Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00320/и

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: **** аймгийн **** сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг *** тоотод оршин суух, **** овогт ****гийн **** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г****, П.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие **** аймгийн **** сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг, **** тоотод байрлах 90,0 мкв талбай бүхий хувийн орон сууц, 68,0 мкв талбай бүхий дэлгүүрийн барилга, 216,0 мкв талбай бүхий граж, үйлдвэрийн зориулалттай барилга зэргийг өмчилдөг. **** ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ хувийн сууцны байшинг 56,400,000 төгрөг, дэлгүүрийн барилгыг 27,200,000 төгрөг, граж, үйлдвэрийн зориулалттай барилгыг 120,800,000 төгрөг, нийт 204,400,000  төгрөгөөр үнэлсэн юм. Дээрх компаний үнэлгээ хийсэн орон сууц нь шүүхийн шийдвэрт заагдсан дуудлага худалдаанд оруулах орон сууц биш, өөрөөр хэлбэл **** аймгийн **** сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг *** тоот орон сууц биш бөгөөд өөр хүний өмчлөлийн орон сууцыг үнэлж, зургийг нь авч үнэлгээнд хавсаргасан байна. *** хөгжлийн банкинд барьцаанд тавьж зээл авсан орон сууц нь тухайн тухайн үед 1 давхар байсан,  одоо өргөтгөж 2 давхар хувийн орон сууц болгон өргөжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл орон сууцыг нэг давхар байхад нь барьцаанд тавьсан бөгөөд сүүлд үнэлгээ хийхэд 2 давхар болсон. Үүнийг андуурч хажуу айлын нэг давхар байшинг үнэлсэн байна.  **** ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний  **** дугаартай, улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг, *** тоот орон сууц нь нийт 78,0 мкв талбайтай хувийн сууц, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, **** дугаар 2825,52 мкв талбай бүхий газрын гэрчилгээтэй мөн улсын бүртгэлийн **** дугаартай 162,0 мкв талбай бүхий 9 машины граж зэргийг үнэлэх ёстой юм. Шүүхийн шийдвэрээр дээрх үнэлгээний зургаар авагдсан байшинг дуудлага худалдаанд оруулахад гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байгаа юм. Иймд **** ХХК-ий 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хувийн орон сууц, дэлгүүрийн барилга, граж, үйлдвэрийн зориулалттай барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэж өгнө үү. ” гэв.

 

 Хариуцагч **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд  ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “...**** аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр ****гийн ****, ****гийн **** нараас 76,288,527 төгрөгийг гаргуулж, **** банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч ****, Б.Т**** нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банкны барьцаа хөрөнгө болох **** сум, *** дугаар баг, **** тоотод байрлах **** тоот гэрчилгээтэй 2825,5 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, **** улсын бүртгэлийн дугаарт  бүртгэгдсэн 78,0 мкв талбай бүхий хувийн сууц, **** тоот гэрчилгээтэй, **** улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 68,0 мкв талбайтай дэлгүүрийн барилга, **** улсын дугаарт бүртгэгдсэн 162,0 мкв талбай бүхий 9 машины гражийн  хамт битүүмжлэн хураан төлбөр төлөгч ****, Б.Т**** нараас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот ахлах гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолоор **** ХХК-аар үнэлгээ хийлгэсэн болно.

Уг үнэлгээгээр дээрх банкны барьцаа хөрөнгийг нийт 204,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч талд танилцуулсан бөгөөд ****гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд **** банк нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Эвлэрлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөөгүй учир 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № **** тоот албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулсан. 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж ажиллагаа хийгдэж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас барьцаа хөрөнгийн үнэлгээг **** ХХК-аар 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргуулсан байна.  Уг үнэлгээний тайлангаар манай банкны барьцаанд байгаа **** аймгийн **** сумын *** дугаар баг, **** тоотод байрлах **** тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 78,0 мкв талбай бүхий хувийн сууцыг  56,4 сая төгрөгөөр, **** тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 68,0 мкв талбай бүхий дэлгүүрийн барилгыг 27,2 сая төгрөгөөр, **** тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 162,0 мкв талбай бүхий 9 машины гражийг 120,8 сая төгрөгөөр нийт 204,4 сая төгрөгөөр үнэлсэн байна. Өнөөдрийг хүртэл 625 хоног барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор маргаан гаргаж зээлээс огт төлөлт хийхгүй зохион байгуулалттайгаар хугацаа авч байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гарсан тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч **** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна”, 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**** нь шүүх хуралдаан дээр  “...**** нь **** ХХК-ний үнэлгээг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танилцсан” гэж тайлбар гаргасан боловч  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч **** нь **** ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй тухай өргөдлийг **** амйгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргаж байсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөдлийн хариуг бичгээр өгсөн байна.

 

Гомдол гаргагч **** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхээ урьд нь хэрэгжүүлж байсан зэргээс үзэхэд гомдол гаргагч ****г **** ХХК-ний үнэлгээтэй 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танилцсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул гомдол гаргагч ****гийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан гомдол гаргагч ****гийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, гомдол гаргагч ****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1146 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түтгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шүүхийн шийдвэр эцсийнх болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА