2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2668

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам,

улсын яллагч Л.Солонго, 

шүүгдэгч Ж.Н***, түүний өмгөөлөгч Т.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамтаар *** дүүргийн 7 дугаар хороо, *** дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжны 28 тоотод оршин суух, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

*** овогт Ж***ын Н*** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Н*** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** хотхоны нутаг дэвсгэрт иргэн П.М***тэй архи өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Н***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,

Шүүгдэгч Ж.Н***, түүний өмгөөлөгч Т.Б***ээс “...нэмж мэдүүлэх зүйлгүй, ...шүүгдэгч У.Н***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох шинжлэн судлалгүй шүүх хуралдаанд тус тус оролцоцгоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Н*** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** хотхоны нутаг дэвсгэрт иргэн П.М***тэй архи өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоноор эрүүл мэндэд нь эрүү ясны ооч болон баруун салааны далд хугарал, духанд зулгаралт, баруун эрүү, хацар цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн П.М*** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо *** хотхоны арын далан дээр бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

2. СХДЦГ, ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...П.М*** нь энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз Ж.Н***д зодуулсан 06 дугаар сарын 28-ны өдөр ГССТ нүүр нь хавдсан, эрүү хугарсан, толгой битүү гэмтэлтэй эмчийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдаж байна...” гэх хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал),

3. Хохирогч П.М***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 06 сарын 24-ний өдөр би найзуудтайгаа гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо *** хотхоны ард талд байрлах найз У***гийн гэр ирээд дахин архи согтууруулах ундаа хэрэглээд нэлээн согтоод 14 цагийн үед найзуудтайгаа маргалдаад ганцаараа харихаар болоод гараад далан дээр алхаж явтал миний зүс таних Ж.Н*** надтай гудамжинд согтуу тааралдаад чи хаана хэнтэйгээ ууж байгаад ирж байгаа юм, ганц шил юм харамлаад байна уу гэж уурлаад миний нүүр орчим гараараа 1 удаа цохиж байсан. Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд гудамжинд ганцаараа сэрсэн бөгөөд миний нүүр ам хавдчихсан, хамраас цус гарчихсан, өмсөж явсан хувцас нил цус болчихсон байхаар нь ойролцоо байрлах эгч О***ийн гэрт очоод нүүр амаа угаагаад гэртээ харьж амарсан. Тэгээд тэр өдрөөс хойш хол унд идэж чадахгүй эрүү ам өвдөөд байхаар нь өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 28-ны өдөр дүү М***гийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлтэл эрүү хугарсан байна толгойны томограф зураг авхуулах шаардлагатай гэж байсан... Би тухайн үед маш их согтолттой байсан тул зарим зүйлийг нь сайн санахгүй байна... Миний санаж байгаагаар би гудамжинд ганцаараа явж байтал зүс таних Ж.Н*** надтай гудамжинд согтуу тааралдаад чи хаана хэнтэйгээ байгаад ирж байгаа юм, ганц шил юм харамлаад байна уу гэж уурлаад миний орчим гараараа 1 удаа цохиж байсан. Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг Ж.Н*** гэх хүн учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... Би тэр өдрөөс хойш Н***тэй уулзаагүй. Уулзах гэж гэрт нь очтол ээж нь Н***ийг хөдөө явсан гэж байсан... Хяналтын камер байгаагүй...  Урьд өмнө нь Н*** бид 2 хамт архи ууж байгаад би 1 удаа зодуулж байсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Е 2-н хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Архи уусан үедээ л намайг цохиж зодоод байдаг юм. Н***ийн гэрийн хаяг нь *** хотхоны замын ар талд байдаг, утасны дугаар нь *** юм... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),

4. Шүүгдэгч Ж.Н***ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай найз У***ын төрсөн өдөр нь болоод У***ын гэрт найз *** бид 3 гурав нэг шил архи уугаад сууж байхад Жижиг О***, М*** хоёр араас орж ирээд бид нар хамт архи уусан. Тэгээд архи ууж байгаад М***д хандаад "2-лаа гарч тамхи татъя" гэж хэлээд гэрээс дагуулж гараад тамхи татаж байхад М*** надад хандаад "чи надаас архи харамлалаа арчаагүй банди" гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би М*** нүүр хэсэгт нь 1 удаа цохисон чинь М*** нүүрээ дараад доош суухаар нь би орхичхоод дэлгүүр яваад 1 шил архи аваад буцаад У***ын гэрт нь ирсэн чинь М*** байхгүй явчихсан байсан. Тэгээд өөр янз бүрийн юм болоогүй... бид хоёр 10-н жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юмаа... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний согтолтын зэрэг гайгүй байсан... Би найз М***тэй хамт тамхи татаж байхдаа нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон чинь М*** нүүрээ дараад доош суухаар нь би орхичхоод дэлгүүр явчихсан. Би М***ий биед тухайн үед яг ямар гэмтэл учирсныг сайн мэдэхгүй байна. Сүүлд намайг хөдөө байхад дүү нь гэх эмэгтэй залгаад "М***ийн эрүү нь хугарсан байна" гэж хэлсэн... Миний биед халдсан асуудал байхгүй хэл амаар доромжилсон... М*** бид хоёрыг маргалдаж зодолдож байхад М*** бид хоёр л байсан манай хэд гэрт уугаад сууж байсан ба тэр хэд гэрээс гарч ирээгүй... М*** бид хоёр урьд өмнө хоорондоо маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

түүний яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

5. Гэрч П.М***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад манай төрсөн ах М*** над руу 14 цагийн залгаад "Би СХД-н хорооны нутаг дэвгэрт *** хотхоны хойд талд далангийн замд хүнд зодуулчихлаа намайг ирээд авах боломж байна уу" гэхээр нь би ах М***эс хэнд зодуулсан талаар асуухад "Н***д зодуулсан" гэж хэлсэн тэхээр нь та өөрөө гэртээ харьчих гэсэн чинь ах М*** "явах гэсэн чинь цус гоожоод тогтохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах М***д хандаад "наанаа байж бай хүн явуулъя" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдрийн орой 18 цагийн үед дүү П.С*** утсаар залгаад М***нийн эрүү нь аймар болчихсон байна өөрөө эмнэлэгт үзүүлэхгүй гээд байна мөн цохисон гэх Н***тэй уулзсан. Тэгтэл ах уг хүнд гомдол санал байхгүй гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр би өөрөө эмнэлэг үзүүлэхгүй гээд байгаа юм гэж утсаа салгасан. Тэгээд би 2025 оны 06 дугаар сарын 28-ны 12 цагийн үед очиход ах М***ийн эрүү нь хавдсан баруун баруун тийш мурийчихсан амнаас нь цус гоожсон байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тэгэхээр нь би асуухад хоол идэж чадахгүй байна, би 3 хоног архи уусан гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлсэн. Тэгэхэд гэмтлийн эмч үзээд эрүү нь 2-3 удаа хугарсан байна гэж хэлээд толгойны томограф авхуул гэж хэлсэн. Тэгээд харуулахад эрүү нь 2 хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн цагдаа үзээд бүртгэлд аваад цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

6. “Мед траума” эмнэлгийн Компьютерт томографын шинжилгээ (хавтаст хэргийн 22 дахь тал),

7. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Хүрэлсүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан *** дугаартай “...1.П.М***ийн биед эрүү ясны ооч болон баруун салааны далд хугарал, духанд зулгаралт, баруун эрүү, хацар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. 6.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

8. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн шүүхэд бичгээр гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр П.М*** нь "бусдад зодуулсан" гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.М*** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хойш Эрүүл мэндийн байгууллагаас 3.161.600 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд Ж.Н***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

9. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэгт ач холбогдол бүхий улсын яллагч мөр илрээгүй...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-06 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд хохирогч П.М*** нь шүүгдэгч Ж.Н***ийг өөрөөс нь архи харамлалаа арчаагүй банди гэх зэргээр хэл амаар доромжилсны улмаас маргалдан шүүгдэгч нь хохирогч П.М***ийн нүүр хэсэгт нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Н*** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

4. Иймд шүүгдэгч Ж.Н***ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг тодруулах, сэргээн тогтоох, бусад нотлох баримтыг шалгах, үнэлэх зорилгоор хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, гэмт хэрэг үйлдсэн болон үйлдээгүй няцаалт байгаа эсэхийг тодруулахаар мэдүүлэг авах нь ач холбогдол билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг харилцан зөрүүгүй, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хангалттай, хүрэлцээтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүйг дурдав.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.М***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотой нийт 1,276,289 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н***ээс 1,276,289 төгрөгийг гаргуулж, хохирогч П.М***д,

түүнчлэн хохирогч П.М*** нь дээрх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,161,600 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдсон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Н***ээс 3,161,600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэв.

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.М*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Н***ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Ж.Н***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол (хүндэвтэр хохирол учруулсан), хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М***ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  8794 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүрс оношилгоо, шинжилгээний хариу зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.261.600 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гарсныг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай. Хохирогчоос баримтаар гаргаж өгсөн 1.276.239 төгрөгийг шүүгдэгчээр гаргуулж, хохирогчид олгуулах саналтай. Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй. Шүүгдэгчид 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэг удаагийн үйлдлээр бус хоёроос дээш удаагийн үйлдлээр учруулсан. Учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан. Анхны гаргасан саналаа дэмжиж оролцож байна... гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б***ээс “...Миний үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаангүй. Шүүгдэгч нь 6 дугаар ангид суралцаж байхад нь нүд рүү нь хүүхэд юмаар хатгасны улмаас үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх боломжийг олгож, түүнийг ажил хийх боломжтой байдлаар миний үйлчлүүлэгчид оногдуулах нийтэд тус ажил хийх ялын хэмжээг 300 цагийн хугацаагаар тогтоож өгнө үү. Тус ялаа эдэлж дуусаад хохирогчид учирсан болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй байх тул ялын хэмжээг багасгаж өгнө үү. 6 дугаар сараас хойш яагаад ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй вэ гэхээр энэ хэрэгт холбогдсоны улмаас цагдаагийн байгууллагад дуудагдаад ажлаа хийж чадаагүй нөхцөл байдал байгаа... Анхны дүгнэлтээ дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж,

шүүгдэгчээс тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч Ж.Н***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Н***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н*** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шүүх шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Н*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.Н***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Ж***ын Н***ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Н***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н*** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н***ээс 1,276,289 төгрөгийг гаргуулж, хохирогч П.М***д,

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Н***ээс 3,161,600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Н*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БУЛГАНТАМИР

 

 

[1] Хавтаст хэргийн 11, 13 дахь тал