Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 114/ШШ2023/0011

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  Хэргийн индекс: 114/2023/0006/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* сумын Санжинт багт байрлах *******” ХК /Регистрийн дугаар *******/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Ө.*******

Хариуцагч                                                        Г.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      Б.*******

Нарийн бичгийн дарга                                    Д.Энхболд

Иргэдийн төлөөлөгч                                       С.*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 
 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
        1. ******* компани ******* сумын нэртэй газар 170.03 гектар талбайтай ******* дугаартай хайгуулын зөвшөөрөл, нэртэй газар 354.4 гектар талбайтай дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай ******* дугаартай тогтоол гаргахдаа манай лицензтэй буюу түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцуулж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тухайн талбайдаа чөлөөтэй хайгуулын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хязгаарласан, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор манай ******* ХК-ийн эрх ашгийг хөндсөн. Энэ тогтоолын дагуу өөрсдийн зүгээс тооцоо хийж үзэхэд нийтдээ нэртэй газарт 354.4 гектар талбайтай, тусгай зөвшөөрлийн талбайтай нийтдээ 155.038 га-аар давхцаж байгаа. 170,03 гектар талбайтай ДА001Х дугаартай хайгуулын зөвшөөрөлтэй талбайтай 49.603 га талбайгаар давхцаж байгаа нь тогтоогдсон байгаа.

Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд ******* ХК-ийг ямар нэг байдлаар оролцуулаагүй, хэрэгт мэдэгдсэн гэсэн олон албан бичиг ирсэн гэх боловч захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа маань өөрөө эрх ашиг нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх ёстой. Хариуцагч тал ирээгүй, оролцоогүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн гэтэл манай байгууллагад ямар нэгэн байдлаар ******* ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай хэрхэн давхцаж байгаа талаар тодорхой мэдээлэл нотлох баримт ерөөсөө ирүүлээгүй. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4 заасны дагуу Барилга, хот байгуулалтын яам, Аялал, жуулчлалын яам хоёроос эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох дүгнэлт гарах ёстой. Энэ дүгнэлт нь албан бичиг төдий зүйл биш, албан ёсны тооцоо судалгаатай дүгнэлт байх ёстой. Танай тусгай зөвшөөрөлтэй талбайтай ингэж давхцах нь гэсэн дүгнэлт бидэнд ирээгүй, үүнтэй холбоотой мэдээлэл ирүүлээгүй, манайд эрх ашиг нь хэрхэн хөндөгдөх гэж байгаа талаар мэдээлэл өгөхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны зарчим, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байгаа.

2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар эрүүл ахуйн бүс тогтоосонтой холбоотой тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хасах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэдийн Төлөөлөгчийн хурал Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль дээдлэх эрх, үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эрх ашгийг хангах, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн эрхийг эдлүүлэх замаар мэдээллээр хангах замаар ч юм уу тухайн шийдвэрийг гаргах ёстой.

Гэтэл холбогдох Аймгийн засаг дарга болон ашигт малтмалыг газар руу шууд албан бичиг явуулснаас нь харахад энэ эрүүл ахуйн бүс тогтоох нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн талбайг хасуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зорилготой гэдэг нь харагдаж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байхгүй, иргэдийн Төлөөлөгчийн Хурал гэдэг байгууллага өөрөө эрүүл ахуйн бүс тогтоох эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийтийн эрх ашиг гэхээсээ илүү өөр хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхлын дагуу тусгай зөвшөөрөлтэй талбайг багасгах зорилго агуулж хууль зөрчсөн, хуулийн зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан нь харагддаг.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан 2015 оны А-230/127 дугаартай тушаал байгаа ба энэ тушаалаар батлагдсан бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.1-д ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоож өгнө гэсэн зохицуулалтууд байдаг. Энэ журам болон усны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар энэ процесс өөрөө холбогдох төрийн захиргааны 2 байгууллагын дүгнэлт байхыг шаардаж байгаа хэрэгт авагдсан баримтаас харахаар ийм дүгнэлт огт байхгүй.

Хариуцагч нь 2021 оны дүгнэлт болон чиглэл хүргүүлэх тухай гээд 2 яамны Төрийн нарийн бичгийн дарга болон сайдаас ирүүлсэн албан бичиг, мөн 2022 оны 09 сарын Байгал орчин, аялал жуулчлалын сайдын хүн амын ус хангамж, эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоох дүгнэлтийн тухай гэсэн 1 нүүр албан бичиг, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг энэ 2 бол тухайн шийдвэрийг гарахад тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан байсан. Цаг хугацааны хувьд хамгийн сүүлд төрийн захиргааны 2 байгууллагаас ирүүлсэн албан бичиг байгаа. Хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мөн холбогдох бусад хүмүүс нийтдээ 6 албан бичиг байна энэ болгоныг дүгнэлт гэж үзнэ зарим албан бичгийг юу гэж бичих, чиглэл хүргүүлэхийг юу гэж бичих гээд ярилцсан, асуусан, тодруулсан зүйлүүд харагдаж байгаа.  Хамгийн сүүлийн 2 нотлох баримтыг үндэслэл болгосон нь Усны тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүл ахуйн бүс тогтоосон гэж тайлбарлажээ.
        Гэтэл энэ 2 агуулга нь Барилга, хот байгуулалтын сайдын албан бичиг, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай зөвлөмж болон мөн яамны газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлогын газрын 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр Дархан-Уул аймгийн ******* сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай зөвлөмжид 7 дугаар худгаас Шар хөтлийн жалга болон өгсөж 1339,1м зайд эрүүл ахуйн бүс тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна, дээрх байдлыг үндэслэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, баталж ажиллах дүгнэлтийг үүгээр хүргүүлж байна гэсэн агуулгаас харахад хуульд Барилга, хот байгуулалтын яам буюу Ус татуурга, ашиглалт хариуцсан төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргахаар тусгасан. Энд дэмжсэн, санал болгосныг дүгнэлт гэж үзнэ гэж тусгасан зүйл байхгүй. Барилга, хот байгуулалтын яам ямар нэг байдлаар дүгнэлт гаргаагүй зөвлөмж гаргасныг дэмжиж байна гэсэн албан бичиг ирүүлснийг дүгнэлт гэж үзэх боломжгүй. Тэр дүгнэлт, зөвлөмжийг дэмжиж байна гэсэн 1 хуудас албан бичиг ирүүлснийг агуулгын хувьд дүгнэлт гэж үзэх боломжгүй.

Усны тухай хууль, холбогдох журмаар Барилга, хот байгуулалтын яамыг оруулж байна гэхээр орон нутгийн нэрлэснээр ус хангамжийн эх үүсвэр гээгүй эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох гэж байгаа. Энэ нь ус хангамжийн эх үүсвэрийн худгуудаас авсан эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоосон гэж ойлгохоор байгаа. Усны барилга байгууламж нь Барилга, хот байгуулалтын яаманд харьяалагддаг нөгөө талаасаа Байгаль орчин, аялал, жуулчлалын яам усны бодлогыг хариуцдаг тул энэ 2 байгууллагын оролцоотой тус тусын дүгнэлтийг авч тогтооно гэдгийг хуульчилсан. Зөвлөмж дээр Барилга, хот байгуулалтын сайдын усны барилга байгууламжтай холбоотой мэргэжлийн ямар нэгэн дүгнэлт гэх зүйл зөвлөмжид нь байхгүй тул энэ албан бичиг тэдний зөвлөмжийг дэмжсэнээс Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлт байхгүй гэдэг нь харагдаж байгаа.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоох дүгнэлтийн агуулга нь бас өөр. Учир нь  Усны тухай хуульд усны нөөц тогтоох, усны нөөцийг батлах нь төрийн захиргааны байгууллагын эрх байгаа. Өөрсдөө 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дугаартай тушаалаар усны нөөцийг тогтоосон тэгэхдээ хувийн мэргэжлийн компаниар судалгаа хийлгэж усны нөөц, гаралт ямар байгааг судлуулснаас тухайлан ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг ямар байдлаар тогтоох тухай судалгаа, дүгнэлт биш юм. Судалгаа хийхдээ тухайн байгууллагад зөвлөмж өгсөн гэж байгаа. Судалгааны хүрээнд хийгдсэн дүгнэлтээр нарийвчлан тогтоосон учир дахин дүгнэлт хийхгүй гэсэн санаа агуулаад, сайд Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүл ахуйн тэжээгдлийн бүсийг тогтоож ажиллана уу гэсэн байгаа болохоос дүгнэлт хүргүүлсэн зүйл байхгүй. Дүгнэлт хүргүүлэх тухай гээгүй дүгнэлтийн тухай гэж байгаа.
       2019 оны судалгаагаа дүгнэлт гээд байгаа ба тэнд ганц өгүүлбэрт эрүүл ахуйн бүсийн хил заагийн тухай дурдсаныг дүгнэлт гэх боломжгүй юм. Байгаль орчны төрийн захиргааны байгууллагын дүгнэлт байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал мэргэжлийн байгууллага бус нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаж тогтоогоогүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байгаа нь Усны тухай хууль тогтоомж зөрчсөн. Журмаар орон нутаг энэ худгуудаас аж ахуйн нэгжийн газартай давхцуулахгүй шийдэх боломж байгаа гэтэл журамд заасан боломжийг ашиглахгүй аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөхгүй байх шаардлагыг зөрчсөн. Худаг болгон газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй байна. Ус хангамжийн барилга байгууламжаас зайгаа авсан байхад л эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох зорилго нь хангагдана. Орон нутаг заавал онцгой хамгаалалтын бүсэд нь ороогүй, Байгаль орчны газраас албан бичгээр усан сан бүхий газартай давхацсан зүйл байхгүй гэсэн лавлагааг авсан газартай давхцуулахгүйгээр шийдэж, ******* сумын иргэдийг эрүүл ундны усаар хангах бүрэн боломжтой. Хайгуул хийх нөхцөлийг хаагаад, компаниудын газартай давхцуулдаг нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоохгүй удаашруулж байгааг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэдийн Төлөөлөгчийн Хуралтай холбоотой асуудлыг яриад явъя. Нэхэмжлэгч тал бидэнд мэдэгдээгүй, мэдэгдсэн ч эрх ашгийг нь хөндөгдөж байгаа талаар дурдаагүй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг бид явуулсан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 01/69 дугаартай албан бичгээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа байгууллагуудад Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн хэлэлцүүлэг хийх тухай урилга, санал өгөх тухай албан бичгүүдийг хавсралтын хамт өгч мэдэгдсэн хүргүүлсэн тухай нотлох баримтууд байгаа.133 дугаар албан тоотоор урилга хүргүүлсэн, 3 удаагийн байдлаар удаа дараа өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах үедээ бас урилга хүргүүлсэн боловч ******* ХК нь нэгэнд нь ч хариу тайлбар, мэдээлэл ирүүлээгүй, оролцоогүй бусад газрууд нь оролцоод саналаа хэлээд явсан байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийг баримтлаагүй гэж байна эрүүл ахуйн бүс тогтоох дээр энэ хуулийг баримтлах шаардлагагүй. Учир нь газрын тос, ус мэтээс бусдыг зохицуулна гэсэн байдаг. Бид усны тухай хуулиар шийднэ гэж харж байгаа.Төрийн захиргааны байгууллагаас ирсэн дүгнэлтүүдийг дүгнэлт мөн биш гэж ярьж байна. Бид зохих яамд руу дүгнэлт ирүүлээч гэсэн албан бичиг явуулаад хариуд нь 2 яамны сайдын 5 албан бичиг, усны бодлого зохицуулалтын газрын даргын бичиг эдгээр баримтууд дээр бүгдэд нь дүгнэлт гэж ирүүлсэн байгаа. Төрийн захиргааны төв байгууллагыг Төрийн нарийн бичгийн дарга, сайд төлөөлнө. Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын  дүгнэлтийг хүргүүлж байна гээд тодорхой бичсэн байгаа, үүнийг бататгаж сайдаас нь дүгнэлтийн тухай гээд Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр зөв байна гэж сайд нь албан бичиг ирүүлсэн. сайдаас 2 ч удаагийн албан бичиг ирсэн.
        Барилга, хот байгуулалтын сайдаас дүгнэлт хүргүүлэх тухай гэсэн гарчигтай, 1339.1 метрээс багагүй зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлтийг ирүүлсэн ба мөн Барилга хот байгуулалтын сайд Мөнхбатаас дүгнэлт хүргүүлэх тухай албан тоотод 1339 метрээс багагүй зайд гэж албан ёсоор баталгаажуулж ажиллах тухай дурдаж ирүүлсэн.Эрх бүхий албан тушаалтнуудыг дүгнэлтийг бид дүгнэлт мөн биш гэдгийг бид өөрсдийнхөөрөө дүгнэх ёсгүй. Судалгааг гаргасан багийг мэргэжлийн байгууллага биш гэж байна.Сайдын албан бичигт дахин судалгаа хийх шаардлагагүй, яамтай байгуулсан гэрээний хүрээнд нэгэнт судалгаа хийгдээд дүгнэлтээ гаргаад үүнийг нь үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гараад олон аймаг, сумдын усны нөөцийг тогтоож баталгаажуулсан, ганцхан ******* сумтай холбогдуулж тендер зарлаагүй. Усны мэдээллийн санд албан ёсоор хүлээлгэж өгсөн баримтыг мэргэжлийн байгууллагынх биш гэж байгаа нь өрөөсгөл юм.
        Усны нөөц сангаас 50, 100, 500м-ээс доошгүй гэж хуульчилсан ба 500-аас доошгүй гэдэг нь дээшээ хэд ч байж болно гэсэн үг. Бид дүгнэлтийн хүрээнд 1339,1 гэж тогтоосон хэмжээгээр авсан. Бид дураараа хэмжээ аваагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 1300 метрээс дээш авах нь зүйтэй гэдгийг батлаад ******* координаттай зургийг ирүүлснийг бид  хүлээж аваад ******* сумын нутаг дахь 27 цэгийг батлаад явсан. Аж ахуйн нэгж, байгууллагын лицензийн талбайтай давхцуулж эрх хөндлөө гэж байна. Холбогдох бүх байгууллагууд ирээд 10000 орчим хүний эрх ашгийг хүндлээд өөрсдийн талбайгаас хасуулах боломжтой гэж байхад ******* ХК 10000 хүний эрх ашгийг харгалзахгүй өөрсдийн ашиг сонирхлыг бодоод байна юм вэ. Усны нөөцийг тогтоож байгаа яамны дүгнэлтийг зөвшөөрөөгүй юм бол яаманд хандах эрх нээлттэй.Хурлын тэмдэглэлд ******* сумын дүгнэлтийг тодорхой А+В гээд бичсэн байгаа.

Үндсэн хуульд байгаль орчноо хамгаалах, хамгаалуулах эрх үүрэгтэй гэж заасан бөгөөд уул, уурхай алтны тухай нэг ч үг байхгүй, Үндэсний аюулгүй байдлын тунхаг бичигт алт биш цэвэр усны нөөцийг хамгаалах тусгайлсан нэг бүлэг орсон байгаа. ******* ХК нэхэмжлэл гаргах эрхтэй субьект мөн үү гэдэгт би эргэлзэж байгаа. шарын гол ХК гэрчилгээгээ аваад явж байгааг нэхэмжлэгч хэллээ. 2011 онд Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо давхцалыг хасахгүйгээр шарын гол ХК-аас хасаад ******* ХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч  дүгнэлтдээ: Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж хиймэл нуур үүссэнээс болж малчин бидний мал унаж бэртэх, үхэх эрсдэл үүсдэг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөв гэж дэмжиж байна гэв.                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай

2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:  

2.1.Нэхэмжлэгч ******* ХК нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй газарт орших 354,4 гектар талбайг хамарсан  түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд ДА-0004Х дугаартай, мөн сумын нэртэй газар орших 170,03 гектар талбайтай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд ДА-0001Х дугаарын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг байна.

2.2.Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай 05 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан  журмын 3 дахь хэсгийн 3.1, 3.14,  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны дүгээр тушаалуудыг тус тус үндэслэж, ******* сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн нийт 422.6 га талбайн хэмжээ, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталж, энэхүү заагийн эргэлтийн цэгүүдийн солбицолд нэхэмжлэгч “*******” ХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Буянтын хөндий дэх талбайгаас 155,038 га, нэртэй талбайгаас 49.603 га газар нь тус тус эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд багтжээ.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “ хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн хэм хэмжээний актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”,  61.4-д “захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, танилцуулга бэлтгэнэ”, 62 дугаар зүйлийн 62.1-д “захиргааны хэм хэмжээний актыг төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудам болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “...хэлэлцүүлэг заавал хийнэ”, 64 дүгээр зүйлийн 64.6-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг ...эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан байна.

        Нэхэмжлэгчээс “шийдвэр гаргах үйл ажиллагаа болон сонсгох ажиллагаанд ******* ХК-ийг оролцуулаагүй, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтооход хэрхэн давхцаж байгаа талаар мэдээлэл, нотлох баримтыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээдэд ирүүлээгүй, энэ тухай мэдэгдээгүй” гэж маргаж байх боловч хариуцагчаас ******* сумын ундны усны эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтооход олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тухай урилгыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний 01/69 дугаар /******* ХК-д бичиг хэргийн ажилтан Б.Баясгаланд 99146984/, 2022 оны 12 дугаар сарын 12-ны 01/133  “...эрх ашиг нь хөндөгдөх бүлгийн саналыг бичгээр авах ажиллагааг хийж байна санал, тайлбараа ирүүлэх тухай албан бичгийг 2022 оны 12 дугаар сарын 12 нд /бичиг хэргийн ажилтанд 99404080 дугаарын утсаар холбогдон хүлээлгэн өгсөн/, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/143  “...Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох, хамгаалалтад авах шийдвэр гаргах хуралдаанд оролцох урилга хүргүүллээ” гэх албан бичгийг /99146985 дугаарт холбогдох жижүүрт нь хүргэж өгсөн/, мөн эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай, тогтоолын төсөлд санал авах тухай зарыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулан мэдэгдэж, хүргүүлсэн болох нь цахим хуудаснаа байршуулсан зар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичгүүд, урилга, албан бичиг тараасан бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбараар тус тус нотлогдож байх бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 60-62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, хуульд нийцсэн тогтоолыг гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.4. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 22 дугаар зүйлийн 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “нутаг дэвсгэрийнхээ  хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д “хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А/112 дугаар “Мэргэжлийн шинжээчээр ажиллах ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалаар томилогдсон мэргэжлийн шинжээчдийн багийн тайланд “н газрын доорх усны үндсэн тэжээгдлийн бүс алт олборлох үйл ажиллагаа явуулснаар Буянтын ус татамжийн худгуудад усны түвшний бууралт эрчимжиж, нөөцийн хомсдол үүснэ, уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож, тэмдэгжүүлэх” гэж, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “” ХХК-ийн хоорондын гэрээний дагуу Дархан-Уул аймгийн ******* сумын хүн амын унд ахуйн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн талбайд 2019 онд гүйцэтгэсэн газрын доорх усны ордын ашиглалтын хайгуулын ажлын үр дүнгийн тайланд “******* сумын төвийн хүн амын унд-ахуйн төвлөрсөн ус хангамжийн зориулалттай газрын доорх усны өнөөгийн эх үүсвэрийн хувьд түүний эрүүл ахуйн хамгааллын бүсийн урд талын жигүүрийн хил хязгаарын гадаад хүрээ одоогийн байдлаар АХ-7 дугаар ашиглалтын худгаас баруун-зүүн урд зүг рүү “Шар хөтөл”-ийн жалга болон буянтын хөндийг өгсөх чиглэлд 1339.1 м зайд байх нь илүү зохистой ба хамгийн сайн оновчтой хувилбар” гэж тус тус тусгагджээ.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталж, уг хамтарсан тушаалын 3-д журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр  усны нөөц батлах тухай тушаалаар “Дархан-Уул аймгийн ******* сумын төвийн хүн амын ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн газрын доорх усны ордын нөөцийг “... нийт А+B зэргээр 15.0 л/с буюу 1296 м3 /хоног” гэж баталсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09/660 албан бичгээр ******* сумын “ *******” ТӨХК-д эрүүл ахуйн хамгааллын бүс тогтоох тухай зөвлөмжийг, “ *******” ТӨХК-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоолгох тухай 01/41 тоотыг ******* сумын Засаг даргад тус тус хүргүүлсэн, улмаар Барилга, хот байгуулалтын яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай 3/2355 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай дүгнэлт /1339,1 метрээс багагүй зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай/ 03/3815 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/3410 дугаар, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт хүргүүлэх тухай 1/5059 дүгээр, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж ажиллах тухай 01/7005 дугаар албан тоотуудаар тус тус ******* сумын Засаг даргад хаяглан ******* сумын хүн амын ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийг тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 ******* сумын Засаг дарга Б.*******гээс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “санал хүргүүлэх тухай” 01/589 дүгээр албан тоотыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн бөгөөд Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн газрын доорх усны нөөцийг хамгаалах зорилгоор ******* сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн нийт 422.6 га талбайн хэмжээ, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталж, уг тогтоол гарсантай холбогдуулан ундны усны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэхийг Засаг даргад үүрэг болгон  шийдвэрлэжээ.

2.5. Хариуцагчийн Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай ******* дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж зааснаар захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6137 дугаарт бүртгэгдэж, мөн оны 2 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 05 дугаарт хэвлэгдсэнээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Энэхүү захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1,  Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* дүгээр тогтоолыг гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч ******* ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн дээрх ******* дүгээр тогтоолоор эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоосон болохоос биш нэхэмжлэгчид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, цуцлах эрх нь хариуцагчид хуулиар олгогдоогүй, харин уг бүстэй давхцалтай байгаа  хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэхийг Засаг даргад үүрэг болгосон нь зохион байгуулалтын шинжтэй байна.Маргаж буй  тогтоолын хүрээнд хамаарах нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн усны эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай хэсэг нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06/2249 дүгээр албан бичиг, түүний хавсралт зургаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

2.6. Маргаан бүхий газарт ******* сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаар захирамжаар “ шарын гол” ТӨХК-д Буянтын 8 худгийн газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар цэвэр усны эх үүсвэрийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэснээр одоогоор 3-8, 11-12 дугаар бүхий 8 худгийг “ шарын гол” ТӨХК нь эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээр нотлогдож байх боловч дээрх худгууд нь байрлалын хувьд нэхэмжлэгчийн маргаж байгаа талбайн хэсэгт хамрагдаж байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

2.7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж хиймэл нуур үүссэнээс болж малчин бидний мал унаж бэртэх, үхэх эрсдэл үүсдэг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөв гэж дэмжиж байна” гэх  дүгнэлт гаргасан ба шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон болно.

Иргэдийн төлөөлөгч С.******* нь уншиж чадах боловч бичиж чадахгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар өөрийнх нь хэлсэн дүгнэлтийг бичүүлж гарын үсгээ зурсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.6, 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НАРАНТУЯА

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧ                                    Ө.МӨНХ-ЭРДЭНЭ