| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/05104/И |
| Дугаар | 183/шш2023/03594 |
| Огноо | 2023-11-07 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 183/шш2023/03594
| 2023 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2023/03594 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х хотхон Зайсанийн тойруу, *** байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ***********, Б овогтой Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х хотхон Зайсанийн тойруу, ** байр, *** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар **************, Б овогтой Д-ийн Н-д холбогдох,
2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Б, Д.Н нар мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Н-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Монгол Улсын иргэн Б.Б миний бие нөхөр Д.Н-тэй 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэр бүл болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид одоо Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х хотхон Зайсангийн тойруу гудамж ** дугаар байр ** тоот дахь орон сууцыг түрээслэн амьдарч байна. Манай нөхөр Д.Н 2018 оны 6 дугаар сард Орхон аймгийн төв буюу Баян-Өндөр суманд орон сууцны ханш маш өндөр байна, хямд зарагдах орон сууц оллоо хоёулаа худалдан аваад хэсэг хугацаанд буюу 1, 2 жил түрээсэлж байлгаж байгаад үнэ хүргээд авснаасаа илүү үнээр зарах хэрэгтэй байна гэсэн. Би ч энэ байдлыг бодож үзээд түүнд итгээд үнэ, ханш өсвөл зүгээр юм гэж бодоод зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн төв буюу Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ********** дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрее амины орон сууцыг нийт 64 сая төгрөгөөр нөхөр Д.Н-ийн нэр дээр худалдан авсан. Бид өөрсдөө орон сууцгүй байгаа ба бага мөнгөө жаахан эдийн засгийн эргэлтэд оруулж, ахиу мөнгөөр орон сууц худалдан авч амьдрахыг л хүсэж байсан байхад миний хүч хөдөлмөрөөр бий болсон мөнгөн хөрөнгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн төрсөн дүү Д.Н-доо надад хэлэлгүй нуун дарагдуулж 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэсэн болохыг мэдэж аваад арга буюу шүүхэд хандаж байна. Би амьдралын төлөө өөрийн биеэ гаргуунд хаяж ажиллаж, 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж том хүүгээ гадаадад сургуульд явуулж сургалтын болон хэрэглээний зардлыг явуулж байна. Бид хүнд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх хэмжээний хөрөнгө цуглуулаагүй дор бүрнээ өөрийн ахуй амьдралаа авч яваа хүмүүс билээ. Нөхөр Д.Н нь хамтран өмчлөх дундын хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн нь миний болон хүүхдүүдийн минь эрх ашиг ноцтой хөндөгдөж Монгол Улсын Иргэний хуулийн 128 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. 2 Иймд Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн "Бэлэглэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус халцал болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ************ дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай болгон нэмэгдүүлж байна. ... Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ************ дугаартай, 29 м талбайтай, 2 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Б намайг бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Монгол Улсын иргэн Б.Б миний бие нөхөр Д.Н-д холбогдуулан хамтран амьдрах дундын өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан "Бэлэглэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрийн нарийн эрх бүхий байгууллага болох Улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ********* дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай гэж нэмэгдүүлсэн. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ************* дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай" болгон өөрчилсөн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэгтгэн тодруулж байна. Хамтран өмчлөх дундын хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн Д.Н, Д.Н нарын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан "Бэлэглэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, иргэн Б.Б намайг "Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ************* дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодруулж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.Б-тай 1998 онд гэр бүл болсон бөгөөд бид хамтын амьдарлын хугацаандаа янз бүрийн бизнес хийж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, компани байгуулан, гэр бүлийн хувьд хангалттай хөрөнгөтэй болсон. Гэвч сүүлийн үед эхнэр Б.Б-ийн ааш зан хувирч, байнга мөнгө ярин уурлаж, хэрүүл өдөж, амар тайван байлгахгүй болсон тул би хамтран байгуулсан компаниудынхаа бүх хувьцаагаа эхнэртээ шилжүүлсэн. Мөн үйлдвэрлэл, үйлчилгээний хэд хэдэн объект байгаа боловч Б.Б алсыг бодож, надаас нууж бусдын нэр дээр шилжүүлсэн. Бидний хөрөнгө хангаллтай болсон тул Б.Б өөрийн дүү нартаа үл хөдлөх эд хөрөнгөөсөө өгсөн. Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл худал учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.1 Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагдаа: Гэр бүлийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар хороо ** дүгээр байр, ** тоот хаягтай байр нь Б.Б, Д.Н-ийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож, уг байрны өмчлөгч нь Б.Б, Д.Н нар мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б.Б нь Д.Н бидний дундын хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар хороо ** дүгээр байр, ** тоот хаягтай байрыг өөрийн төрсөн дүү Б.Б-ийн өмчлөлд өгье, харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг. Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ********** дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг танай дүү Д.Н-ын өмчлөлд өгье гэж тохиролцсон, уг тохиролцооны дагуу Б.Б нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар хороо ** дүгээр байр, ** тоот хаягтай байрыг Б.Б, Д.Н нарын өмчлөлд байсныг Б.Б-ийн төрсөн дүү Б.Б-ийн өмчлөлд өгөхөөр болонгуутаа Б.Б-ийн нөхөр Б-ын М-ийн өмчлөлд 2017 оны 5 сард ямар ч үнэ төлбөргүй хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Үүний дараа ярилцаж тохиролцсоны дагуу Д.Н би өөрийн дүү Д.Н-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** хороолол, ** дугаар байрны ** тоот дахь, улсын бүртгэлийн ******* дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг мөн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь өгсөн. Гэтэл Б.Б нь миний дүүд өгсөн уг байрыг надаас нэхэж байгаа тул Д.Н намайг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар хороо ** дүгээр байр, 6 тоот хаягтай байрыг манай гэр бүлийн дундын хөрөнгө байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Н нарт хамаарах иргэний хэргийн зохигчид Д.Н миний өмчлөлийн орон сууцыг авах гэж маргалдаж байгаа нь миний өмчийг зүй бусаар булааж, миний амьдралыг, миний өмнөөс шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль болон Иргэний хуулийг бүдүүлгээр зөрчиж байна. Учир нь Д.Н би эхнэр, насанд хүрээгүй 7 хүүхдийн хамт амьдарч байгаа, хамгийн бага хүүхэд маань нь ой хүрээгүй, мөн бага насны олон хүүхдүүд байгаа тул эхнэр маань ажил хийх боломжгүй хүүхдүүдээ асардаг, би ганцаараа ажил хийж, ам бүлийн 9 хүнээ ганцаараа тэжээдэг. Манай өөрийн гэсэн байртай тулдаа л ганц хүний цалингаар олон ам бүлээ тэжээн тэтгэж явдаг. Энэ байранд манай гэр бүл 2018 оноос одоог хүртэл 5 жил амьдарч байна. Уг байрыг өмчилж аваад хуулийн дагуу өөрийн өмчлөлд авсан, гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар шаардлага гаргах хугацаа нь өнгөрсөн. Зүгээр л авгай, нөхөр хоёр хоорондоо таарч тохирохгүй болонгуут манай гэр бүлийн өмчөөр, бүр орон байраар оролдож байгаад би гомдолтой байна. Тэгээд ч манай байрыг авахад нэхэмжлэгч ямар ч хамаагүй болно. Иймээс Орхон аймгийн Баян-өндөр сумын 3**дугаар баг. Уурхайчин ** хороолол, ** дугаар байр, ** тоот дахь, улсын бүртгэлийн ************ дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө амины орон сууцыг миний зөвшөөрөлгүй дундын хөрөнгө гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан болно гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 477.950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний хуулбар, орон сууц хөлслөх гэрээний хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, С.Т-д олгосон итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ************* дүгээр зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ********* дүгээр Барьцааны зээлийн гэрээний хуулбар, эмнэлгээс өвчтөн илгээх хуудасны хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, эмнэлгийн магадалгаа, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн **** дүгээр орон сууц хөлслөх гэрээний хуулбар, Х банк дахь гадаад гуйвуулгын баримтын хуулбаруудыг ирүүлсэн.
5.Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ц.Х-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.
6. Гуравдагч этгээд Д.Н-оос Ш.Ч-д олгосон итгэмжлэл, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Д.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар, Г.М-н иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Э, Н.Э, Н.Э, З.А, З.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарыг бүхэлд, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны *** дугаар албан бичгээр Б.Б-ийн 2018 оны 6 дугаар сараас хойш 06.3 өдрийн сэтгэл санааны органик эмгэгээр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн сэтгэцийн эмчийн хяналтад байгаа бөгөөд хяналтын картын хуулбарыг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ****** дугаар албан бичгээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Б.Б-ийн Өвчний түүхийн хуулбар, тус төвөөр үйлчлүүлсэн баримтын хуулбарыг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Хан-Уул дүүрэг,** дугаар хороо, дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Б, Д.Н нар мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
3. Үндсэн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд
Иргэн Д.Н болон Г ХХК-ийг төлөөлж Б.Б нар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Х банк ХХК-тай *********** дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15.10 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г иргэн Д.М болон хариуцагч Д.Н нар байгуулж, маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар баг, Уурхайчин ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаар бүхий, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан хэмээн тайлбарласан бөгөөд энэхүү талуудын тайлбар нь хэрэгт авагдсан Х банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ /хх-1 хав, 70-72/ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.Н-ийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-1 хав, 47-48/ зэргээр тогтоогдож байна.
Ингээд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний үндсэн дээр Д.Н нь төрсөн дүү Д.Н-д дээрх 2 өрөө орон сууцыг бэлэглэж /хх-1 хав, 49-50/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Д.Н-ын нэр дээр бүртгэгджээ. /хх-1 хав, 50 ар хэсэг/
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н-д худалдан авснаас хойш 2 жилийн дараа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжсэнийг нэхэмжлэгч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэдээгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сард мэдсэн гэх тайлбарыг гаргаж, хариуцагч уг нэхэмжлэгчийн тайлбарыг эрс үгүйсгэж, маргахдаа бид харилцан тохиролцоод Б.Б өөрийн дүүдээ орон сууц бэлэглэж, би өөрийн төрсөн дүүдээ энэхүү байрыг мөн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн ба энэхүү нөхцөл байдлыг бид харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэв.
4. Сөрөг нэхэмжлэлд дурдсан орон сууцны хувьд
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн, хэргийн 1 дүгээр хавтасны 156-249 дүгээр тал, 2 дугаар хавтасны 1-29 дүгээр талд авагдсан баримтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ч өргөн чөлөө гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, 99,2 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Б.Б, Д.Н нарын нэр дээр бүртгэлтэй байж байгаад дараа нь хүү Н-ийн М, Д.Н нар өмчлөгчөөр бүртгэгдсэн, үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний үндсэн дээр Н.М, Д.Н нар Б-ын М-д шилжиж, Б.М 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байна.
Ингээд 5 сарын дараа Б.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.О-ийн нэр дээр бүртгэгджээ.
5. Нэхэмжлэгчийн эрүүл мэндийн төвүүдээс ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон өвчний түүхээс үзэхэд Б.Б нь зүрхний хэм алдалт, нойргүйдэлт, сэтгэл санааны тайван бус байдлын улмаас зовиуртай байгаагаа эмчид илэрхийлдэг байх ба Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ** удаа хэвтэн эмчлүүлэхдээ Сэтгэл түгших эмгэг-тэй хэмээн оношлогдож, тайвшруулах эмчилгээ хийлгэсэн байх боловч Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн тогтворгүй байдлын улмаас ухаан санаа алдагдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2018 оноос 2022 оны хооронд өвчний учир хариуцагчийг өөрийн төрсөн дүүдээ орон сууц бэлэглэснийг мэдээгүй, надаас нуусан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нөхрийнхөө төрсөн дүүг хэзээнээс, хаана, ямар орон сууцанд амьдарч байсныг мэдэх бүрэн боломж энэ 4 жилийн хугацаанд байсан гэж үзнэ.
7. Нөгөө талаар, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэх үйл баримт тогтоогдоогүй ба тухайн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
8. Тэгэхээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусын төрсөн дүү нартаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, тухайн гэрээ өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр бөгөөд бэлэг хүлээн авагч нар бэлэглэгчийг гомдоосон, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
9. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 280 дугаар зүйлийн 280.1, 280.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Н-д холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Б-д холбогдох Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол,** дүгээр байрны 6 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Б, Д.Н нар мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.150 төгрөг, хариуцагч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 280 дугаар зүйлийн 280.1, 280.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Н-д холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Н, Д.Н нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Б-д холбогдох Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Б, Д.Н нар мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.150 төгрөг, хариуцагч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА