000 төгрөг, худалдан авагч тал 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хувьцааны урьдчилгаа 10 хувийн төлбөр 969 000 000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд шилжиж орсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зуучлалын гэрээний дагуу “Б” ХХК-д зуучлалын хөлс 4 845 000 төгрөгийг төлөх ёстой байтал гэрээ дүгнэсэн актад төлөх үнийн дүнг буруу бичиж илүү 43 605 000 төгрөгийг шилжүүлсэн” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрээний дагуу хөлсөө авсан” гэж тус тус тайлбарлажээ.

Гэрээний 3.2-т “Зуучлагчаар зуучлуулсан этгээд нь Биржтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцааны төлбөр Биржийн дансанд орсны дараа зуучлалын үйлчилгээний хөлсөнд 0.5 хувийн шимтгэлийг зуучлагчид төлнө” гэж заасан байх ба анхан шатны шүүх хэргийн 160, 161 дүгээр талд авагдсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ дүгнэсэн акт, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Б” ХХК-иас “ХААБ” ХХК-д явуулсан нэхэмжлэх, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэж, зуучлалын хөлсийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

“ХААБ” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зуучлалын гэрээний хөлсөнд 48 450 000 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлснийг анхан шатны шүүх “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүргээ нэхэмжлэгч нь биелүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААБ” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

           

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН