Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2022/0466/З |
Дугаар | 128/ШШ2023/0485 |
Огноо | 2023-05-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0485
2023 05 31 128/ШШ2023/0485
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар.
Нэхэмжлэгч: “С ХХК /РД:*******/
Нэхэмжлэгчийн төлөөлөөгч: Д.З
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.П*******, Б.М
Хариуцагч: Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б, Б.Б, З.М
Гуравдагч этгээд: яам
Гуравдагч этгээд яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У
Гуравдагч этгээд: “Д*******” Сууц өмчлөгчдийн холбоо
Гуравдагч этгээд “Д*******” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Э
Гуравдагч этгээд “Д*******” СӨХ-ийн өмгөөлөгч. Л.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, Ч.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П*******, Б.М, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Б.Б, З.М, гуравдагч этгээд яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээд Д******* Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.
2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/441 дугаар захирамжаар: “ Засаг даргын 2018 оны А/52 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3254 м.кв газрыг эзэмшигч "С*******" ХХК нь мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.2.Дээрх захирамжийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол шууданд хийснийг, "С*******" ХХК 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гардаж авчээ.
2.3.“С*******" ХХК-иас тус шүүхэд анх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “ Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамжаар хугацаа тогтоосон.
2.4.“С*******" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “ Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Засаг даргал холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1. Нэхэмжлэлийн шаардлага: Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг хүчингүй болгуулах. Нэхэмжлэлийн утга: "С*******" ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 тоот захирамж, Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот захирамж, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 тоот захирамж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 тоот захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах нэгж талбарын 14 дугаар бүхий 3251,0 м.кв /0,3251 га/ газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж, газрын эрхийг зохих ёсоор сунгуулж байсан. Өөрийн эзэмшлийн газартаа хот байгуулалт, хөгжлийн газраар 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн A/490-1,46 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээ, орон сууцны цогцолборын эскиз зургаа батлуулж, 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 25-ны өдрийн 00, 00дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрөл авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зөвшөөрлийн хугацааг сунгуулан холбогдох холбогдох хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэхүү захирамжийг Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0309 дугаар шийдвэрээр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дугаар магадлалаар, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэж, хууль зөрчсөн, алдаатай болохыг тогтоосон. Гэтэл нийслэлийн Засаг дарга өмнөх захирамжийн агуулгад хамаарах асуудлыг дурдаж, "мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилсөн" гэх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаартай захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болголоо. "С*******" ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийг өөрчлөөгүй байтал нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас дахин хохирлоо. Энэхүү маргаан бүхий А/441 тоот захирамж гаргахтай холбоотой Захиргааны ерөнхий хуульд заасан процедурын шаардлагыг хангуулаагүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх манай компанид мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй. Учир нь Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/1150 дугаартай мэдэгдэлд "...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлнэ үү" гэсэн байтал энэхүү албан бичгээ 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол шууданд өгч, манай компанид 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Ийм байдлаар тайлбар, саналаа өгөх боломжоор хангалгүйгээр Засаг даргын захирамж гарсан байна. Иймд Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С******* ХХК нь маргаан бүхий газарт 2004 онд анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 5000 м.кв газрыг эзэмшсэн. Үүний дараа 2010 оны 418, 2012 оны А/490 , 2015 А/938 дугаар захирамж, 2018 оны А/52 дугаар захирамжуудаар газрын эрхийг сунгуулж, хэмжээнд өөрчлөлт оруулж багасгаж байсан. 2018 оны А/52 дугаар захирамжаар 254 м.кв газрыг эзэмшиж хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Маргаан бүхий газарт Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан эскиз зөвшөөрөл, техникийн нөхцөлийн дагуу барилгын төсөл хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд 2020 оны А/11 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байсан. Үүнийг анхан болон давах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан бөгөөд 6 дугаар сарын сүүлийн хоногт А/441 дугаар захирамж гарсан. Уг захирамж нь үндэслэлгүй гарсан ба сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй. Мөн тухайн захиргааны актад тодорхой хуулийн зохицуулалтыг үндэслээгүй, Газрын тухай хуульд заасан үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Захирамжийн нэгдэх заалтад С******* ХХК нь мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул гэсэн зөрчлийг гаргасан. Гэхдээ үүнийг тогтоосон талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байгаа. Энэхүү захирамжтай холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл гарч байсан. Уг мэдэгдэлд сонсох ажиллагаа болон газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа тул үүнтэй холбоотой тайлбарыг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэх агуулгатай байсан. Гэхдээ уг бичгийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шууданд хийж, С******* ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ирсэн. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн огноог зааж шууданд хийхээс нь өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий А/441 дугаар захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс 1 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс энэхүү захиргааны акттай холбоотой нотлох баримт, үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын дагалдах хуудас буюу захирамжийг гаргахтай холбоотой эрх бүхий албан тушаалтнаар хэрхэн хянуулж байсан эсэх, танилцуулга ямар байсан эсэх талаарх баримтууд авагдсан. "С*******" ХХК-ийн газар эзэмших эрх "Д*******" Сууц өмчлөгчдийн холбоо болон яамны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Өмнөх шүүхийн материалд гуравдагч этгээдүүд болон С******* ХХК-ийн газрын эрх, барилгатай холбоотой баримт бичгүүд ирсэн. Эдгээр баримтуудыг шүүхээс харж аль тал газрыг түрүүлж эзэмшсэн, төслөө аль нь түрүүлж хэрэгжүүлсэн, аль нь алинаасаа ямар стандартыг баримталж төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан болохыг харгалзаж үзэж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар А/441 тоот захирамжийн үндэслэх нотлох баримтыг гаргаж өгөх ажил дээр та бүхэн ямар ч ажил хийгээгүй, нотлох баримтгүй, бэлтгэлгүй ирсэн байна. Улс иргэдээ хамгаалах ёстой. Нийтийн номын сан заавал энд байх ёстой гэдэг байдлаар яамны төлөөлөгч хандаж байгаа шүүх хуралдаанд бэлтгэлгүй байгааг харуулж байна. мөн СӨХ-ийн асуудлаар гомдол гаргасан 2 айл гээд байгаа ч 145 айл байгаа. Оршин суугчдын тоог нэмж, давуу байдал үүсгэх гэсэн хандлага гаргаад байна. гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засаг даргад холбогдох, түүний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Тайлбар гаргах тухай Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаар захирамжаар "С*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0309 дүгээр шийдвэрээр Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасны дагуу Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр 27-ны өдрийн 240 дүгээр тогтоол гарснаас хойш 6 сарын хугацааг тооцож, Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамж гарсан. Ийнхүү Засаг дарын маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.17 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Нийслийнлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн гарсан захиргааны акт болно. гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар акт бөгөөд нэхэмжлэгч талаас уг актыг гаргахдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалтыг баримтлаагүй байна гэж хэллээ. Уг захиргааны акт нь нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлж гарсан бөгөөд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 401.17 дахь заалтуудыг баримталсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн бол тухайн газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгож болно гэх зохицуулалтыг баримталсан. Тэгэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд юуг хүчингүй болгох шаардлагатай вэ гэхээр 2018 онд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгох шаардлагатай. Түүнчлэн тухайн барилга баригдсанаар ямар үр дагавар үүсэх талаарх нөхцөл байдлыг тодорхойлсон маргаан бүхий захиргааны акт юм. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах Засаг даргад бүрэн эрх олгогдох тухай акт нь маргаан бүхий захиргааны акт дээр байгаа учраас хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байгаа. гэв.
7.Гуравдагч этгээд яам шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Засаг даргын захирамжид тухайн нийтийн эрх ашигтай холбоотой сөргөөр нөлөөлсөн байх тул гэх асуудлаар тухайн газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбоотой захиргааны акт гарсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний номын сангийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл түүгээр үйлчлүүлж буй нийтийн эрх ашиг болон Үндэсний номын сангийн үндсэн үйл ажиллагаа болон соёлын өв, хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлууд хөндөгдөж байгаа. Анх 1954 онд одоогийн номын сангийн барилга ашиглалтад орсон бөгөөд 70, 80 жил үйл ажиллагаагаа явуулж, тухайн газарт байгаа өв, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын талаарх стандартууд хөндөгдөж ирсэн. Иймд төр, засгийн зүгээс онцгойлон анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 173 дугаар зарлигаар Үндэсний номын санг байгуулахаар болсон. Номын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндэсний номын сан /цаашид "Үндэсний номын сан" гэх/ нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт Үндэсний номын сангийн сан хөмрөг төрийн хамгаалалтад байдаг. Тиймээс энэ асуудлын хүрээнд Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Одоогийн номын сан зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчилдэг бол шинээр баригдаж буй барилга нь дэлхийн стандартад нийцсэн тул гэр бүл болон хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимтай. Гомын санд хадгалагдаж түүх соёлын дурсгалт зүйл, түүний хадгалалт хамгаалалтыг зөвхөн Үндэсний номын санд хариуцдаг ба Номын сангийн тухай хууль болон номын сангийн стандарт /MNS:57*******/-аар зохицуулагдана. Номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих стандарт шаардлагын хэд хэдэн заалтыг одоогийн нөхцөл байдал зөрчиж байгаа. Тодруулбал, уг стандартын 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь хэсэгт гадна талбайн дизайныг хүрээлэн буй орчин, номын сангийн орчны онцлог шинж байдалд нийцэх байдлаар зохицуулсан байна. Мөн гадна талбайд нэвтрэх зам, машины зогсоол болон үйлчлүүлэгчид зориулсан задгай талбай багтана гэсэн стандарттай, яаралтай үед эмнэлгийн түргэн тусламж саадгүй нэвтрэх, гадна талбайд нэвтрэх хэсэгт 15-25 хувьд хүүхдийн тэрэг, тэргэнцэр буулгах болон налуу талбайтай газар, хогийн сав, дугуй зогсоол гэх мэт заасан заалтууд нь зөрчигдөж байгаа. Номын сангийн төв хаалга нь автомашины замтай шууд холбогдож байгаа учраас номын сангаар үйлчлүүлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд яригдана. Маргаан бүхий барилгууд хоорондоо 14.1 метр зайтай бөгөөд стандартын дагуу авч үзэхээр С******* ХХК нь 16 давхар барилга бөгөөд олон хүмүүс орж гарч байгаатай холбоотойгоор зөрчлүүд үүсэхээр байгаа. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт бусад этгээдүүдийн эрх, ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсэгт Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд захиргааны актыг цуцалж болно гэж заасны дагуу Засаг даргын маргаан бүхий захирамжийг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?
8.Гуравдагч этгээд “ДЕНВЕР-11” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд "Д*******" Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: "Д*******" Сууц өмчлөгчдийн холбоонд 238 айл өрхийн 1000 гаруй оршин суугчид амьдардаг. 2010 онд ашиглалтад орсон бөгөөд маргаан үүссэн шалгаан нь оршин суугч нараас барилгыг барихыг эсэргүүцэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тухайн Сууц өмчлөгчдийн холбооны дээд эрх барих байгууллага нь нийт оршин суугчид байна гэж заасны дагуу 280 айл гарын үсгээ зурсан бөгөөд бусад айлууд тухайн үед байгаагүй учраас гарын үсэг зуруулаагүй. Гэхдээ бүх оршин суугч нар эсэргүүцэж байгаа. Яагаад эсэргүүцсэн бэ гэхээр барилга баригдвал тухайн газар машин байтугай хүн явах зайгүй болно. Иргэдээс эхэлж мэргэжлийн хяналтын газарт хандсан ба 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4 мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд “С*******” ХХК нь хуулийг зөрчсөн тухай тодорхой тусгасан. гэв.
9.Гуравдагч этгээд “ДЕНВЕР-11” СӨХ-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын эрх анх үүсэхдээ шаардах эрх үндэслэлтэй эсэх нь харагдаж байна. Зөрчил гаргаад байна гэж үзэж байна уу? Архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотойгоор тодорхой шаардлагууд байгаа. 2012 оны газрын зөвшөөрөл 2020 онд үргэлжлэхийн тулд тодорхой журамтай. Зөвлөгөөнөөр орж шинээр гаргуулдаг ч юм уу иймэрхүү зөрчлүүд бол харагдаж байна. Нийтийн эрх ашигтай холбоотойгоор нийлээд хумиад тайлбарлаад байна гэж үзэж байна. Засаг даргаас нийтийн эрх ашгийг нэлээд өргөн хүрээнд харсан байна. Бохирын шугам шилжүүлсэнтэй холбоотойгоор дүүргийн асуудал байна. Үүссэн байгаа тодорхой нөхцөл байдлуудыг шүүх анхаарах байх.
Бодит нөхцөл байдлын хувьд маргаан бүхий А/441 дүгээр захирамж хууль зүйн шаардлага хангах, бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Өмнөх шүүхийн шийдвэрээр хууль зүйн хувьд хууль дээр байгаа эрх хэмжээний хүрээнд гарга гол нь бодит нөхцөл байдлыг тогтоож, хүмүүсээ оролцуулаад шийдвэрлэ гэсэн. Тэр асуудал хийгдээгүй байна.
Хууль зүйн асуудалтай холбоотойгоор гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаад явж байгаа нь хариуцагчийн хувьд ажиллагаа дутуу байна гэдэг дээр хуульч хүний хувьд маргахгүй. Тодорхой ажиллагаа хийх ёстой байсан гэдэг нь зөв байна. Нөгөө талдаа төр иргэний өмнө тодорхой үүргийг хүлээх ёстой. Гуравдагч этгээдийн тодорхой эрх ашиг хөндөгдөж байна гэдэг дээр бид шүүх хурал дуусаад гараад явна. Шүүх ямар шийдвэр гаргахаас үл шалтгаалаад бид хэдэн давхар барилга баригдаад нар яаж хаагдаад байгааг очиж үзэхгүй. Зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярина. Тиймээс шүүх ямар нэгэн байдлаар шийдвэрлэх нь энэ маргааныг эцэслэн шийдвэрлэж чадахгүй юм байна. Өмнөх шүүхийн хэлсэн ажиллагаа хийгдээгүй дахиад шүүх дээр ирсэн байна. Тиймээс шүүх та нар ажлаа зөв хий гэж хэлэх хэрэгтэй байх. Нөгөө талаараа эвлэрлийн асуудал яригдаад явж байсан. Үүн дээр эсрэг байр суурьтай байна гэдэг өмгөөлөл хийх боломжгүй.
Номын сан нь төрийн байгууллага бөгөөд тухайн үеийн ерөнхий сайдын хяналт шалгалтын хүрээнд даамжраад хэрэгжээд явсан байдаг. Тиймээс Засаг дарга газар эзэмших эрхийг цуцлахад шийдвэрлэгдэх асуудал бол биш байна. Энэ бүгд нийтийн эрх ашиг юм. “С*******” ХХК-аас хөрөнгө зарсан гэдгийг зөвшөөрнө. Хэрэгт авагдсан баримтаас зөрчилтэй, хууль хэрэгдээтэй холбоотой асуудал байна гэдэг хангалттай нотлогдож байна. Санаа нь зөв боловч арга нь буруу зүйл маш их байна.
“С*******” ХХК-аас барилгаа үргэлжлүүлэхтэй холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбоо руу хандан эвлэрлийн асуудлыг ярьсан. Э гэж хүн дур мэдээд хэргийг шийдвэрлэх этгээд биш юм. Энэ хүнтэй яриад шийдвэрлэлээ гэхэд дараа нь тэнд байгаа 200 гаруй хүн асуудал үүсгэнэ. Тиймээс энэ асуудал Засаг дарга дээр тодорхой ажил хийгдэж байж шийдвэрлэгдэх ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч газраас хасалт хийлгэх талаар ярьж байгаа, шүүхийн маргаантай байгаа тул болохгүй байна гэж байна. Тиймээс энэ асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Захиргааны байгууллагын ажиллагаа дутуу хийгдсэн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “Маргаан бүхий газарт Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан эскиз зөвшөөрөл, техникийн нөхцөлийн дагуу барилгын төсөл хэрэгжиж, "С*******" ХХК нь хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан, мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчлөөгүй байхад хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрийн дагуу Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамж гарсан” гэж, гуравдагч этгээд яам “Үндэсний номын сан болон “С*******” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын хоорондын зай зөвхөн автомашины замаар тусгаарлагдаж байгаа нь барилга хоорондын норм, стандартыг зөрчиж байна“ гэж, гуравдагч этгээд “Д*******” СӨХ нь “Д******* СӨХ-ийн орчны талбай ашиглалтын талбай бүхий 97956 м.кв талбай нь “С*******” ХХК-ийн газартай давхцаж байх тул бидний болон оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хөндөж байна” гэж тус тус маргасан.
3.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/52 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэгт орон сууцны зориулалттай 3254 м.кв газрыг эзэмшиж байжээ.
4.Дээрх байдлаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байхад нь Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/11 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Дээрх захирамжаар “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.4, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “С*******” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул газар эзэмших эрхийн 000016816 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, ... захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжийн жагсаалтын “19” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцож.” шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч “С*******” ХХК-аас дээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8651 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар маргаан бүхий Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
7.Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 421 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор хэргийн оролцогч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
9.Дээрх байдлаар тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:“... 2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасанчлан хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 24.2-т заасанчлан “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”.
Энэ хүрээндээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасанчлан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох нь хариуцагчийн үүрэг юм.
3.Хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий акт болох Засаг даргын 2020 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/11 дугаар захирамжийг гаргахдаа “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “С*******” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” хэмээн үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 000016816 дугаар гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн ч тухайн захиргааны актын үндэслэл болсон “батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан” гэх нөхцөл байдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болох, “бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул” хэмээн хэний, хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэт нягтлан тогтоолгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй байна хэмээн шүүх үзлээ.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04/872 дугаар албан бичиг, 2021 оны 08/1031 дүгээр албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн сангийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны зурган мэдээлэл, Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 02-07-092/352 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02-03/2294 дүгээр албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02-01/3884 дүгээр албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОН*******-ийн 2020 оны 3/724 дүгээр албан бичиг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОН*******-ийн 2020 оны 2/1082 дугаар албан бичиг, Гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт болон холбогдох бусад баримтуудаар:
2014 онд Сүхбаатар дүүргийн Тамгын газрын барилга барихтай холбоотойгоор гүйцэтгэгч компани нь эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын эзэмшлийн бохирын Ф200 мм-ийн трассыг нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн эзэмшиж буй маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт шилжүүлэн, хотын мэдээллийн санд бүртгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч өөрийн барилгыг эзэмшил газартаа, батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлж барихад хүрсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан шүүх, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар захиалагч нь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37.4-д “захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно” хэмээн заасан тул нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн өөрийн барилгыг чухам ямар шалтгааны улмаас батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барьсан болох, ийнхүү шилжүүлэн барихдаа холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барилгыг батлагдсан тэг тэнхлэгээс өөр газарт шилжүүлэн барьсан гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага бүрэн гүйцэт шалган тогтоож, шаардлагатай тохиолдолд дээрх асуудлуудтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулсныг үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан.
Мөн, “бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх асуудалтай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 1/988 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Макс өргөө” ХХК-ний барьсан барилга / газрын кадастрын мэдээллийн сан дахь “Денвер 11” СӨХ-ны ашиглалтын 2082.84 м.кв газар/-ын орчны авто зогсоолын 931.05 м.кв талбай, явган хүний зам болон барилгын орчны 48.51 м.кв талбай нь “С*******” ХХК-ний эзэмшлийн газартай тус тус давхцаж байгаа” болох нь,
нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн эзэмшиж буй газар нь яамны захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн барилгын газартай ямар нэг давхцалгүй, “С*******” ХХК-ийн захилгаар баригдаж буй барилгын ажил нь Үндэсний номын сангийн барилгад хэрхэн нөлөөлөх, энэхүү нөлөөлөл нь эдүгээ тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг маргаан бүхий актын хүрээнд хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй асуудлыг шүүхээс нөхөн хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагчийг хууль журамд нийцүүлэн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг дахин явуулж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.” гэжээ.
11.Дээрх шүүхийн шийдвэрийн агуулгаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гаргасан үндэслэлгүй гэж дүгнэн, захиргааны байгууллага нь дараах зүйлийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзжээ. Үүнд:Нэхэмжлэгч “С*******”ХХК нь батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан гэх нөхцөл байдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болох, нэхэмжлэгч “С*******”ХХК-ийн газар эзэмших эрх нь хэний хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн өөрийн барилгыг чухам ямар шалтгааны улмаас батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барьсан болох, ийнхүү шилжүүлэн барихдаа холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барилгыг батлагдсан тэг тэнхлэгээс өөр газарт шилжүүлэн барьсан гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захилгаар баригдаж буй барилгын ажил нь Үндэсний номын сангийн барилгад хэрхэн нөлөөлөх, энэхүү нөлөөлөл нь эдүгээ тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэх зэргийг тодруулах нь зүйтэй гэжээ.
12. Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь шүүхийн шийдвэрт дурдсан дээрх асуудлуудыг шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/441 дүгээр захирамжийг гаргасан нь маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
13.Учир нь шүүхээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, нөхцөл байдлыг шалган тогтоож, маргаан бүхий захиргааны актыг дахин гаргах боломжтоор хангаж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийж, шалгаж тодруулах шаардлагатай зүйлүүдийг шалгаж тодруулалгүйгээр дахин захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үндэслэлтэй байна гэж үзэв.
14.Маргаан бүхий Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.17 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
15.Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйл. “Хуулийн зорилт”, 1.1.“Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.”, 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” 40.1.“Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, 40.1.2.“газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;”, 40.1.3.“шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;” 40.1.4.“байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 40.1.7.“газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.” гэж тус тус заажээ.
16.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газрыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй түүнтэй холбоотой бусад харилцаа газрын тухай хуулиар зохицуулагдахаар байна. Мөн зөвхөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2,40.1.3,40.1.4,40.1.5,40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлүүдээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор байна.
17.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хуулийн дээрх заалтуудыг үндэслэл болголгүйгээр нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
18.Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С*******” ХХК-аас Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/441 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2,40.1.3,40.1.4,40.1.5,40.1.6, 40.1.7-д заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ