Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/0415/И

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тө.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** байрны ** тоотод оршин суух Б*** овогт Б.О*** /регистрийн дугаар ****/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ** жилийн ** дугаар дунд сургууль /захирал Ш.Я***/-д холбогдох 

"** дугаар сургуулийн захирлын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг тушаал гарахаас өмнөх цалин 580,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О***, хариуцагчийн төлөөлөгч Ш.Я***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Миний бие нь бага ангийн багшаар 26 дахь жилдээ ажиллаж байгаа ба тус сургуульд 21 дэх жилдээ ажилласаар ирсэн бөгөөд энэ сургуулийн анхны багш, үүсгэн байгуулагчдын нэг билээ. Ажиллах хугацаандаа багшийн ёс зүйг зөрчих болон сургалтын үйл ажиллагааг таслан доголдуулж байсан удаагүй бөгөөд 1-3 дугаар ангийг 1 удаа, 1-4 дүгээр ангийг 3 удаа, 1-5 дугаар ангийг 2 удаа тус тус даан төгсгөсөн ба ангийн сурагчдын тоо тогтмол 34-36 сурагчидтай байсан, сургалтын чанар 75-аас дээш хувь, амжилт 100 хувь болж тогтмолжсон үзүүлэлттэй байсан. Мөн төгсгөсөн ангиудын сургалтын түвшин аймгийн стандартын түвшинд хүрсэн. Миний ажлын амжилтыг үнэлж Боловсрол соёлын газраас "Арга зүйч" багш цол тэмдэг, "Багшийн алдар" медиалаар, "Ахлах багш" цол тэмдэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын "Хүүхдийн төлөө" медалиар, Сумын засаг даргын жуух бичгээр, "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр тус тус шагнан урамшуулж байсан. Би 2011-2012 оны хичээлийн жилд 1 дүгээр анги даан авах болсон ба надаас шалтгаалах зүйлгүйгээр төрөлтийн тоо багасах болон сургуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор 1 дүгээр ангид элсэгчдийн тоо багасаж, миний ангид 19 сурагч бүртгэгдсэн нь намайг орон тооны цомхотголд оруулах шалтгаан болж байгаад миний бие гомдолтой байна. Сургуулийн дотоод журам болон Боловсролын тухай хуульд багш нь хүүхдээ олж авна, хүүхдээ олж аваагүй багш орон тооны цомхотголд орно гэсэн заалт байхгүй. Хүүхэд цөөрсөн шалтгаан нь сүүлийн 3 жилд ажиглагдаж байсан. Үүнд сургууль ямар арга хэмжээ бодлого, шийдвэр гаргаж байсан юм бэ, Өнгөрсөн жил 4 багш анги бүртгэснээс 3 анги бүрдсэн. Нэг багш нь огт хүүхэдгүй байсан. Энэ багшийг ажлаар хангаж байсан. Дахин энэ хичээлийн жилд тэр багш 1 дүгээр ангид хүүхэд бүртгээд найман хүүхэд ирсэн бүх хүүхдээ тараагаад явуулсан. Яагаад энэ багшийг ажлын байраар хангачихаад намайг орон тооны цомхотголд оруулав. Энэ шударга биш шийдвэрт гомдолтой байна. Өнөөдөр би энэ ажлаас өөр юу хийж амьдрахаа бодоод өөртөө хариулт өгч чадахгүй байна. Удирдах ажилтны гаргасан шийдвэр дэндүү тоомжиргүй, үзэгний үзүүрээр ямар ч үндэслэлгүйгээр миний гэр бүлийн амьдралд болон эрүүл мэндэд хүнд байдал учруулсан шийдвэр гаргана гэж төсөөлөөгүй. Өмнө нь захирал Ш.Я*** 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус болохыг Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1625 дугаартай шийдвэрээр намайг багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шийдвэр гарсанаас хойш захирал Ш.Я*** удаа дараа очиж уулзахад намайг үл тоомсорлосон. Ингээд 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр багшийн ажилд авах тухай тушаалыг гаргасан бөгөөд намайг ажлаар хангаагүй, маргааш нь буюу 2012 оны 01 дүгээр сарын 25-нд ажлаас чөлөөлөх мэдэгдэл дахин өгч, намайг мэдэгдлийг авахыг шаардсан. Би тэр мэдэгдлийг гардан хүлээж аваагүй бөгөөд яагаад ингэснийг асуухад тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлж байна, чамд надад өгөх ажил байхгүй, нэг сар цалингаа авна биз гэсэн болно. Мөн ямар ч ажлаар хангаагүй мөртлөө 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын үндсэн цалин олгож, улмаар 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тушаалаар орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Удаа дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Иймд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг тушаал гарахаас өмнөх цалин 580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш цалин 580,000 төгрөгөө авсан тул энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулийн захирал Ш.Я*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1625 дугаар шийдвэрээр ажил олгогч намайг 2 үндэслэлээр буруутгасан. Үүнд: Хуулийг хэрэгжүүлэхдээ процедурын алдаа гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д цомхотгол гэсэн үг байхгүй байна. Хүүхдийн тоо цөөрсөн болохыг нотлох баримт бүрдүүлээгүй байна гэсэн болно. Бага ангид хэдэн багш ажиллах нь хүүхдийн тооноос шууд шалтгаалдаг тул нэг багшийг цөөрүүлэх шаардлага гарсан. Үндэслэл нь: Хүүхдийн тоо цөөрсөн нь 2010-2011 он, 2011-2012 оны намрын статистик мэдээ, тайлангаар нотлогдоно. Б.О***ын сургууль төгссөн диплом нь хүчингүй, учир нь Б.О*** нь 1994-1995 онд Улсын багшийн их сургуулийн Сургалтын арга зүйн институтад мэргэжил ахиулах дамжааг төгссөн боловч энэ сургалтанд тухайн үед Багшийн сургууль төгссөн дунд боловсролтой бага ангийн багш хамрагдаж байсан бөгөөд эдгээр багш нарт “А” зэрэглэлийн гэх нэртэй нэг жилийн сургалтанд хамруулаад дээд боловсролын диплом олгож байсан юм. Гэтэл Б.О*** урьд нь ямар ч сургууль төгсөөгүй тул энэ мэргэжил ахиулах дамжаанд суралцах боломжгүй. Нэхэмжлэгч ажлаар хангаагүй гэсний хувьд би тушаал гаргахын өмнө хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Би зөвхөн өмнө нь зааж байсан ангидаа хичээл заана. Хүүхэд ялгаж өг гэсэн шаардлага тавьсан бөгөөд ажлаар хангах талаар сургалтын менежер О.Л*** ярьж тохирсон зүйл байсан. Нэхэмжлэгч нь яагаад ажлаас халж байгаа юм бэ гэсний хувьд түүний диплом нь шаардлага хангахгүй байгаа учир халсан. Тушаалд энэ тухай дурьдаагүй. Б.О***ын диплом нь Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Мэргэжил ахиулах дамжааны диплом нь сургууль төгссөнийг гэрчлэх баримт болж чадахгүй тул багшийн мэргэжил эзэмшихгүй гэсэн үг. Багш Б.О***д өвчтэй, чөлөөтэй, ямар нэгэн шалтгаантай багш гарвал хичээлийг нь өөрөөр чинь орлон заалгая, энэ намар 2 багш тэтгэвэрт гарна түүний оронд эхний ээлжинд ажилд авья, олон багштай тул хөдөлгөөн байнга гарч байдаг учир орон тоо гарвал эхний ээлжинд авна гэх мэт санал тавьсан боловч тохиролцож чадаагүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О*** нь хариуцагч Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуульд холбогдуулан “Тус сургуулийн захирлын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг тушаал гарахаас өмнөх цалин 580,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад цалин 580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсан болно. 

Б.О*** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй  бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг  хүлээн авсан өдрөөс  хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан уг хугацааны дотор буюу 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. 
             Хариуцагч Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулийн захирал Ш.Я*** 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тушаалаар “2011-2012 оны хичээлийн жилийн хүүхдийн элсэлтийн тоо багасаж, орон тоо цөөрүүлэх шаардлагатай болсон тул бага ангийн багш Б.О***ыг 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.  
    Б.О***ыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1625 дугаартай шийдвэрийн дагуу 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус сургуулийн захирал тушаал гаргаж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн авч, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралтын 4 дүгээр заалт зөрчигдөж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгсөн боловч Б.О*** мэдэгдэлд гарын үсэг зураагүй байна.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх …” гэж зааснаар ажил олгогч нь өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулах бөгөөд хариуцагчийн хувьд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлээ 1 сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдсэн боловч мэдэгдэлд Б.О***аар гарын үсэг зуруулж, баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. 
 Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулийн захирал Ш.Я*** нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралтын 1 дэх хэсгийн 4-т “Анги дүүргэлтийг бага ангид 30-35 /багийн салбар бүлэгт 20-оос доошгүй/ дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах, сонсох эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна” гэж заасан заалт нь зөрчигдөж байгаа тул бага ангийн багшийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай гэж үзэж Б.О***ыг ажлаас нь чөлөөлсөн боловч уг хамтарсан тушаалын дагуу тус сургуулийн бага ангийн багшийн орон тоог цөөрүүлсэн болох нь тодорхойгүй, хариуцагч нь орон тоо цөөрүүлсэн тухай тушаал эрхийн акт гаргаагүй болох нь Дархан-Уул аймгийн*******сургуулийн захирал Ш.Я*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 
        Хариуцагч нь орон тоо цөөрүүлсэнийг нотлох баримт болгож тус сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн тайлан, 3-11 дүгээр ангийн сурагчдын 2010-2011 оны хичээлийн жилийн эцсийн дүн, ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 2011/2012 оны хичээлийн жилийн тайланг тус тус ирүүлсэн боловч эдгээрийг үндэслэн, мөн дээрх хамтарсан тушаалын дагуу орон тоо цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 
        Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах” үүрэг ерөнхий боловсролын сургуулийн захирлын хүлээх үүрэг байхаар заасан байхад тус сургуулийн захирал Ш.Я*** "Б.О*** нь хүүхдүүдийг сургуульд хамруулах ажиллагааг хийгээгүй" гэж тайлбарлаж байгаа нь эрх, үүргийн хувьд Б.О***д хамааралгүй асуудлаар тайлбар гаргасан гэж үзэхээр байна. 
        Б.О***ыг багшлах эрхгүй, түүний диплом нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ” гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг бөгөөд Б.О***д 1995 онд Улсын багшийн их сургуулийн Сургалтын агуулга арга зүйн институтээс олгосон 79 дугаартай дипломыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болгосон тухай эрхийн акт байхгүй, мөн Б.О***ыг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ тухай дурьдаагүй болохыг дурьдах нь зүйтэй юм. 
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О***ыг Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.О***ын сарын дундаж цалин болох 572,108.6 төгрөгийг түүний ажилгүй байсан 01 сарын хугацаагаар тооцож 572,108.6 төгрөгийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
    
        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:
     
          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О***ыг Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 572,108.6 /таван зуун далан хоёр мянга нэг зуун найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Б.О***д олгож, нэхэмжлэгч Б.О*** цалин хөлс 580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 жилийн*******дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 17,813 /арван долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.   

      3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Тө.ЭНХЖАРГАЛ