Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1345

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч Г.Чын нэхэмжлэлтэй,

хариуцагч “АЭ” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 14 545 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Г

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Чын эзэмшлийн 2014 онд үйлдвэрлэгдсэн BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай автомашиныг Ш.П нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр жолоодож явсан. Түүнийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Төв шуудангийн уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож явахад нь “АЭ” ХХК-ийн Hyundai Starex маркийн 85-11 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Туяа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж мөргөсөн. Замын Цагдаагийн албаны шинжээч нь жолооч Б.Туяаг Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “Г” заалтыг зөрчин осол гаргасан гэх дүгнэлт гаргасан. Зам тээврийн ослын улмаас Г.Чад 19 545 700 төгрөгийн хохирол учирсан нь “Вендо” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар нотлогдсон. Энэ хохирлоос Б.Туяа 5 000 000 төгрөг төлсөн. Иймд гэм хорын хохиролд 14 545 700 төгрөгийг “АЭ” компаниас гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс 1 300 000 төгрөг төлсөн тул одоо 13 245 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан өдөр Ачтан эмнэлгийн тусгай зориулалтын автомашин албан үүргээ гүйцэтгэж явсан. Осол болсонтой холбоотойгоор замын цагдаагийн дүгнэлт гаргасан. Замын цагдаагийн дүгнэлтийг эс зөвшөөрч, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Осол болсны дараа Г.Ч, Ш.П, Б.Туяа нар нь эвлэрэн хэлэлцэхээр тохирсон байдаг. Г.Ч нь 9 000 000 төгрөгийн хохирол гарсан гэсэн, үүнээс Б.Туяа нь 5 000 000 төгрөг, 1 300 000 төгрөг нийт 6 300 000 төгрөгийг төлсөн. Одоо 2 700 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин 19 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гаалиар орж ирж байгаа ижил төрлийн автомашин Монгол улсын зах зээлд ямар үнэтэй вэ гэдгийг тогтоож, гааль татвараа авдаг. Хэрвээ машин гаалиар орж ирэхдээ 40 000 000 төгрөгийн үнэтэй байсан бол гаалийн 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувь гээд 4 000 000 төгрөгийн татвар ногдуулна. Гэтэл Г.Чын машиныг гааль 22 000 000 төгрөгөөр үнэлж, 2 000 000 төгрөгийн татвар авсан. 22 000 000 төгрөгийн үнэтэй машины урд хэсэг нь эвдэрэхэд 19 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол тухайн машин 95, 96 хувийн эвдрэлтэй болно. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. “Гэрэгэ эстимейт” ХХК нь тухайн автомашины 26 хувийн эвдрэлтэй гэж дүгнэсэн. Тэгэхээр 6 000 000 төгрөг, эсвэл эвлэрэл хэлэлцсэн 9 000 000 төгрөгийн хэмжээнд 2 700 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хэрэгт 19 000 000 төгрөгийн машины засварын зардалтай холбоотой төлбөр, санхүүгийн баримт авагдаагүй. “Вендо” ХХК-ийн дүгнэлтийн дагуу ямар, ямар засвар хийсэн, ямар сэлбэг худалдаж авсан эсэх талаар хохирлоо нотолсон баримт байхгүй байна. Бид гэм буруугийнхаа хэмжээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлнө гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АЭ” ХХК-иас 6 678 364 төгрөг гаргуулж Г.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 567 336 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “АЭ” ХХК-иас 140 827 төгрөг гаргуулж нэхэмлэгч Г.Чад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. “АЭ” клиникийн эмнэлгийн тусгай зориулалтын яаралтай түргэн тусламжийн 85-11 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүргийн дагуу өвчтөн тээвэрлэн явахад Төв шуудангийн уулзварт BMW маркийн 86-85 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуу талаас ирж мөргөж зам тээврийн осол үүсгэсэн. Осолд Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн ажилтан дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг эс зөвшөөрч зөрчил хянан шийдвэрлэх журмаар Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүх үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй. Хэдийгээр иргэний маргаан шийдвэрлэх явцад хууль бус үйлдлийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч Тээврийн цагдаагийн ажилтан болон нэхэмжлэгч нарын харилцан сонирхол нөлөөллийн тухай жолооч Б.Туяагийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгэж хянан шалгах явцад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

Талууд яг осол болсны дараа харилцан тохиролцож 9 000 000 төгрөгөөр хохирол тогтоож төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцож хариуцагчийн зүгээс 6 300 000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэж үлдэгдэл 2 700 000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргадаг. Ингэхдээ осол болсон үйл явдлаар шалтаглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор өөрт учирсан хохирол гэж иргэн өөрийн захиалгаар гүйцэтгэсэн “Вендо” ХХК-ийн үнэлгээг үндэслэж 19 500 000 төгрөг шаардаж нэхэмжилдэг. Автомашин зах зээлийн ханшаар 22 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл ослын улмаас 5 хүрэхгүй хувийн хохиролд 19 500 000 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй талаар тайлбарлаж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх дахин шинжээч томилуулах хүсэлтийг тусгайлан шийдвэрлэлгүй татгалзсан. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч “АЭ” ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 14 545 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13 245 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“АЭ” ХХК-ийн Ачтан клиникийн эмнэлэгийн жолооч Б.Туяа нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Hyundai Starex маркийн 85-11 УНП дугаартай машиныг жолоодон явахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Төв шуудангийн уулзварт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг зөрчиж, хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч Ш.Пгийн жолоодож явсан BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай авто машиныг мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 450 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай магадлал зэргээр тогтоогдсон, шүүхийн шийтгэвэр, магадлал хүчин төгөлдөр байна. /хх 20-26, 105-114/

 

Анхан шатны шүүхээс тухайн осол гарах үед 86-85 УБГ BMW 320D маркийн автомашиныг Ш.П жолоодож явсан боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.Ч болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул эзэмшигч эд хөрөнгөд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв. /хх 27/

 

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн автомашины зах зээлийн үнийг 130 000 000 төгрөгөөр тогтоож, автомашинд учирсан хохирлыг 19 545 700 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт баримтаар авагджээ. Мөн шүүхээс шинжээчээр томилсон “Гэрэгэ Эйстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар автомашины зах зээлийн үнийг 40 000 000 төгрөгөөр тогтоож, учирсан хохирлыг 12 978 364 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 6-7, 68-83/

 

Анхан шатны шүүх “Гэрэгэ Эйстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь тухайн автомашинд учирсан хохирлыг илүү бодит судалгаанд үндэслэгдсэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Иймд шүүх “Гэрэгэ Эйстимэйд” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр тогтоосон  12 978 364 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6 300 000 төгрөгийг хасч, үлдэх 6 678 364 төгрөгийг хариуцагч “АЭ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч машинаа захиран зарцуулсан, машины эвдрэлийг засварласан эсэх нь нь хохирлыг арилгахад саад болохгүйгээс гадна тухайн машиныг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ суурь үнэлгээг 22 013 964.56 төгрөг гэж мэдүүлснийг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч нь шүүх хуралдааны явцад “22 000 000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг үнэлгээний компани дураараа 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэсэн. Ослын улмаас тухайн автомашины хэдэн хувь нь эвдэрснийг тогтоосон дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг нь шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 805 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН