Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/0361/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг *** дугаар хороо ** дугаар хороолол ** барилга " ***" ХХК /  факс **** / -ийн нэхэмжлэлтэй, 
 Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг ** тоотод оршин суух  Ц.М*** / РД: ****, утас: **** /-д холбогдох, 
  4 590 862 төгрөг гаргуулах тухай   иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***,   хариуцагч  Ц.М***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сэрүүнтунгалаг  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлага  болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Ц.М*** нь " ***" ХХК-ний Дархан-Уул аймаг дахь Эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчоор 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 05 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа дутагдуулсан эм, барааны үнэ 4 590 862 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг үйлдлийг Дархан Уул аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн **** тоот  хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ***ХХК-ний Дархан хот дахь салбарт ажиллаж байсан нь үнэн. Манай салбар татан буугдахад гарсан өр. Салбар татан буугдаад өөртөө байгаа эм, барааг гэрээрээ борлуулж байгаад үлдэгдлийг нь жагсаалтаар хүлээлгэн өгсөн. Манай төвөөс эмийн сангууд зээлээр авсан эм барааны үнийг би тухай бүр шилжүүлж байсан. Энэ тооцоо бол  Цагдаагийн газарт шалгуулж байхад цагдаагийн газраас тооцоо нийл гэсний дагуу Дархан зочид буудалд хотоос нягтлан ирээд тооцоо нийлсэн баримт. Түүнээс биш би үүнийг төлнө гэж гарын үсэг зураагүй. Нягтлан хэлэхдээ би хотоос ирэхдээ чамтай тооцоо нийлэх гэж ирсэн, үүний дагуу хийсэн ажил гээд гарын үсэг зурчих гээд байсан тул би зурсан гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч  Улаанбаатар хот  " ***" ХХК  нь Ц.М***гээс дутагдуулсан эм, барааны үнэ 4 590 862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Ц.М*** нь " ***" ХХК-ний Дархан дахь салбарын эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчоор 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орж " Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ " / хэргийн 9 дүгээр хуудас / байгуулан ажиллаж байсан ажилтан байна. 
2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл Ц.М***гийн хариуцан ажиллаж байсан эд хөрөнгөнд ажилтан, ажил олгогч  тооллого хийн  1 227 385 төгрөг, 3 587 353 төгрөг тус тус дутсан тухай тооцоо нийлэн гарын үсэг зурсан / хэргийн 10 , 11, 32, 35 дугаар хуудас /  байна. 
Мөн энэ талаар " ***" ХХК-д ажил үүргээ шилжүүлэн өгсөн / хэргийн 31 дүгээр хуудас /  " Оол эм " ХХК-ийн захиргаанд 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр … мөнгийг би өөрөө олж өгнө, чадахаар бол  би өөрөө төлнө …гэж / хэргийн 33 дугаар хуудас /, " ***" ХХК-д  … ажиллаж байх хугацаанд өр гарсан, энэ өрийг ажил хийж барагдуулах … талаар / хэргийн 34 дүгээр хуудас / хүсэлт гаргаж байсан байна. 
Иймд хариуцагч Ц.М***гийн …  эм, барааг гэрээрээ борлуулж байгаад үлдэгдлийг нь жагсаалтаар хүлээлгэн өгсөн. Манай төвөөс эмийн сангууд зээлээр авсан эм барааны үнийг би тухай бүр шилжүүлж байсан … гэх татгалзал үндэслэлгүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 492 дугара зүйлийн  492.1-д зааснаар Ц.М***гээс 4 590 862 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол ** барилга " ***" ХХК /  факс **** / -д олгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар  хариуцагчаас 88403 төгрөгийг  тэмдэгтийн хураамжид гаргуулан төрийн сангийн орлого болгож, нэхэмжлэгч 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар шүүгчийн захирамжаар  тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлгдсөнийг  мэдэгдсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ