Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1366

 

 

 

 

 

 

 

 

 

“ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

           

          Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 912 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

          Нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулагдсан Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт “Худалдан авагч 4.2-т заасан нөхцөлөөр авсан тохиолдолд хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө”, “Алдангийн үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон бараа нийлүүлэлт тус бүр/-т тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж заасан.

          Иймд “С” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 99 275 200 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдангид 49 637 600 төгрөг, нийт 148 912 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч “С” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШТ” ХХК-иас тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус хоёр компанийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-нд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ"-ээс үүссэн үндсэн өрийн үлдэгдэл 99,275,200 төгрөгийг төлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг тул өнөөдрийн байдлаар энэхүү төлбөрийг төлөх боломжгүй байгаа бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөх боломж гарч ирэх учир тэр үед төлөх хүсэлтийг тавьсан. Манай хоёр байгууллага олон удаа хамтран ажиллаж байсан бөгөөд өмнө нь ийм хүндрэл, чирэгдэл учирч байгаагүй. Энэ жил санхүүгийн нөхцөл байдал хүнд, төлбөрийн чадвар муу байгааг, мөн олон удаа хамтран ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжилсэн алдангийг бууруулж өгнө үү гэжээ. 

 

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 129 275 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 637 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 804 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч С.З давж заалдах гомдолдоо: Тус компани нь “ШТ” ХХК-тай 2015 оноос хамтран ажиллаж уг компаниас шатахуун байнга худалдан авч, шатахууны төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Харин 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Т\334 дугаартай гэрээний дагуу төлөх ёстой байсан 240 173 500 төгрөгийн төлбөрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 48 318 500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 43 790 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 48 789 800 төгрөг, нийт 140 898 300 төгрөгийг төлж, үлдэгдэл 99 275 200 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй болсон юм. Бид энэ оны 7 дугаар сарын дундаас төлөх боломж гарна гэдгээ нэхэмжлэгч компани болон шүүхэд тайлбарлан хэлсэн.

 

Өндөр үнийн дүнтэй гэрээнд алдангийн хэмжээг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр тохирсон нь бидэнд хэт хүндрэлтэй байсан тул алдангийн төлбөрийг бууруулж өгөхийг шүүхээс хүсэхэд шүүх бидний хүсэлтийг хүлээн авсан хэдий ч алдангийг бууруулсан үндэслэлээ “хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдал” гэж тайлбарлаад, нийт 50 сая орчим төгрөгийн алдангаас 19.6 сая төгрөгийг хасч үлдсэн 30 сая төгрөгийг апдангид төлүүлэхээр шийдвэрлэсэн нь бидэнд учирч буй хүндрэлийг бодитойгоор бууруулсангүй. Иймд алдангийн хэмжээг багасгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ШТ” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 912 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийн хэмжээг бууруулах хүсэлт гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

          Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэрээний төлөгдөөгүй төлбөрт нийт 99 275 200 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж, акт үйлдсэн, хариуцагч нь энэ талаар маргаагүй тул хариуцагчийг гэрээний төлбөрийн үлдэгдэл төгрөгийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд талууд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйлийн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй тул шүүх бүрэн эрхийн хэмжээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийн хугацаа хожимдуулсан тохиолдолд анз төлөх нөхцөлтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учраас шүүхийн шийдвэрт хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн өөрчлөлт оруулах замаар гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01277 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН