| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03090/И |
| Дугаар | 183/шш2023/03640 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 183/шш2023/03640
| 2023 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2023/03640 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, С Тауэр, ** тоот хаягт байрлах, регистрийн ********** дугаартай, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Б.Ш гудамж, Н буян, ** байр, ** тоот хаягт байрлах, регистрийн ********** дугаартай, М ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 334.268.757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 334.268.757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай компани нь М ХХК, түүний захирал Т.Э-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай "Барилга Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуулийн заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг нийт 1.050.439.043 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд гэрээнд заасан барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж 2022 оны 12 сард ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал буюу М ХХК, түүний захирал Т.Э нь барилга угсралтын ажлын үлдэгдэл төлбөр болох 281.746.757 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүйгээр зогсохгүй, тендерийн баталгаанд байршуулсан 52.522.000 төгрөгийг ч гаргаж өгөхгүйгээр өнөөдрийг хүрлээ. Манай компанийн зүгээс М ХХК, түүний захирал Т.Э-тай оны өмнө болон дараа удаа дараа утсаар холбогдож, шаардлага тавьж, гэрээний үүргээ биелүүлэх тухай сануулж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Манай компанийн зүгээс албан бичгээр барилга угсралтын ажлын үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай албан бичгээр 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус тус баталгаат шуудангаар явуулан мэдэгдсэн боловч нэхэмжлэл шүүхэд хандан гаргах өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 281.746.757 төгрөгийг, тендерийн баталгаанд байршуулсан 52.522.000 төгрөг, нийт 334.268.757 төгрөгийг М ХХК-иас гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.829.294 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х банк дахь мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ** тоот албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дүгээр албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаар төлбөрийн баримт, Б.Б-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар зэргийг ирүүлсэн.
4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Н-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т ХХК нь хариуцагч М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 1.050.439.043 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 281.746.757 төгрөг болон тендерийн баталгаанд байршуулсан 52.522.000 төгрөгийг тус тус хариуцагч компаниас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
3. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-д 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой бичгийн баримтыг ирүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
4. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 4 дүгээр сарын 06, 16-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг М ХХК-д хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.
5. Мөн хэргийн 14 дүгээр талд авагдсан Х банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 52.522.000 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-иас М ХХК-д тендэрийн баталгаа гэсэн утгаар шилжүүлсэн байна.
6. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 281.746.757 төгрөг, тендерийн баталгаанд байршуулсан 52.522.000 төгрөг, нийт 334.268.757 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.829.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 1.829.294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 281.746.757 төгрөг, тендерийн баталгаанд байршуулсан 52.522.000 төгрөг, нийт 334.268.757 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.829.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 1.829.294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал маркетинг эйжэнси ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА