Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Сгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Э, Б.Х нарт холбогдох

           

          Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, газар чөлөөлөхөд учирсан зардалд 4 713 265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцач Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах өөрийн эзэмшлийн 477 м.кв талбайтай /0289308/ зуслангийн байшингаа эргэхээр очиход байшинд танихгүй хүмүүс амьдарч байсан. Манай газрын хил хязгаарыг даван орж байшингийн суурь цутгаж байсан. Б.Х нь Я.Эээс газар худалдаж авсан, байшингийн хаалгыг эвдэж орохыг Я.Э зөвшөөрсөн гэж хэлсэн. Я.Этэй уулзахад 3 000 000 төгрөгөөр Б.Хд зарсан гэсэн. Яргайтын зусланд 450 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй газар худалдаж авахад 15 000 000 төгрөг байсан учраас энэ тухай Б.Хд хэлэхэд “ийм их мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр тэдний барьж буй байшингийн суурийг харьцуулсан кадастрын зураг хийлгэхэд зуслангийн газарт хойд талаараа 4 метр, баруун талаараа 1.2 метр нэвтрэн орсон байсан.

          Иймд бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж, буцааж хэвийн байдалд нь оруулахад гарах зардалд “Хос титэм хаус” ХХК-ийн хийсэн үнэлгээгээр тогтоосон 4 713 265 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Хтай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөхийн гэрчилгээг Б.Хы нэр дээр шилжүүлэхээр 2 000 000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж, мөнгө хүлээлцэж, гэрээн дээрээ гарын үсэг зуралцсан. Газрыг худалдахдаа кадастрын зургийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Гэрээ хийснээс хойш би зуслан дээр очоогүй. Барилгыг би бариулаагүй, худалдаж авсан айл хөрөнгөө гаргасан гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаартай 160 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлж нэхэмжлэгч Г.Сд олгохыг хариуцагч Б.Хд үүрэг болгож, хариуцагч Я.Ээд холбогдох нэхэмжлэлийг, 4 713 265 төгрөгийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сд олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Б.Х давж заалдах гомдолдоо: Г.Сгийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас миний байшинг буулгаж газрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг тал бүрээс нь хянаж үзээгүй. Би нэхэмжлэгчид газар авч өгч түүнийг ямар нэгэн хохиролгүй болгох саналаа хэлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрч санал болгосон газруудыг үзээд гэр бүлийнхнээсээ асууна гэсэн.

Тэгээд шүүх хуралдаанд орохдоо уг газрыг авахыг эхнэр зөвшөөрөхгүй байна. Гэхдээ газар авч эвлэрч болно гэж байсан. Би тухайн газрыг Я.Э гэдэг хүнээс худалдан авч байшин барьсан бөгөөд газрын хилийг сайн заалгаагүйгээс Г.С гэх хүний газар руу бага зэрэг орж байшин баригдсан. Иймд манай 2 айлын газрууд хил залгаа учир байшин баригдсан хэмжээгээр нэхэмжлэгчид би өөрийн газраас өгч болох байсан. Гэтэл шүүх энэ бүх нөхцлүүдийг харгалзан үзэлгүй зөвхөн манай шинээр барьсан байшинг нурааж газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Г.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.Х, Я.Э нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, газар чөлөөлөхөд учирсан зардалд 4 713 265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлалтай,  478 м.кв талбайтай, газрыг эзэмшигч нэхэмжлэгч Г.С болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 0289308 тоот гэрчилгээ, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, мөн хариуцагч Я.Э нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт 17 дугаар гудамжны 1772 тоот хаягт байршилтай, 275 м.кв газрыг хариуцагч Б.Хд худалдсан талаар талууд маргаагүй. /хэргийн 9-11, 24, 34 дүгээр тал/

 

Газар зохион байгуулалт, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Хы барьсан гэх барилга нь нэхэмжлэгч Г.Сгийн эзэмшлийн газартай 160 м.кв талбайгаар давхцсан болох нь тогтоогдсон, хариуцагч Б.Х энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Хы эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Хыг Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай нэгж талбарын 18642324032061 дугаартай газарт хууль бусаар барьсан 160 м.кв газрыг чөлөөлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Я.Ээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч Б.Х “нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар ярилцсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй, байшин баригдсан хэмжээгээр нэхэмжлэгчид би өөрийн газраас өгч болох байсан” гэх агуулгатай давж заалдах гомдлоо баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан түүний гомдол үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН