Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2023/03675

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03675

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ш Яармаг хороолол, **** тоотод байрлах, регистрийн ************* дугаартай, Н я ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Э Оранж таун, ** блокт байрлах, регистрийн ********* дугаартай, А ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг, алданги болон ашиглалтын зардалд 197.976.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н я ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэг, алданги болон ашиглалтын зардалд 197.976.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Н я ХХК болон А ХХК нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 22/106 дугаар Түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Н я ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ш яармаг орон сууцны хорооллын ** дүгээр байр, ** давхрын 509,97 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг А ХХК-д түрээслүүлсэн. Тухайн түрээсийн гэрээг бид улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Мөн түрээсийн байрыг бүрэн бүтэн ашиглах боломжтой байдлаар хангаж, А ХХК-д хүлээлгэн өгсөн болно. Түрээсийн төлбөр төлөх журмыг түрээсийн гэрээний 2 дугаар зүйлд маш тодорхой харилцан тохиролцож, А ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааруулж түрээсийн гэрээний эхний сар төлбөр авахгүй байх, дараагийн 5 сарын хугацаанд м.кв-ын дүнгээс хөнгөлөлт үзүүлэхээр баталгаажуулсан. Тус заалтын дагуу бид хөнгөлөлт, чөлөөлөлтийг А ХХК-д тооцож, уг нэхэмжлэлийг гаргасан болно. Түрээсийн гэрээний 2.3-т зааснаар түрээсийн төлбөрийг 6 сарын хугацаагаар урьдчилан төлөх бөгөөд эхний удаа нэмэлт нэг сарын төлбөрийг барьцаа төлбөр болгон түрээслүүлэгчид шилжүүлэх байсан. Мөн гэрээний 2.1-д зааснаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр тооцохоор заасан байх тул түрээсийн төлбөрийг тус хугацаанаас өмнө урьдчилан 6 сар + 1 сар барьцаа төлбөрийн хамт түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй байсан. Гэвч үүрэг биелэгдээгүй 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан агуулга бүхий мэдэгдлийг А ХХК-д хүргүүлсэн. Ингээд улмаар 7 удаагийн албан бичгийг тухайн компанид хүргүүлсэн ба тухайн компанийн санхүүгийн санхүүгийн нөхцөл байдлыг ойлгон түрээсийн гэрээний төлбөрийг хойшлуулж, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэвч төлбөр төлөгдөөгүй тул 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээг цуцлах хүсэлтийг манай компанид ирүүлснээр бид уг хүсэлтийг хүлээн авч, гэрээг цуцалсан. А ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 170.839.950 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстойгоос 39.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 131.839.950 төгрөг байна. Түрээсийн гэрээний 6.1-д зааснаар алданги тооцоход 141.218.901 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 65.919.975 төгрөгөөр тооцов. Мөн түрээслэж байх хугацааны ашиглалтын зардал дутуу төлсөн байх ба үүнийн манай компани төлсөн тул ашиглалтын зардалд 216.154 төгрөгийн нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагч А ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 131.839.950 төгрөг, алданги 65.919.975 төгрөг, ашиглалтын зардал 216.154 төгрөг, нийт 197.976.079 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх түрээсийн гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулна гэж түрээсэлсэн. Гэхдээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Лаборатори ажиллуулна гэж авсан ч зөвшөөрөл нь гараагүй учир ажиллуулж чадаагүй. Түрээсийн зардал, ашиглалтын зардал төлөх боломжтой. Алдангийн хувьд манай компанийн санхүүгийн байдал боломжгүй байгаа. Үндсэн мөнгийг графикийн дагуу төлөхөд бэлэн. Манайх оффисын зориулалтаар ажиллуулаагүй, лабораторийн тавилгуудаа оруулж тавьсан байсан. Эмийн сан нь нэг сарын хугацаанд ажиллаж байгаад хаагдсан. Манай байгууллагын санхүү хүндрэлтэй байгаа. Ийм их хэмжээний алдангийг төлж барагдуулах боломж байхгүй. Бид үндсэн мөнгийг 4 хуваан төлөх боломжтой гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1.147.831 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.А, Э.У нарт олгосон итгэмжлэл, түрээсийн төлбөр, алдангийн тооцоолол, Н я ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Түрээсийн гэрээ-ний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Н я ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэл, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, А ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар хүсэлт, А ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар албан бичиг, Г ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Х-д олгосон итгэмжлэл, Б.Е-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н я ХХК болон хариуцагч А  ХХК-ийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар Түрээсийн гэрээ байгуулагдаж, А ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ш яармаг, Өлзийтийн зам гудамж, *** дүгээр байрны ** давхрын 509,97 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэхээр тохиролцож, тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Төлбөрийн нөхцөлийг талууд гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 7 дугар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 0 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөр нийт 5 сарын хугацаанд нэг м.кв нь 25.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөр нэг м.кв нь 30.000 төгрөг, 2025 оноос түрээсийн төлбөрийг үнийн инфляци, зах зээлийн үнээс хамааруулан шинэчлэн баталгаажуулахаар тус тус тохиролцжээ.

Мөн гэрээний 2.3-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 6 сарын хугацаагаар урьдчилан төлөх бөгөөд эхний удаа нэмэлт нэг сарын барьцаа төлбөр болгон түрээслүүлэгчид шилжүүлэх, түүнчлэн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2027 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 жил байхаар заажээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

3. Хариуцагч А ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Бид түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн талбайгаа зохих ёсоор ашиглаж чадаагүй гэх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй байх бөгөөд уг шалтгаан нь түүнийг түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар хариуцагч алданги төлөх боломжгүй хэмээн маргасан боловч талууд гэрээний 6.1-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний 2 дахь заалтад заасан хугацаанд багтаан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч А ХХК-иас гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс хүргүүлж байсан холбогдох мэдэгдлүүдийн агуулгаас харагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргаж буй тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч А ХХК-иас ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх, дүгнэх боломжгүй байсныг дурдав.

4. Хэргийн 21-22 дугаар талд Г ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх авагдсан бөгөөд уг баримтыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг хариуцагчаас ирүүлээгүй тул уг ашиглалтын зардлыг гэрээнээс учирсан хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

5. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 131.839.950 төгрөг, алданги 65.919.975 төгрөг, ашиглалтын зардал 216.154 төгрөг, нийт 197.976.079 төгрөгийг гаргуулж Н я ХХК-д олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н я ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.147.831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 1.147.831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н  я ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 131.839.950 төгрөг, алданги 65.919.975 төгрөг, ашиглалтын зардал 216.154 төгрөг, нийт 197.976.079 төгрөгийг гаргуулж Н я ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н я ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.147.831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 1.147.831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н я ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА