Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00431/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, * дугаар баг, **** байрны  **** тоотод оршин суух, **** овогт О***ийн Ц**** / регистрийн дугаар *****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг, **** сум, **** дугаар баг, **** дугаар хэсэг, **** гудамжны **** тоотод оршин суух, **** овогт Б****-н Ц**** /регистрийн дугаар ****, утас ****, ****/-д холбогдох,

2,975,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц****, хариуцагч Б.Ц****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ц**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие **** болон ****гийн нөхөр Г*** болон Б.Ц**** нараас *** дүгээр багийн **** тоот хашаа байшинг 7,500,000 төгрөгөөр бодож өөрийнхөө Исузу маркийн 3 тн даацтай машинаар сольж арилжаалсан. Ингээд гэрчилгээ бичиг баримтаа сольж нэр дээрээ болгох гэтэл тэдний хашаа байшингийн бичиг баримт нь **** банкны барьцаанд Г*** Б.Ц**** хоёулаа зээл авч барьцаалсан байсан тул би энэ хоёр хүнтэй ярьж тохиролцон тэдний банкны өр болох 3,616,922 төгрөг төлж **** дараа нь надад өгөхөөр болсон. Үүнээс хойш Б.Ц****гээс банкинд төлж өгсөн мөнгөө нэхэхэд тэтгэвэрийн дэвтрээ надад барьцаалсан. Хэсэг хугацааны дараа очтол өөрөө тэтгэвэрийн дэвтрээ гээсэн гэж худлаа хэлээд дэвтэр дахин нээж тэтгэвэрийн зээл авчихсан. Ингэж залилсаар арай гэж увуулж цувуулан нөхрийнхөө тэтгэврээр 641,922 төгрөг төлсөн. Одоо 2,975,300 төгрөг үлдсэн. Үүнийгээ төлнө гэж зээл авсан мэтээр гэрээ хийж баталгаажуулж өгсөн. Иймд Б.Ц****гээс 2,975,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэв.

 

Хариуцагч Б.Ц**** шүүхэд гаргасан  тайлбартаа:

“...он сар өдрийг нь тодорхой санахгүй байгаа ч ойролцоогоор 2011 онд зах дээр явж байгаад О.Ц*** тааралдаж **** нүүснээ ярьж эзэнгүй үлдсэн хашаа байшингаа зармаар байна гэж ярьсан түүнээс хойш нилээд удсаны дараа  дахиад тааралдсан чинь надад машинаар солих санал тавьсан тэр үед нь би ногоо тарихаар **** банкнаас 5,000,000 төгрөгийн хашаа байшингаа барьцаалан зээлсэн байсан тэгээд учираа хэлж зээлийн барьцаанд байгаагаа хэлсэн. Тэгээд машинаар уг нь сольж болно гэж ярьсан. Тэгээд бас хэсэг хугацааны дараа тараад хоёулаа ярилцан зээлээ төлсний дараа бичиг баримтаа шилжүүлж өгөхөөр тохирон солилцоо хийсэн. Машин нь гаднаас нь харахад үнэхээр цэвэрхэн, никел болсон гоё машин байсан болохоор би ч баяртай байсан. 3 сарын дараа бид хашаа байшингийн чинь бичиг баримтыг авч дахин банкинд тавьж  зээл авах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд өөрөө зээлийн үлдэгдлийг төлж бичиг баримтыг авсан үлдэгдэл нь 900,000 гаруй төгрөг байсан. Уг нь би удахгүй өгнө гэж бодож байтал өнөө авсан машин маань эвдэрч бид чирүүлсээр хот орсон. Тэгээд засуулах гэж өчнөөн зардал болсон. Одоо нөхөр маань ходоодны хорт хавдар гэдэг өвчнөөр хоног хоногоор доройтож байна. Бид хоёр тэтгэвэрээ 2015 оныг дуустал зээлээд авчихсан хоног өдрийг арай ядан өнгөрүүлж яваа хоёр хөгшин ямар ч төлбөрийн чадваргүй учир энэ мөнгийг төлж чадахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ц**** нь хариуцагч Б.Ц****ээс 2,975,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийн талаар болсон үйл явдлыг тодорхойлбол 2011 онд нэхэмжлэгч О.Ц****, хариуцагч Б.Ц***, түүний нөхөр Г**** нар нь хоорондоо тохиролцож, нэхэмжлэгч О.Ц**** нь хариуцагч Б.Ц****, түүний нөхөр Г**** нарын өмчлөлийн **** сумын ***дүгээр багийн **** тоот хашаа байшинг нь 7,500,000 төгрөгөөр бодож, өөрийнхөө ИСУЗУ  маркын 3 тонны даацтай машинаар сольж, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан  арилжааны гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч О.Ц**** нь хариуцагчаас авсан үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч уг үл хөдлөх хөрөнгө нь Б.Ц****, Г*** нарын авсан зээлийн барьцаанд байсан тул барьцаанаас чөлөөлөхийн тулд нэхэмжлэгч О.Ц**** нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаадай овогтой Галягийн **** банкин дахь **** тоот данс руу 1,600,000 төгрөгийг, 1,293,152 төгрөгийг, Б**** овогтой Ц****ийн **** банкин дахь **** тоот данс руу 723,770 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь **** банкны 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орлогын мэдүүлгүүд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч О.Ц**** нь Б.Ц****, Г**** хоёртой уулзаад **** банкинд барьцаанд тавьсан хашаа байшингийн гэрчилгээг нийт 3,616,922 төгрөг төлж, чөлөөлүүлж авсан бөгөөд Г**** тэтгэвэрийн зээл авч 641,622 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,975,300 төгрөг дээр Б.Ц****тэй зээлийн гэрээ байгуулсан. Б.Цэцгээ, Галя нар нь нэг гэр бүл учраас Б.Цэцгээгээс 2,975,300 төгрөгийг гаргаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч О.Ц**** нь хариуцагчаас 2,975,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болно.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч О.Ц**** нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч О.Ц**** нь хариуцагч Б.Ц***ийн **** банкин дахь **** тоот данс руу 723,770 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б.Ц****  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч дээрх өөрийн дансанд орсон мөнгийг буцаан нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Г**** нь Б.Ц****ийн нөхөр учир Б.Ц**** нь Галягийн төлбөрийг хамтад төлөх үүрэгтэй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү үндэслэл нь  Г****гийн данс руу шилжүүлсэн мөнгийг хариуцагч Б.Ц****ээс гаргуулах хууль зүйн үндэслэл болохгүй болно.

Мөн зохигчид нь төлбөрийн зөрүү мөнгийг Г***гийн тэтгэвэрийн зээл авч төлсөн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч О.Ц****д өгсөн гэх 641,622 төгрөгийг хариуцагч Б.Ц****ийн төлөх төлбөрөөс хасаж тооцохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Б.Ц***ээс 723,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ц****д олгож, үлдэх 2,251,530 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Ц****ээс 723,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ц****д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,251,530 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ц****гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,554 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц****ээс улсын тэмдэгтийн хураамж 21,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА