Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Мын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох     

          Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.М нь 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Б.Бтай байгуулсан. Тус гэрээгээр Гоодойн аман дах газарт 7:8 харьцаатай 2 давхар зуслангийн байр барьж гүйцэтгэж, нийт 6 791 120 төгрөгийн зардал гарч, ажлыг 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Х.М гэрээний дагуу ажлыг хүлээлгэж өгсний дараа Б.Б Баянгол дүүрэгт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрыг Х.Мын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.Быг төлбөрөө төлөөгүй гэж үзэж байна. Улмаар 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Баас Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх өөрийн хүсэлтийг гэрчилгээний хамт өгч, Засаг дарга зохих бичилт хийхийг даалгасан цохолт хийсэн байдаг. Ингээд Улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд Б.Б ирдэггүй, утсаа авахгүй явсаар өнөөдрийг хүрлээ.

          Иймд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах, 194.4 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийнхэн нэхэмжлэгч Х.Мыг бидэнд 7:8-ын суурьтай, мансардтай зуслангийн байшин барьж өгвөл хариуд нь талийгч аавын минь өмчлөлд байсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах хашааны газрыг дээрх өвлийн байшингийн хамтаар шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно.

Гэтэл нэхэмжлэгч Х.М анх 2004 онд Гоодой дах зуслангийн газар дээр шоронгийн хоригдлуудаар уулынхаа уруу тал руу 38-45 см хазгай суурьтай байшин бариулсны дотор талдаа шал модоор нь тэгшхэн мэт харагдахаар болгочихсон байсныг  бид байшинг хүлээлгэн өгөх үед мэдээгүй бөгөөд сүүлд нь мэдээд Х.Мт хэлж тэрээр хүлээн зөвшөөрч засч өгөхөөр болсон юм. Эхэндээ Х.М уг байшинг кран болон домократаар өргөж байгаад суурийг нь тэгшлээд янзлаад өгнө гэж тохирсон боловч засч өгөлгүй 2010 оны зун хүргэсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүй байшин нь хазайлт өгч нурах байдалтай болж эхэлсэн. Манай гэр бүл 2010 оны зун байшинг буулгах хүртэл хугацаанд уг байшинд нэг  хоноогүй, амьдраагүй. Х.М амьдрах боломжгүй байшин барьж өгсөн тул миний эцэг газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй, харин засч өгөхийг нь хүлээж дийлэлгүй 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нас барсан юм. Аавыг талийгч болсны дараа 2010 оны зун аргагүйн эрхэнд бид өөрсдийн хөрөнгөөр уг байшинг өөр хүмүүсээр буулгуулж суурийг нь өндөрлүүлэн бүх палк модуудыг болон хаалга цонх, дээврийн материалуудыг шинээр худалдан авч байшингаа дахиж шинээр бариулсан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах уг газар анх 400 м.кв байсныг хөрш Х.М нар 2 хажуу талаас ил, далд хулгайлж хашаагаа сунган барьснаар 194 м.кв болгож багассан. Мөн нэхэмжпэгч Х.М уг хаягт орших хашааны газар дээр байсан өвлийн байшин, модон жорлонг бидний зөвшөөрөлгүй буулгаж 2004 оноос хойш манай газрыг ашиглаж байгаа ч газар ашиглуулсны төлбөр аваагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194.4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Х.М нь “Гоодойн аманд” байрлах газарт зуслангийн байшин барьж өгөх үүргийг хүлээж, харин Б.Б өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны 5-78 тоотын хашааны 194.4 м.кв газрыг ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон. Х.М 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлыг гүйцэтгэж өгч, талууд ажил хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. Ингээд Б.Б 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад “тус газрыг Х.Мт шилжүүлэх тухай” хүсэлтийг гаргасны дагуу Засаг даргын тодорхойлолт гарсан. Гэтэл яг шилжүүлэх болохоор Б.Б  утсаа авахгүй, бүртгэлийн газар ирэхгүй худал хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн байдаг. Ингээд хууль зүйн мэдлэг байхгүй Х.М “өгнө” гэдэгт итгэж, хүлээсээр байгаад 2018 он болсон. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Бд мэдэгдэл хүргүүлж утсаар ярихаар “шилжүүлж өгнө, би сонгуулийн ажилтай байна” гэсэн тайлбарыг өгдөг байсан. Б.Б нэг ч удаа доголдлын талаар ярьж байгаагүй бөгөөд бүгдийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.

          Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан боловч хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн нөхцөл байдал үүссэн байдаг. Үүнд: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч О.Аюурзана нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлдээ “Гэрээний дагуу маргаан учир шүүхээр шийдвэрлүүлэх болно” гэж мэдүүлэг. Б.Бы хариу тайлбарт хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх бөгөөд зөвхөн доголдолтой зүйл шилжүүлж өгсөн гэх тайлбарыг гаргадаг. Тус зуслангийн байшинг барихад Х.Мын зүгээс нийт 6 791 120 төгрөгийн бараа, материал гарсан ба тухайн үед энэ хүн хүч хөдөлмөр гарган барьсан зуслангийн байшинг үнэгүй болгож, Б.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Б.Б нь доголдолтой байшинг нурааж дахин шинээр барьсан гэх тайлбар гаргадаг боловч Х.Мт мэдэгдэж байгаагүй.

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Б “Би Х.М луу Баянгол дүүрэгт байрлах 5-78 тоот 194.4 м.кв талбай бүхий газрыг авах хүсэлтэй байна уу? Авахаар бол зөрүү төлбөрийг өгөөд аваарай гэсэн саналыг тавьсан” гэж хэлдэг. Үүнээс харахад Б.Б өөрийн хүсэлтээр гэрээний үүргийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт заасны дагуу холбогдож хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах бөгөөд хариуцагч хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран үүргээ гүйцэтгэх ёстойг мэдэж байна. Иймд, хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу сэргээн өгч, Х.Мыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр  нэхэмжлэгч нь Гоодойн аманд байрлах газарт зуслангийн байшин барьж өгөх, хариуцагч нь ажлын хөлсөнд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах, 194.4 м.кв талбайтай газрын шилжүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.Бд хүлээлгэж өгсөн болох нь Гоодойн аман дах зуслангийн байшин хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Бд холбогдуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах, 194.4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН