| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 165/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ДШМ/12 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.4., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/12
Б.А холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Прокурор Ш.Батсүх, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.А холбогдох 2017001750035 дугаартай 2 хавтас 398 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Д.У гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.А нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр Динь Же ХХК-н нэр дээр бүртгэлтэй ирсэн Д.У өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.6-д Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 24.5-д Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь хээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Э жолоодон явсан өөрийн өмчлөлийн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүл чирж явсан 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн тээврийн хэрэгсэлд 22 820 000 төгрөгийг хохирол, мөн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүлд 1 550 000 төгрөгийн хохирол, иргэн Д.У өмчлөлийн 16-014 ТАА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгсэлд 37 685 000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Б 14 463 000 төгрөгийн хохирол, нийт 76 518 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б Б А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн 2117001750035 дугаартай хэргийг Өршөөн үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 4 728 461 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Д.У нараас тээврийн хэрэгслийн эвдрэл болох 22 840 000 /хорин хоёр сая найман зуун дөчин мянган/ төгрөг, чиргүүлийн үнэ 1 900 000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 12 370 000 /арван хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э,
Мөн шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.У нараас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Б тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон шүүгдэгч Б.А гаргуулсан Төрийн сангийн 100900000707 тоот дансанд хадгалж байгаа 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийг, Т.А “ХААН” банкин дахь 5083126328 тоот дансанд хадгалж байгаа 471 180 /дөрвөн зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөг буюу нийт 671 180 /зургаан зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч Д.У давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллаж байсан. Надад 37 сая төгрөгийн хохирол учирсан. Тэрийгээ нэхэмжлээгүй. Яагаад гэхээр Б.А хохирлын хэмжээ маш өндөр байсан. Ах нь хохирдогоороо хохироё, харин цаашид хоёулаа хамтран ажиллая, ямар хүн алчихсан биш гэж хэлээд хохирлоо нэхэмжлээгүй. Тухайн үед приус 30 авсан би мөнгө нэмж өгч байсан. Аваар хийснийх нь дараа хэрэглээрэй гээд мөнгө өгч байсан. Энэ зун ажил эхэлчихлээ ажилдаа явъя гэж 3 удаа гуйсан боловч ирээгүй. Үүнд би гомдоод байгаа. Машины үнэлгээний 37 600 000 төгрөг байсан байх. Тэрийг би 2 өрөө байраа зараад хавар машинаа янзлуулж авсан. Одоо миний машин хэвийн болсон байгаа. Мөн би өөрөө маш өндөр дүнтэй хохирсон хэрнээ дахин хүнд төлбөр төлнө гэхээр надад төлбөр төлөх ямар ч боломжгүй болж байгаа. Миний хохирлын үнэлгээ маш бага гарсан. Машин засахад бид 2 хамт явсан. Тэгэхдээ бид 2 ярилцсан, цаашид ажлаа хийгээд явж байх юм бол хохирол төлбөрөө төлөхөд хэрэгтэй гэж хэлсэн. Хэрвээ А цаад хохирлоо төлөх юм бол би залуу хүүхдийг зовоохгүй хохирдогоороо хохироод явж болно. Хамгийн гол нь энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй, хоорондоо ярилцаад өнгөрсөн. Би өмнөх шүүх хуралдаан дээр ирж чадаагүй. Унаагүй учраас А хамт ирэхээр ярьсан байсан. Гэтэл над руу нэг удаа л залгасан. Манай эхнэр утас чинь дуугарах шиг боллоо гэж надад хэлсэн. Энэ шүүх хуралдаан дээр А хамт ирэх гэж байгаад ирсэнгүй.Би их гомдож байгаа. Манай найз хүртэл чам шиг ийм мал байдаг юм уу? өөрөө хохироч үлдээд гэж хэлсэн. Би залуу хүүхэд юм чинь яах уу, хамт олон жил ажилласан, хэн хэнийгээ сайн мэддэг болсон гэж хэлээд л явж байсан. Надтай хамт ажиллаж байхдаа 10 гаран сая төгрөгийн цалин авсан. Манай ажлынхан дундаасаа хамгийн түрүүнд жижиг машин авсан. Тэрэн дээр нь би мөнгө нэмж өгч өгсөн. Ингэж л гоё ажиллаж байсан. Ийм зүйлээс болоод намайг их өрөнд оруулаад нэмээд төлбөрт төлүүлнэ гэхээр надад хүндрэлтэй байна. Б.А бүх хохирлоо төлнө гэх юм бол би хохирлоо нэхэмжлэхгүй. Харин үгүй гэвэл би хохирлоо нэхэмжилнэ гэсэн бодолтой байна. Би өөрт нь хэлсэн. Над руу нэг ч удаа залгаж ярьдаггүй би байнга залгаж ярьдаг гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд А хууль ёсны эрх ашигийг хамгаалж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үүний дагуу анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болгосон байгаа. Иргэний хариуцагч У гаргасан гомдлын хувьд иргэний хуулиараа гомдол гаргаад явах эрхтэй байгаа. Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 71 тоотод шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.
Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд Д.У өмчлөлийн тээврийн хэрэгслийг Б.А нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Мөн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөрдөн байцаалтын шатанд иргэний харицагчаар Б.У татаж эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байгаа. Гэтэл Д.У нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэлээсээ өөрөө татгалзсан асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн шатны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иргэний хариуцагч нь Б.А унаж явсан тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь учраас иргэний хариуцагчаар орох хуулийн зохицуулалттай. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн хуулийн этгээдэд учирсан хохирлыг төлнө гэдгийг ойлгож байсан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа учир гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт иргэн Д.У өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ86 Дамп маркийн тээврийн хэрэгслийг тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, 3.7.а-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно “ гэснийг, 11.6-д заасан “ Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтөй байхад...түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. “ гэснийг, 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “ гэснийг, 24.5-д заасан “ Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. “ гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч иргэн Н.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Н.Э өмчлөлийн тээврийн хэрэгсэл болон чиргүүлд 24370000, иргэний нэхэмжлэгч Д.У өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 37685000, иргэний нэхэмжлэгч П.Б 14463000 нийт 76518000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэх боломжтой байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг өршөөлд хамруулахдаа өршөөлийн тухай хуулийн 5.1 зүйлээр биш 4.1 зүйлд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байжээ.
Иргэний хариуцагч Д.У бусдын хохирол төлүүлэхээр гаргуулсан төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд заасангүй гэсэн гомдлыг хүлээн авч энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “ ...4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дүгээр заалтны төгсгөлд “ Иргэний нэхэмжлэгч Б.У нь иргэний хариуцагчийн хувьд хохирогч Н.Э төлөх 12370000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Б төлөх 5000000 төгрөг нийт 17370000 төгрөгийг төлж барагдуулсны дараа шүүгдэгч Б.А жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай “ гэж нэмж тус тус.өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.ТЭГШСУУРЬ