Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1194

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00013/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Cэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, М*** С*** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 7-р баг Алтангадас *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** овогт Ц*** А***д холбогдох

 

16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.С***нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Ц.А***, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С***, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.С*** нь 2015 оны 5 сард Ц.А***д Киа-5 маркийн суудлын автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан юм. Ц.А*** нь тус машиныг авахдаа 2015 оны 6 сард багтааж, 10 сая төгрөгөнд нь түлш солярк өгье, үлдэх 12 сая төгрөгийг нь 2015 оны 10 сард өгье гэж хэлээд машиныг авсан билээ. Ц.А*** нь 5 100 000 төгрөгийн түлш машины үнэнд өгсөн бөгөөд үлдэх 16 900 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. М.С*** би найз Чинбатынхаа худалдах гэж байсан машиныг Ц.А***д итгээд ярилцан тохиролцоод өгсөн юм. Ц.А*** нь тус машиныг бусдад худалдсан гэдэг юм. Би машины мөнгөө авах гэж олон удаа хэлж байсан, би одоо утсаар ярих гэхээр тэр утсаа авахгүй байгаа болно. Иймд Ц.А***гаас машины үлдэгдэл мөнгө 16 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Ц.А***, түүний өмгөөлөгч Ч.Булган нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд нэхэмжлэлд дурьдагдсан КИА-5 маркын машиныг М.С***тэй ямар нэгэн тохиролцоо хийж худалдан авсан зүйл огт байхгүй. Харин М.С*** тус машинаа Баасанжав овогтой Б***д зарсан машиныхаа үнийг надаас нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. мөн би машины үнэ гэж М.С***д 5 100 000 төгрөгийн түлш өгсөн зүйл огт байхгүй. Харин М.С*** бид хоёрын дунд 5 100 000 төгрөгийн өмнөх өр авлагын асуудал байдаг. Энэ нь КИА-5 маркын машины үнэтэй ямар ч холбоогүй юм. Гэрч Б.Б**н машиныг авснаа мэдүүлсэн байдаг. Ц.А*** миний бие М.С*** гаргасан нэхэмжлэлд огт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.С*** нь тухайн машиныхаа үнийг Б.Б**наас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж үзэж байна.

 Ц.А***, М.С*** нар машин худалдсан гэрээ байхгүй. Киа-5 маркийн машиныг Сэлэнгээс Б.Б**н өөрийн дүү М*** авчруулсан. Гэрээ, хэлцэл хийгээгүй. Б*** би авсан, би төлнө гэдэг тул Ц.А***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.С*** нь хариуцагч Ц.А***д холбогдуулан машины үнэ 16 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.А*** би машин худалдаж аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Киа Ортима к5 маркийн, *** арлын дугаартай, цагаан өнгийн, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2014.01.17-нд Монгол Улсын хилээр орж ирсэн суудлын автомашины зах зээлийн үнийг 22 сая төгрөгөөр тогтоосон *** ХХК-ны шинжээчийн дүгнэлт ирүүлжээ. / хх-ийн55-57/

 

Нэхэмжлэгч М.С*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.. би Киа-5 маркийн суудлын автомашиныг зарж борлуулж өгөхөөр өөрийн найз Чинбатаас авсан, тэр машиныг авах үед Чинбат, машины эзэн Д.О*** хамт байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар маргааны зүйл болсон автомашиныг Д.О*** гаалийн хилээр оруулж ирсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Д.О***гийн өмнөөс автомашины үнийг шаардах итгэмжлэлийг нэхэмжлэгч М.С*** авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч М.С*** нь би Ц.А***д 2015 оны 5 сард автомашиныг 22 сая төгрөгөөр худалдсан. Хариуцагч Ц.А*** нь машины үнээс 5 100 000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх боловч үүнийгээ нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

 Харин хариуцагч Ц.А*** нь би машиныг аваагүй, машины үнэ шилжүүлж байгаагүй гэж нотлох баримтаар өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Соёлоо гэсэн нэрээр 3 065 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн 5 сард Ц.А***д машинаа зарсан гэсэн хугацаанаас өмнө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Мөн талуудын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Б**ны ...Киа 5 маркийн машиныг анх би М.С***эс худалдаж авахаар тохиролцож авсан, ...тухайн үед би дүү болох М***ийг М.С***эс машин аваад ир гэж явуулсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.М***ийн ...Би Сэлэнгэ аймагт очиж Киа-5 машиныг М.С***эс авчирч Б*** ахад хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Д.О*** нь *** маргаан бүхий автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч Ц.А*** уг машиныг худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна.

Дээрхи автомашин худалдах, худалдан авах гэрээг хуурамч, хууль бус болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.С*** нь нотлох баримтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл ирүүлсэн боловч энэ нь Л.Ч***ын гомдлоор М.С***ийг автомашины үнэ 17 сая төгрөгийг залилсан гэх үндэслэлээр шалгаж хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Ц.А*** нь маргаан бүхий машиныг авсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд М.С*** нэхэмжлэлтэй Ц.А***д холбогдох 16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар М.С*** нэхэмжлэлтэй Ц.А***д холбогдох 16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА