Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1367

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03224 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бд холбогдох

            Гэм хорын хохиролд 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгч Л.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цахлай захаас уруудах замд өөрийн өмчлөлийн 47-56 УБС улсын дугаартай приус маркийн авто машинтайгаа зорчиж байтал 44-09 УБЛ улсын дугаартай верна маркийн авто машинтай Х.Б миний машиныг мөргөж надад нийт 920 000 төгрөгийн хохирол учруулснаас 200 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед миний бие цагдаад хандан шийдвэрлүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Н.Ганбаатарын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх хуудсаар Х.Бгийн гэм буруутай болохыг тогтоож, хохирлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн болно. Иймд автомашинд учруулсан хохиролд 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цахлай захаас уруудаж явахдаа өөрийн өмчлөлийн 44-09 УБЛ улсын дугаартай верна маркийн авто машинтайгаа зорчиж байсан. Тухайн үед замын бөглөрөл их байсан ба микроавтобусны жолоочтой маргаж байхдаа би машиныхаа хаазыг жоохон хүчтэй гишгэсний улмаас миний урд зогсож байсан Д.Эгийн 47-56 УБС улсын дугаартай приус маркийн автомашиныг мөргөсөн. Д.Эгийн автомашин 93-11 УНЧ улсын дугаартай автомашиныг мөргөөд зогссон. Энэ ослын улмаас Д.Эгийн машины хойд гупер хагарсан ба би түүнтэй үнийг төлөхөөр ярьж тохирч Да Хүрээ болон Цахлай захад хойд гупер 200 000 төгрөгийн үнэтэй байсан тул би уг мөнгийг нь Д.Эд хүлээлгэн өгсөн.

Гэтэл “АБ” ХХК-иар эвдрээгүй зүйлийг эвдэрсэн болгоод үнэлгээ гаргуулсан байсан. Зам тээврийн осол миний буруугаас болж гарсантай би маргахгүй, намайг 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахад гомдол гаргаагүй. Би өөрийн буруугаас болж учруулсан хохирлоо төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Бгээс 255 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 465 000 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бгээс 8 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч Д.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11.30 цагт болсон ослын улмаас миний машинд учирсан гэмтлийг үнэлсэн “АБ” ХХК-ийн тогтоосон үнэлгээний зарим хэсгийг авто тээврийн ослын улмаас үүсээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 465 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зам тээврийн ослын улмаас миний машины нүүр, хойд урд гупер, копуд эвдэрсэн. Шүүхийн хасч тооцсон хойд гэрэл, гуперийн дотор төмөр, дугаарын хүрээ болон будаг, лак гаргах туслах материал, будах зардлууд нь ослын улмаас үүссэн бөгөөд эдгээр гэмтлүүд машины нүүр, хойд урд гупер, копудын салшгүй нэг хэсэг юм. Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ослын өмнө миний машинд ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд ослын дараах гэмтлүүдийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Х.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Х.Б 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед верна маркийн, 44-09 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цахлай захаас уруудах замд замын хөдөлгөөний дүрэм зөрчин, нэхэмжлэгч Д.Эгийн пирус маркийн 47-56 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 6 дугаар тал/

 

Дээрх ослын улмаас хариуцагч Х.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн байна. / хэргийн 9 дүгээр тал/

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “АБ” ХХК-иар үнэлгээ хийлгэн, эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 645 000 төгрөг,будаг, туслах материал, лав /өнгө гаргахад/ 600 000 төгрөг, будах зардал 180 000 төгрөг, эд анги солих, засах ажилд 35 000 төгрөг нийт 920 000 төгрөгийн зардал гарна” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь гэм буруу болон гэм хорын хохиолд 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримт болох “АБ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгийн өмчлөлийн автомашиныг засварлахад шаардагдах зардлын хэмжээг 920 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хариуцагч үгүйсгэж чадаагүй. /хэргийн 4 дүгээр тал/

 

          Гэхдээ Зам тээврийн осол, хэргийн газрын 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн үзлэгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 47-56 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд болон хойд гупер, копуд, урд нүүр эвдэрсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

 

          Иймд анхан шатны шүүх уг эвдэрсэн эд ангиудыг солих, засварлах зардлыг 455 000 төгрөгөөр тодорхойлж, уг төлбөрөөс хариуцагчийн төлсөн 200 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 255 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.  

 

          Харин нэхэмжлэгч Д.Э нь “шүүх хойд гэрэл, гуперийн дотор төмөр, дугаарын хүрээ болон будаг, лак гаргах туслах материал, будах зардал уг ослын улмаас үүссэн бөгөөд эдгээр гэмтлүүд нь нүүр, хойд, урд гупер, копудын салшгүй хэсэг болох тул дээрх зардлуудыг гаргуулах байсан” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН