| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00502/И |
| Дугаар | 770 |
| Огноо | 2015-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00502/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** дугаар, ****ы **** ТӨХК /утас ****, **** /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймгийн **** сумын *** дүгээр баг, *** дугаар хороолол *** дугаар байрны *** тоотод оршин суух Баатарын Янжин / утас ****/-д холбогдох
“Дулааны төлбөр 1,671,968 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ы **** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...****ы **** ХК нь хэрэглэгч Б.Я****тай дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй ханган ажиллаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Хэрэглэгч Б.Я**** нь гэрээнд заасан дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, төлнө гэдэг боловч огт төлдөггүй тул түүнээс 2012-2015 онуудын дулааны үндсэн төлбөр 1444271 төгрөг, алданги 227697 төгрөг, нийт 1671968 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*** нь нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...манайх 2014 оны 3 сарын 29-нд дулаан болон халуун усаа бүрэн таслуулсан. Тухай үед манай үндсэн төлбөр 1.200.000 байсан шиг санаж байна. Таслах үед акт гаргаж өгсөн. Бичгээ олохгүй байна. Л.А*** миний бие Б.Я****г төлөөлж **** ТӨХК-аас нэхэмжилж буй 1671968 төгрөгийн 1.200.000-г төлөх саналтай байна.
Учир нь 8,9 сард хүүхдүүд хичээл сургуульд орох учраас төлөх боломж муу байна. Б.Я**** нь тэтгэвэрт гарсан тэтгэвэрээ жилээр нь зээл авч дүүгийн төлбөрт өгдөг учир төлөх боломжгүй байна. Шаардлагатай гэвэл 10 сараас миний 2 хүүхдийн мөнгийг сар бүр нэмэлт болгож өгч болно. Алдангийн тухайд бол төлөх боломжгүй байна. Урдны өрөө төлж чадахгүй байхад алданги нэмж төлөх чадвар алга.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "****ы ****" ТӨХК нь Б.Я****д холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,444,271 төгрөг, алданги 227,697 төгрөг, нийт 1,671,968 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Тухайн сард хэрэглэсэн дулааны үнийг тухайн сарын 25-ны дотор төлнө, сардаа төлөөгүй бол дараа сарын 11-ний өдрөөс эхлэн хоног тутамд тухайн төлөх үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө. Алдангийн хэмжээ үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй...” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Я****гаас 2012 оны дулааны төлбөр 306,584 төгрөг, 2013 оны дулааны төлбөр 153,650 төгрөг, 2014 оны дулааны төлбөр 48,960 төгрөг, нийт 509,194 төгрөг, түүний алданги 227,697 төгрөг нийт 736,891 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Я****гаас 736,891 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** **** ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 935,077 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Я****гаас 736,891 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "****ы ****" ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн 935,077 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,701 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,235 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** **** ТӨХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА