Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1229

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          12           05                                          2025/ШЦТ/1229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 2511 02845 1897 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, “***”-д дуудлагын таксины жолооч ажилтай, ам бүл 2, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

*** овогт ***ын *** (РД:***);

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд гэртээ эхнэр ***г бусадтай хардсаны улмаас түүний цээж рүү цохиж, өшиглөж, гар утасны тогтоогч суурь төмрөөр толгой, нүүр, гар, хөл хэсэгт болон хөнжил нөмрүүлж байгаад биеийн бүх хэсэгт нь үргэлжилсэн үйлдлээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дэх тал), хохирогч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1259 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-44 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ***ын олон тооны шарх гэмтэл үүсгэн гараараа болон эд зүйлээр цохиж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын биед халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь тэдний мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдэл нь нэг талын хүч давамгайлсан, дахин давтагдах шинжтэй байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.

 

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***гийн эрүүл мэндэд олон тооны хугарал, няцрал, эмтрэл гэмтлүүд тогтоогдох ба гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт баримтууд болон хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг баримтуудаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн болох нь хангалттай тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагджээ.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, “...нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх тайлбар (хавтаст хэргийн 144 дэх тал) гаргасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 49,000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдав.

 

Харин хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***ын энэхүү хууль бус үйлдэл нь дахин давтагдах тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болох юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчоос “гомдол, саналгүй” гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ***д 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ