| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2021/0163/Э |
| Дугаар | 0068 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 0068
Г.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Э
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.М
Нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ат холбогдох хэргийг прокурор Ц.Л-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Г-н А.
Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” авто угаалгын газрын ажилчдын өрөөнөөс насанд хүрээгүй Н.Б-н “Редми Нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Х овогт Г-н А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Шүүгдэгч Г.Ат авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 жилийн хугацаагаар авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэц судлалын үндэсний төв болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:
“ ... Г.А нь ... гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадваргүй болох нь Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжээч эмч Л.Б, гэрч Н.У нарын мэдүүлгээр тогтоогдсон тул прокуророос 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Г.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг шүүхэд гаргасан.
Гэтэл шүүх Г.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон шийтгэх тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан ... гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлнэ” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналыг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Ц.Л-н эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Г.А холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь “ ... аймагт мөн хэрэг тарьчихсан байгаа... хүний гар утас аваад 150.000 төгрөгөөр зарчихсан байсан...” /хх 147/ гэсэн,
“... урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй ... шийтгэх тогтоол нь одоохондоо гараагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 178/ өгсөн,
шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь манай охин аймагт хэрэг хийчихсэн гэж хэлсэн ... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч байгаа болохоос ял биш гэсэн саналыг прокурор нь гаргасан ... гэхдээ шийтгэх тогтоол гараагүй байгаа ... ” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
Тодруулбал: аймагт үйлдэгдсэн энэ гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх явцад Г.А нь аймгийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг хэрэг нь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн атал шүүх дээрх хэргүүдийг нэгтгүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгч Г.А нь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Сэтгэц судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гэх бөгөөд уг шийдвэрээр түүнд ямар хугацаагаар, ямар төрөлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж хэрэгжүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл Г.А нь өнөөдрийн байдлаар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байгаагийн зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацааг нэмж нэгтгэх талаар тусгайлсан зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй бөгөөд шүүгдэгч Г.Аийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөл байдал бий болж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Түүнээс гадна шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Г.А нь эдгээр хэргүүдээс гадна дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” талаар тайлбар гаргасан тул дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулбал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Прокурор хэргийг хянаж үзээд ... эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах ... шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заасан бөгөөд прокурор хуульд заасан эдгээр үүргийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсч байна.
Г.Ат холбогдох хэргийг прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л “ ... нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон учраас шүүгдэгч Г.Аийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна ...” гэсэн дүгнэлт /хх 183/-ийг гаргасан, мөн улсын яллагчийн дүгнэлтийг бичгээр үйлдэхдээ “... шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ...” гэж /хх 174/ тус тус дүгнэсэн атлаа анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч “... шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн ..., шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн...” гэсэн эсэргүүцэл гаргасан нь ойлгомжгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Г.Ат холбогдох хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Г.А нь Улаанбаатар хотын Сэтгэц судлалын үндэсний төвд эмчлүүлж байгааг дурдсугай.
3. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ