Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1371

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь Нийслэлийн “ЗТГ” ОНӨААТҮГ-т үндсэн ажилтнаар 7 жил ажиллахдаа нэг ч удаа ажлын хариуцлага алдаагүй, ар гэрийн болон өвчний улмаас чөлөө авч байгаагүй, үр дүнтэй ажиллаж байсан. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр жуух бичгээр шагнуулсан.

Ц.Б өвчний учир биеийн байдлын улмаас онош тогтоогдохгүй байсан тул шинжилгээ хийлгэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-д 14 хоног явж ирээд, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа ирэхэд түүний ажлын байранд н.Аыг ажиллуулж байгаа “өөр ажил хийлгэнэ хүлээж бай” гээд ажилд нь ажиллуулахгүй байсан. Тухайн өдрөөс хойш өглөө бүр ажилдаа очиход “яв асуудлыг чинь удахгүй шийднэ” гээд явуулдаг байсан. Сүүлдээ байгууллагын баазын хашааны үүднээс хөөгддөг болсон. Байгууллагын дарга Б.Цолмон болон Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Амартүвшин нарт олон удаа хүсэлт тавьсан.

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б.Цолмон даргад өргөдөл өгсөн боловч хүлээж авалгүй буцаасан. Тухайн өргөдлөө даргын и-мэйл хаяг руу явуулсан, гэвч хүний нөөцийн ахлах ажилтан Л.Тулга “чамайг засварын инженерээр биш засварчингаар тушаал бууруулж авна” гэж байсан. Байгууллагын дарга Б.Цолмонтой уулзахад хамтарч ажиллахгүй гээд 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тушаал гарсан, тооцоогоо хий гэсэн. Тухайн өдөр очиход 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/30 дугаартай Ц.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүний нөөцийн албанаас өгсөн. Мөн өдөртөө тойрох хуудсаа зуруулж авсан. Өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаантай байж байгаад иртэл ажил хийлгэхгүй өөр ажил хийлгэнэ, асуудлыг чинь шийднэ гэх зэргээр явуулж байгаад тухайн хугацаанд ажил тасалсан гэж ажлаас халсанд гомдолтой байна.

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ажил таслаагүй болно. Хууль бусаар халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Харин ...Ц.Б өвчний учир биеийн байдлын улмаас онош тогтоогдохгүй байсан тул шинжилгээ хийлгэх, 2018 оны 12 дугаар сарын 23-наас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ямар нэгэн байдлаар ажил таслаагүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх хугацаанд чөлөө авсан бол хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-д “ажилтан чөлөөний хүсэлтийг чөлөө авахаас өмнө гаргасан байна. Урьдчилан тохиролцож, чөлөөний асуудлыг шийдэх ба чөлөөний хүсэлтийг нөхөн гаргаж үл болно” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.9-д заасныг хэрэгжүүлээгүй бөгөөд Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дур мэдэн ажил тасалсан байдаг.

Манай байгууллага ажилчдын нүүр уншдаг төхөөрөмжөөр ажлын цагийг бүртгэдэг, нийт 391 ажилтантай, 2018 оны 12 дугаар сарын 23-наас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрүүдэд чөлөө хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй, энэ талаар баримт байхгүй. Ц.Б 1 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл өгөөгүй ажлаас халсан тушаалыг гардуулахаар утсаар нь дуудахад утсаа авдаггүй түүнтэй 2 дугаар сарын 19-ний өдөр холбогдсон юм.

Тодруулбал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.15, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ц.Бийг ЗТГ ОНӨААТҮГ-ын Техник технологын хэлтсийн засварын инженерийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэж илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Ц.Б нь өвчтэй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа ирээд ажлын цаг бүртгэдэг автомат системд бүртгүүлсэн байдаг. Ажлын цаг бүртгэлийн системийг өөрчилж цаасаар цагийн бүртгэл авчирсан байхад үнэлсэн байдаг. Ц.Б ажилдаа ирээд аргагүйн эрхэнд хөөгдөж явсан, түүнчлэн “өвчтэй байх үед чин өөр хүн ажилд авсан байгаа өөр ажилд томилно, асуудлыг чинь шийдвэрлэнэ” байж бай гэх зэргээр хуурч байгаад 2019 оны 1 дүгээр сарын 23-ны ажлаас халсан байдаг. Ажил олгогч ажиллах боломжоор хангахгүй ажлыг нь хийлгэхгүй байсан байтал шүүх өөрөө ажилдаа ирээгүй тасалсан буруутай үйлдэлтэй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Ажлаа тасалж эхэлсэн гэх 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ням гариг буюу амралтын өдөр байсан. Түүнчлэн, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн зүгээс тус байгууллагад ажиллладаг болон цалингийн талаар тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Ц.Бийн ажлын байранд ажиллаж буй н.Аыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс томилсоныг хариуцагч тайлбарласан зэргээс харахад нэхэмжлэгчийг ажилдаа ирэхэд ажил хийлгэдэггүй байсан нь харагддаг. Дээрх нөхцөл байдлаас харахад Ц.Б хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаа зөрчөөгүй нь нотлогдоно.

Хариуцагч тал шүүхэд ажлын цагийн бүртгэл болон нэхэмжлэгчтэй холбоотой аливаа албан бичгийг өөрт ашигтайгаар засч өгөх эсхүл гаргаж өгөхгүй байх боломж байгаа бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болон түүнээс хойш хугацаанд ажилдаа ирж байснаа нотлуулахаар хамтран ажиллагч найз нөхөддөө гэрчээр асуулгах хүсэлт тавихад, шинэ удирдлагаасаа айж байгаа, ажил, цалингаасаа салахыг хүсэлгүй байна биднийг битгий хөлдөө чирээч гэж гуйсан учир шүүхэд гэрч асуулгах хүсэлт гаргаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч “Зорчигт тээвэр гурав” ОНӨААТҮГ-т холбогдуулан

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн “ЗТГ” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Техник, технологийн хэлтсийн засварын инженер ажилтай Ц.Бийг 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хэргийн 8 дугаар тал/

 

Уг тушаалд Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.15, 11 дүгээр зүйлийн 11.1.1.3, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл өвчтэй байсан гэх байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн магадлагаа засвартай, эргэлзээтэй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаа буюу эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ажил олгогч ажилтныг ажиллах боломжоор хангахгүй ажлыг нь хийлгэхгүй байсан” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН