Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 125/2017/0027/з |
Дугаар | 125 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 125
Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаар магадлал,
Нэхэмжлэгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.8, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/42 дугаар захирамжийн хүчингүй болгож, Ц.М-ын урьд эрхэлж байсан Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,906,885 /гурван сая есөн зуун зургаан мянга найман зуун наян тав/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б/42” гэснийг “Б/41” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаар магадлалыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Анхан шатны шүүхээс хариуцагчид гардуулсан нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.М-ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны зүйл болсон захиргааны актыг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийхээс илүүтэйгээр нэхэмжлэгч Ц.М-ын Дөргөн сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хамаарал бүхий этгээдтэй холбогдуулан гаргасан тушаалууд хуульд нийцсэн талаар дүгнэлт хийж, уг дүгнэлтээр нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ц.М-ын Дөргөн сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хамаарал бүхий этгээдтэй холбогдуулан гаргасан тушаалууд үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй.
5. Дөргөн сумын сургуулийн захирлын тушаал нь хуульд нийцсэн эсэх нь талаар анхан, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Ц.М-ад сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны Б/41 дүгээр захирамжийн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд шалтгаант холбоогүй юм. Учир нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, гэрээ байгуулахынхаа өмнөх процедур ажиллагаанд тайлбар, мэдэгдлийг томилох эрх бүхий субъектэд гаргаж, албан үүргээ гүйцэтгэх эсэх талаар зөвшөөрөл авалгүйгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийг багш, ажилтны ажлын үр дүнг үнэлж, урамшуулах, цалин хөлс олгох, ээлжийн амралт олгох эрхээ хэрэгжүүлсэн гэж буруутгаагүй, харин уг эрх хэмжээгээ хамаарал бүхий этгээдэд холбогдуулан хэрэгжүүлэхдээ урьдчилан ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж, тайлбар мэдэгдлийг гаргаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.М-ын Дөргөн сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нэгэнт гаргаж, хэрэгжүүлсэн тушаалын үндэслэлтэй эсэхийг дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг буруутгасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
6. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч Ц.М- хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/9495 дугаар албан бичигт нэр дэвшигч Ц.М-ын эхнэр Д.Бадамгэрэл, төрсөн дүү Ц.Мартдулам нар нь тус сургуульд багшаар ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, хуулийн хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэжээ.
7. Уг албан бичгийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.М-ын хамаарал бүхий этгээд Ц.Мартдуламтай гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэл, тайлбар гаргахгүйгээр албан үүргээ биелүүлэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 23.7-т заасныг тайлбарлан хэрэглэлээ. Учир нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ыг нийтийн албан тушаалтан шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө гарган ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж гаргах тайлбар, мэдэгдэл /ХАСМ/-тэй адилтгах үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл урьдчилсан мэдүүлгийг нийтийн албанд томилогдохоос өмнө гаргаж, Авлигатай тэмцэх газраар хянуулдаг бол тайлбар, мэдэгдлийг шийдвэр гаргах, гэрээ байгуулахаас өмнө гаргаж, томилох эрх бүхий этгээдээр хянуулдаг ялгаатай.
8. Энэхүү хоёр мэдүүлгийг гаргах цаг хугацаа, эрх зүйн үндэслэл, шийдвэрлэх этгээд нь өөр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр магадлалын хянавал хэсэгт урьд нь Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гарсан учраас гэрээ байгуулах, шийдвэр гаргахдаа тайлбар мэдэгдэл гаргахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.
9. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар уг хуулийн үйлчлэл хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М- нь захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргах үүрэгтэй.
10. Энэ нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.М-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/9495 дугаар албан бичигт “...нэр дэвшигч Ц.М-ын эхнэр Д.Бадамгэрэл, төрсөн дүү Ц.Мартдулам нар нь тус сургуульд багшаар ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай...” гэснээр батлагдана. Үүнийг давхар батлах Авлигатай тэмцэх газрын 2015 оны 10 дугаар сарын 22, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөмжүүд хэрэгт авагдсан болно.
11. Нэхэмжлэгч Ц.М нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/14, А/15 дугаар тушаалуудаар хамаарал бүхий этгээд Д.Бадамгэрэл, Ц.Мартдулам нарт ур чадварын нэмэгдэл олгохоосоо өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлээ аймгийн Засаг даргад гаргаж, зөвшөөрөл авсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Ц.М нь сургуулийнхаа захирлын хувьд хамаарал бүхий этгээддээ цалин хөлс, мөнгөн урамшил олгохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргах шаардлагагүй...” гэж бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээддээ цалин хөлс, мөнгөн урамшил олгоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул мэдэгдэл, тайлбар гаргах үүрэггүй гэсэн заалт хуульд огтхон ч байхгүй. Харин ч тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах үүрэгтэй талаар заалт тусгагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулах гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.
12. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дээрх дүгнэлтийг буруу гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр хэвээр үлдээсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4-т заасан зохицуулалтыг харьцуулан үзэхгүйгээр нэхэмжлэгч Ц.М-д нийтийн албанаас халах бус цалингийн хувь буруулах ёстой байсан гэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Хуулийн дээрх заалтуудыг харьцуулахад иш татсан хэм хэмжээ байх бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан зөрчлийг удаа дараа гаргавал хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар, харин хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар шийдвэрлэхээр байна. Нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан хамаарал бүхий этгээдтэй холбогдох шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй талаар мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ 4 буюу түүнээс дээш удаа аймгийн Засаг даргад гаргаж, албан үүргээ гүйцэтгэх эсэх талаар шийдвэр гаргуулаагүй сахилгын зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулна.
13. Харин хуулийг буруу тайлбарлан хэрэглэн байж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ хариуцагч Ховд аймгийн Засаг даргад байхгүй. Хариуцагчаас сахилгын зөрчилд тохирсон шийтгэлийг ногдуулахыг зарчмын асуудал гэж ойлгон, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд нь тохирох шийтгэлийг ногдуулж, хуулийг хэрэгжүүлсэн.
14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М нь Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамаарал бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж, тайлбарлаагүй.
15. Гэтэл давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Ц.Мартдулам нь багшаар ажиллаж ирсэн, хөдөлмөрийн гэрээг өмнө нь байгуулсан байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ нь анх ажилд авч буйтай адил үр дагавар үүсгэхгүй...” гэж дүгнэснийг дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээг анх байгуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэх тул тайлбар, мэдэгдэл гаргана, дараа нь байгуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул тайлбар, мэдэгдэл гаргахгүй гэж ялгамжтай хэрэглэх заалт огтхон ч алга. Харин ч хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулахын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй талаар тайлбар, мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргаж, хянуулах талаар тусгасан байна.
16. Аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/256 дугаар захирамжаар ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах үүргээ биелүүлээгүй Ц.М-д албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч Ц.М хүлээн зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаагүйгээс үзэхэд хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулахын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг бичгээр гаргах үүрэгтэй гэдгээ бүрэн ойлгож, мэдэж байсныг харуулна. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч Ц.М-ын урьд ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй.
17. Нэхэмжлэгч Ц.М- нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваад гарсан тайлбар, шүүхэд хандсан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгтээ гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч, маргаагүй байхад давж заалдах шатны шүүх сахилгын зөрчил гаргаж, түүндээ тохирсон сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Ц.М-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасантай нийцэхгүй байна.
18. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг зөв дүгнэж, “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь зөв байна.
20. Ховд аймгийн Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.М-д “нийтийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан тус аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дүгээр захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “...хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, ...хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасантай нийцэхгүй болно.
21. Хариуцагчаас Ц.М нь 2016-2017 онуудад өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Бадамгэрэл, дүү Ц.Мартдулам нартай хамааралтай үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох, ур чадварын нэмэгдэл, ээлжийн амралт, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг асуудлаар шийдвэр гаргахдаа хуулийн тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн. Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, эрх бүхий албан тушаалд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж, дээрх сахилгын шийтгэл ногдуулжээ.
22. Нэхэмжлэгч нь дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэж тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлж, шийдвэр гаргах тухай бүрд мэдэгдэж байгаагүй нь тогтоогдсон. Уг зөрчил нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад хамаарахгүй тул 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан “...албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” хариуцлагыг хүлээлгэхээр байгааг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
23. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад холбогдох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий тушаалын дугаарыг буруу бичсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулсан нь зөв байна.
24. Иймээс “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...хууль буруу тайлбарласан…” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хангах үндэслэлгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ