Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1368

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Чийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Чийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ц, Ц.Д нарт холбогдох

           

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хануулах тухай нэхэмжлэлтэй,

          М.Ч, Э.Ц нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Э.Цийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Э.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Ц.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ч, Э.Ц нарын хооронд байгуулагдсан 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний дагуу М.Ч 30 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүү эхний сард 5 хувь буюу 1 500 000 төгрөг, дараа сар 9 хувь буюу 2 700 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нар төлөөгүй. Зээлийн баталгаанд зээлдэгч Э.Цийн өмч болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 816/3 тоот хаягт байрлалтай 110.9 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалтай, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг болон гэрээний 2.6-д зааснаар алдангийн талаар харилцан тохиролцсон тул алданги 15 000 000 төгрөг болсон байна.

          Иймд хариуцагчаас үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүнд 4 200 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг нийт 49 200 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Э.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Ц нь М.Чтой 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай маргахгүй. Зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээ бодитойгоор  хэрэгжээгүй. Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээний дагуу мөнгө өгөөгүй. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У “М.Чоос тодруулж асуусан дансаар 5 000 000 төгрөг, бэлнээр 25 000 000 төгрөг өгсөн. Тухайн зээл авсан Э.Ц өөрөө 14 300 000 төгрөгийг барьцаа чөлөөлөх хүүнд тооцуулж, 14 300 000 төгрөгийг М.Чт өгч барьцааг хаалгуулсан” гэж тайлбарласан, Э.Ц нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг хүлээж аваагүй, бодитоор мөнгө шилжүүлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “Хариуцагч Э.Ц, Ц.Д нар надаас 30 000 000 төгрөг зээлж авсан. Ц.Д, Л.Цэнд-Аюуш нар “Угтаал констракшн” ХХК Ruby ломбарднаас хугацаа хэтэрсэн дөрвөн зээлтэй, хоорондоо харилцан тохиролцож уян хатан байдлаар 10 000 000 төгрөгөөр хааж төлсөн болно” гэжээ. Тэгэхээр энэ мөнгийг Э.Цд өгсөн гэж байгаа ч бодит байдалд нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаадлагаа өөрөө нотолж чадаагүй. Нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хаанбанкны дансны хуулгаар Э.Цд шилжүүлсэн нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч Ц.Д, Л.Цэнд-Аюуш нар нэхэмжлэгчийн ажиллуулдаг ломбарднаас удаа дараа зээл авсаны дагуу 4 удаагийн зээлийн үлдэгдэл 8 300 000 төгрөг байсан. Ц.Дд мөнгөний хэрэгцээ гарсан тул иргэн М.Чоос 30 000 000 төгрөгийн зээл хүссэний дагуу зээл олгохдоо өмнө авсан зээлийн үлдэгдэл болон хүүг хасч, 9 130 200 төгрөгийг 10 000 000 төгрөгөөр тэгшилж тооцон 30 000 000 төгрөгөөс суутган, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Дд бэлнээр өгсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасны дагуу хүү болон алданги тооцсон 19 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь Э.Цийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Энэ зээлийг Ц.Д авсан, зээлээ төлнө гэж илэрхийлсэн. Иймд 30 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Э.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Ц, М.Ч нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 30 000 00 төгрөгийг Э.Цд хүлээлгэж өгсөнөөр гэрээ хэрэгжих ёстой боловч бодитоор хэрэгжээгүй. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Ч, Э.Ц нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч н.Алтанзул энэхүү гэрээний үнэн зөвийг гэрчлээд тамга дарж, гэрээнд талууд гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан, хуульд нийцсэн байна. Хариуцагч Э.Ц гэрээний талаар маргаагүй, харин охин Ц.Д мөнгийг төлнө гэж удаа дараа шүүх хуралдаанд тайлбар гаргаж байсан. Иймд М.Ч, Э.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчөөгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ц, Ц.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 49 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид М.Чтод олгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дах хэсэгт зааснаар М.Ч, Э.Ц нарын хооронд байгуулсан 2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн хариуцагч Э.Цийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч Э.Цийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 0 гудамж, 816/3 тоот хаягт байрлалтай 110.09 м.кв хувийн орон сууцны зориулалтай, Ү-2206055483 улсын бүртгэлийн дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /403 950+70 220/-474 150 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 307 950 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц, Ц.Д нараас 474 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Э.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 2.2-д хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийг дансаар хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бөгөөд зээл олгох үүргээ зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У “Э.Цд зээлийн гэрээний үүрэгт дансаар 5 000 000 төгрөг, бэлнээр 25 000 000 төгрөгийг өгсөн” гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зээл олгосноо нотолж чадаагүй.

          Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжпэгч биелүүлээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хариуцагчаас 49 000 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Хариуцагч Ц.Д нь М.Чтой зээлийн гэрээг амаар байгуулж 30 000 000 төгрөг зээлсэн, 20 000 000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс өмнө зээлсэн гэрээний үүрэгт холбогдуулж өр төлбөрөө төлсөн тухай хүлээн зөвшөөрсөн байхад шүүх Э.Цээс 49 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М.Ч, Э.Ц нарын хоорондын зээл болон барьцааны гэрээ хуульд нийцсэн” гэж үзсэн нь маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хэргийг нотлох баримтын хүрээнд бус нэхэмжлэгч талын амаар шийдвэрлэсэн. Хариуцагчаас зээл болон барьцааны гэрээ байгуулагдаагүй, хуульд нийцээгүй гэж маргаагүй ба зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг хүлээж аваагүй гэж маргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль болон хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “...зээлийн гэрээний үүрэгт 49 200 000 төгрөгийг хариуцагч Ц.Дгөөс гаргуулахаар” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

         

          Хариуцагч Ц.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо: 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч Ц.Д гарын үсэг зураагүй бөгөөд гэрээний оролцогч биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг М.Чоос зээлж авахдаа өөрийн эцгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай харилцан тохиролцоогүй гэж маргаж байхад шүүх хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг буруу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд Э.Ц, Ц.Д нарын хэнд, хэдэн төгрөгийг, ямар байдлаар өгсөнөө тайлбарлаж чаддаггүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.

Харин хариуцагч Ц.Дгийн тухайд М.Чтой харилцан тохиролцсоны дагуу 30 000 000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээг амаар байгуулж, түүнтэй байгуулсан өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөгийг суутгаж, үлдэх 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаараа маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн гэрээг амаар байгуулсан тул зээлийн гэрээний хүү болон алданги төлөхөөс татгалзсан. Гэтэл шүүх зээлийн болон барьцааны гэрээний оролцогч биш Ц.Дгөөс зээлийн гэрээний хүү болон алдангиийн хамт нийт 19 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Мөн хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч М.Чтой харилцан тохиролцсоны дагуу түүний ажиллуулдаг Раби /Ruby/ ломбардны байранд 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авсан нь ломбардны сиди бичлэг, шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогддог. Дээрх бичлэгт хариуцагч Ц.Д нэхэмжлэгчээс хэдэн төгрөгийн зээл хүсч, эцэг Э.Цийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай тохиролцож байгаа, нэхэмжлэгч хэдэн төгрөгийг Ц.Дд хүлээлгэн өгч байгаа үйл баримт үзлэгээр тогтоогдоогүй. Харин М.Ч, Ц.Д нар харилцан ярилцаж Ц.Д уутанд хийсэн мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авч байгаа үйл баримт тогтоогддог. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрт “Ц.Дгөөс зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Чт олгосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.        

Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч Э.Ц, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Д “үндсэн зээл 30 000 000 төгрөгийг зөвшөөрч, амаар зээлийн гэрээ байгуулагдсан тул хүү, алданги төлөхгүй” гэж, хариуцагч Э.Ц 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч М.Ч, хариуцагч Э.Ц нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, эхний сар 5 хувийн хүүтэй, 2 дах сараас 9 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагджээ. Мөн өдөр зээлдэгч Э.Цийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 813/3 тоот хаягт байрлах, 110.09 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбаргүй барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

        Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч Ц.Д хүлээн авсан талаар маргаагүй тул зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг хариуцагч нар хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Д “30 000 000 төгрөгөөс өмнөх зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хасч, 20 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч үндсэн зээл 30 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, амаар зээлийн гэрээ байгуулсан тул хүү, алданги төлөхгүй” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох тул хариуцагч Ц.Д зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Чоос хүлээн авсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үүргийг, гэрээний 2.6-д заасны дагуу тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүнд 4 200 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг нийт 49 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч Э.Цийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан үндэслэл тодорхойгүй байх тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

 

Хэдийгээр хариуцагч Э.Ц гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбар гарган маргасан боловч түүний охин буюу хариуцагч Ц.Д тухайн гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй. Хариуцагч Э.Ц зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрт нь шилжүүлэхийг нэхэмжлэгчээ шаардаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тэрээр шүүхэд удаа дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбар гаргасан байна. /хэргийн 17, 38 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг болох 42 900 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.


           Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Цээс төлсөн 403 950 төгрөг, хариуцагч Ц.Дгөөс төлсөн 253 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН