Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

шүүгдэгч Б.Түмэнбаяр,

хохирогч О.Нандинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа ногоо барьж, такси үйлчилгээнд явдаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2 дугаар гудамжны 28б тоотод оршин суух хаягтай боловч одоо оршин суугаа хаяг нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн 23 дугаар гудамжны 2371 тоотод оршин суудаг, ам бүл 2, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЗЙ75060114/ Боржигон овогт Батцоожийн Түмэнбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709006210022 дугаар хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 47 тоотод иргэн О.Нандинцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түмэнбаярын: Би холбогдсон хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн сонсгосон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ч мөн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Нандинцэцэгийн: 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр намайг ажилдаа явах гэж байхад Түмэнбаяр намайг Ганболд ахад хов зөөлөө гээд хэрүүл хийсэн. Би өмнө нь Ганболд ахад Түмэнбаяр намайг оролдоод байна гэж хэлж байсан юм. Түмэнбаяр үүнд уурласан юм шиг байсан. Тэгээд намайг чи угаасаа л шөнө орой орж ирдэг байж сүртэй юм гээд намайг хэл амаар доромжлоод миний биед хүрсэн. Би толгойн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Түмэнбаяраас өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн: мөрдөн байцаалтад гэрч Э.Ганболдын: ...Нандиа нэг өдөр над руу залгаад Түмээ намайг хэл амаар доромжлоод гэр орон цэвэрлэсэнгүй гадна дотноос хүн оруулж ирлээ гэж намайг загнаад байна гэж хэлэхэд нь би Түмээд энэ асуудлыг яриад ийм асуудал дахин гаргаж болохгүй гэж хэлж анхааруулсан... Бас дахин өөр хоорондоо дээрх хоёр хүн маргалдсан гэдгийг сонссон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн №10010 тоот:

  1. О.Нандинцэцэгийн биед баруун шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүү, баруун гарын сарвуу, баруун зүү шуу, баруун зүүн хөлийн шилбэнд цус хуралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-13/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-17/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-19/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/, Б.Түмэнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, эвлэрсэн тухай баталгаа /хх-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Түмэнбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Түмэнбаяр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Нандинцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай хүсэлт гаргасан /хх-36/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Түмэнбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Хохирогч О.Нандинцэцэгийн нэхэмжилсэн 120.000 төгрөгийг Б.Түмэнбаяраас гаргуулан хохирогч О.Нандинцэцэгт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Батцоожийн Түмэнбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Батцоожийн Түмэнбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
  3. Б.Түмэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Түмэнбаярт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоосугай.
  5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Түмэнбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Түмэнбаяраас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нандинцэцэгт олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Түмэнбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Түмэнбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ