Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00327/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** хот, **** дүүрэг, **** гудамж, **** ХХК /утас ****, ****/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймгийн **** сум, **** дугаар баг, **** байр **** тоотод байрлах **** ХХК /утас ****/-д холбогдох

115,340,051.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****, Х.М****, хариуцагч **** ХХК-ий захирал Б.Бя****, нарийн бичгийн дарга Б.Э**** нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...**** ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр PD-IB-11008 тоот Интернэтийн урсгалаар хангах  үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. **** ХХК нь энэхүү гэрээний 6.2-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний 2013 оны 06 сараас 12 сар, 2014 оны 01 сараас 10 дугаар саруудын төлбөр нийт 93,873,615.21 төгрөгийг төлөөгүй учир гэрээний 3.7 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон болно. **** ХХК-г гэрээнийхээ үүргийг биелүүлж Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж удаа дараа мэдэгдсэн боловч уг үйлчилгээний төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй байна. Иймд **** ХХК-аас Интернэтийн үйлчилгээний төлбөрт 93,873,615,21 төгрөг мөн уг төлбөрт тооцсон алданги болох 46,503,143.62 төгрөг нийт 140,376,758.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Бид хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцан уг төлбөр тооцооны баримт, хэрэглээний дэлгэрэнгүйг шалгахад Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний төлбөр илүү нэхэмжлэгдсэн байна. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагаа 25,036,707 төгрөгөөр багасгаж 2013 оны 06 дугаар сараас 12 сар, 2014 оны 01 дүгээр сараас 09 дүгээр саруудын төлбөрт 76,893,367.74 төгрөг мөн уг төлбөрт тооцсон алданги 38,446,683.87 төгрөг нийт 115,340,051.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна.” гэв.

 

Хариуцагч **** ХХК-ий захирал Б.Бя**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...**** ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байсантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед тус компаний гүйцэтгэх захирлаар Г.А**** ажиллаж байсан ба ямар үндэслэлээр 2013 оны 06 сараас эхлэн төлбөрөө төлөхөө больсон шалтгааныг би мэдэхгүй байна. Учир нь миний бие нь 2014 оны 07 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэлд 2013 оны 06 сараас 12 сар, 2014 оны 01 сараас 10 дугаар саруудын нийт төлбөр 93,873,615.21 төгрөг нэхэмжилсэн байна. Сар бүр хэдэн төгрөгний төлбөр төлөх ёстой болон уг мөнгөн дүн ямар үндэслэлээр тооцогдож байгаа талаар тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК нь Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 93,873,615 төгрөг 21 мөнгө, алданги 46,503,143 төгрөг 62 мөнгө, нийт 140,376,758 төгрөг, 86 мөнгийг хариуцагч **** ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөр 76,893,367 төгрөг 74 мөнгө, алданги 38,446,683 төгрөг 87 төгрөг, нийт 115,340,051 төгрөг 61 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээ байгуулж,гэрээгээр нэхэмжлэгч **** ХХК нь өөрийн шилэн кабелийн сүлжээг ашиглан захиалагчийн захиалгын дагуу интернэтийн урсгалаар хангах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэх, хариуцагч **** ХХК нь сарын үйлчилгээний төлбөрийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцож, гэрээг 2011 оны 10 дугаар сарын 01-ээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг дуусгавар болгох талаар санал тавиагүй бол гэрээ нь дахин нэг жилээр сунгагдсанд тооцохоор гэрээний хугацааг заасан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2011оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээ/ хх-4/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** ХХК-ний гаргасан хүсэлт, 2011оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2013 оны 06 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сарын 25 Мбит/сек хурдтай, нэгжийн үнэ 128,000 / НӨАТ тооцоогүй үнэ/ төгрөг, нийт 3,200,000 төгрөгийн үнэтэй, 2013 оны 12 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 40 Мбит/сек хурдтай, нэгжийн үнэ 128,000 / НӨАТ тооцоогүй үнэ/ төгрөг, нийт 5,120,000 төгрөгийн үнэтэй интернэтийн урсгалаар хариуцагчийг хангаж байсан болох нь **** ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13/06/01 тоот “Урсгал өөрчлөх тухай” албан бичиг /хх-34/, **** ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн интернэтийн урсгалын ачаалал /хх-36-42/, Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээний захиалгын хуудас №6  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч **** ХХК-ний интернэтийн урсгал хэрэглэсний төлбөр нь 2013 оны 06 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны үндсэн төлбөр 21,118,400 төгрөг, , 2013 оны 12 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 55,774,967 төгрөг, нийт 76,893,367 төгрөг 74 мөнгө болжээ /хх-33/.

Хариуцагч **** ХХК-ний захирал Б.Бя**** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, энэ компани захирал нь **** гэж хүн байсан. Би сүүлд захирал болсон. Энэ талаар мэдэхгүй ...” гэж шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарлажээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээний 12 дугаар зүйлийн 12.3-т “Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацаны туршдаа хүчин төгөлдөр байна” гэж заасан, мөн Б.Бя**** нь **** ХХК-ний захирлаар 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн, Б.Бя****ийг захирлаар ажиллаж байх хугацаанд тус компани нь интернэтийн үйлчилгээг хэрэглэж, интернэтийн үйлчилгээ явуулж байсан байх тул хариуцагч **** ХХК-нийг төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигч талуудын байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  Интернэтийн урсгалаар хангах үйлчилгээний гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “захиалагч гэрэний тлбөрийг гэрээнд заасан тогтоосон хугацаанд төлөөггүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “****” ХХК-иас нэхэмжилсэн алданги 38,446,683.87 төгрөгийг хариуцагч “****”ХХК -иас гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “****”ХХК –иас үндсэн төлбөр 76,893,367 төгрөг 74 мөнгө, алданги 38,446,683 төгрөг 87 төгрөг, нийт 115,340,051 төгрөг 61 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 243 дугаар зүйлийн 243.1-т  заасныг баримтлан хариуцагч “****”ХХК –иас үндсэн төлбөр 76,893,367 төгрөг 74 мөнгө, алданги 38,446,683 төгрөг 87 төгрөг, нийт 115,340,051 төгрөг 61 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-нд олгох олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “****” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859,834 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “****”ХХК улсын тэмдэгтийн хураамж 734,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА