Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00579

 

 

**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын **-р баг **-р байрны ** тоотод оршин суух, **** овогт Д**** У*** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** аймгийн Засаг дарга,

Хариуцагч: **** аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс нарт  холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А****, хариуцагч Б.Ж****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...**** аймгийн засаг дарга С.Н**** нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоосон. Гэтэл дахин ажилд авсан ажлаас халсан захирамжийг нэг өдөр гаргалаа. Үүнийг үндэслэлгүй гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилд орсон өдрөөс хойш ажлаас шууд халж болох зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж болохоор хуульчилжээ.

Намайг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажилд аваад надад мэдэгдэлгүй ажлаас халсан захирамжийг мөн тэр өдөр гаргасан байна. Уг захирамжуудыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бичиг хэргийн ажилтан Ш.О**** нь намайг ЗДТГ-т дуудан өгсөн. Нэгэнт хуулийн зохицуулалт нь ажилд орсон өдрөөс зөрчил гаргасан байхыг шаардсан байх ба ийм зөрчил гарах цаг, хугацаа ч байхгүй байна. Хуульд 5 жилийн өмнөх зөрчлөөр халж болох зохицуулалт байхгүй учир халсан шалтгаан нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд **** аймгийн засаг даргын **** тоот захирамжийг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, С.Н****ын төрөл садангийн хүн болох Н.М****ийг ажлаас чөлөөлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...**** аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.У***г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай шийдвэрт Д.У***гийн цалин хөлс тодорхой бичигдсэн байгаа болно” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.У***г Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1168 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 23 дугаар магадлал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар захирамжаар ***** сургуулийн захирлаар томилсон болно.

Гэтэл Д.У*** нь **** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ч.У****ийг бага ангийн багшаар ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400,000 төгрөгийг сургалтын менежер Д.Т****аар зуучлуулан авсан буруутай үйлдэлд нь Авлигатай тэмцэх газар **** аймгийн Прокурорын газрын 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж уг хэргийг 2014 оны 10 дугаар сарын Сум дундын 7 дугаар шүүхийн **** дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтны шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Д.У*** хээл хахуул авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр захирамжаар **** сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан болно.” гэв.

 

Хариуцагч Б.Ж**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Энэ асуудал надад ямар ч хамаагүй. Яагаад намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У*** нь хариуцагч **** аймгийн Засаг дарга, **** аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтэс нарт холбогдуулан  “**** аймгийн засаг даргын **** тоот захирамжийг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, С.Н****ын төрөл садангийн хүн болох Н.М****ийг ажлаас чөлөөлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э**** нь хариуцагч нарт холбогдуулан “ Д.У***г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,023,719 /49,359 х 41 хоног/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан гэсэн болно.

 

**** аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  **** дугаартай “Д.У***г ажлаас халах тухай” захирамжаар “ ...**** сургуулийн захирал Д****ийн У**** нь иргэнийг бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны **** дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны *** дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон...” /хх-8/ гэсэн үндэслэлээр Д.У***г үүрэгт ажлаас нь халжээ.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор “...Б****н овогт Д****ийн У****г хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож...” шийдвэрлэсэн /хх-/бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн **** тоот магадлал /хх-/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар 27 ны өдрийн **** дугаартай тогтоолоор “...Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж...” /хх-/ шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.У*** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр **** сумын **** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ч.У****ийг бага ангийн багшийн ажилд намар авахаар /шалгалтгүйгээр ажилд авсан/ тохиролцсон 400,000 төгрөгийн хахуулийг сургалтын менежер Д.Т****аар дамжуулан авсан гэмт хэрэг үйлдсэн /хх-болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа ба дээрх үндэслэлд хариуцагч **** аймгийн Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.У***гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.У***гийн гаргасан “ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.У*** нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА