Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.В нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.В нэхэмжлэлтэй, хариуцагч ЗБны эрх хүлээн авагч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

           

          Шийдвэр гүйцэтгэх ажиллгааг дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 34 337 338 төгрөг гаргуулж, ЗБны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох “FD 20А” бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох FD 20А маркийн бульдозерыг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь төлбөр авагч ЗБны эрх хүлээн авагч авсан. Гэтэл дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Төлбөр төлөгч гэх Х.В 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 52 000 ам.долларын үнэ бүхий FD 20А маркийн бульдозерыг 30 000 ам.долларын барьцаанд авсан бөгөөд 3 сарын дараа буюу 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр авагч болох банкны хүмүүс ирээд баримт үйлдэн барьцаа хөрөнгийг хурааж авсан болно. Төлбөр авагч тал барьцаа хөрөнгийг хадгалах явцдаа чанарыг нь муутгаснаас гадна эвдэлж ашиглах боломжгүй болгосон. Мөн 9 жилийн турш хадгалж моралийн элэгдэлд оруулж төмрийн хаягдал болгосноос шууд шалтгаалж устгалын үнээр буюу төмрийн хаягдалд тооцон 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг.

Дээр дурдсан нөхцөл байдалд Х.Вын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй  байхгүй. ЗБны эрх хүлээн авагчаас шалтгаалсан байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газарт өгөхгүй иргэн Х.Выг хохироож байгаа болно. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан байхад иргэн Х.Ваас дахин төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д зааснаар хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог. ЗБны эрх хүлээн авагч болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Х.Выг 28 337 338 төгрөг төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Харин ч Х.В барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлснээс учирсан хохиролд 20 000 ам.долларыг ЗБны эрх хүлээн авагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1926 дугаар шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох ЗБны мэдэлд байсан FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдэж дууссан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗБны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Н.Ариунбат шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаар тогтоолоор хариуцагч Х.Ваас 34 337 338 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЗБинд олгохоор шийдвэрлэсэн. ЗБ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12/2973, 12/2973 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан төлбөрөө төлүүлэхээр гэрээ хийж өгсөн болно.

Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох бульдозерыг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлбөр төлөгч Х.Вын төлбөрийн үлдэгдэл 28 337 338 төгрөг байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 34 337 338 төгрөг гаргуулж, ЗБны эрх хүлээн авагчид олгож, үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ЗБны эрх хүлээн авагчийн мэдэлд байгаа FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2013 онд хураан авч, талууд үнийн санал харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 6 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18360346/03 дугаар тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд 95 300 төгрөг суутгалаар төлөгдсөнийг төлбөр авагч ЗБны эрх хүлээн авагчид тус тус шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөөс 28 242 038 төгрөг төлөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1926 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн Х.Вын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 329 640 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 259 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ц.Г нар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 1926 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох FD 20А маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бульдозерыг худалдаж, мөнгийг нь төлбөр авагч буюу ЗБны эрх хүлээн авагч хүлээн авсан байхад дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогддог. Үүнд: төлбөр төлөгч Х.В шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, шүүхийн 1926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан ажиллагаа хийгдэж дууссан, ЗБны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгөөр төлбөрийг бүрэн хангаад гүйцэтгэх хуудсыг хаах талаар хүсэл зоригоо 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр илэрхийлж байсан, ЗБны эрх хүлээн авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа төлдөг урамшууллын зардлыг төлж барагдуулсан, барьцаа хөрөнгийг зарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ямар ч ажиллагаа явагдаагүй. Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаа хийгдэж дууссан тул нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.В нь хариуцагч ЗБны эрх хүлээн авагч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэг газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллгааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1926 дугаар шийдвэрээр Х.Ваас 14 780 ам.доллар буюу 34 337 338 төгрөг гаргуулж, ЗБны эрх хүлээн авагчид олгож, барьцаа хөрөнгө болох FD 20A маркийн бульдозерыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаар тогтоолоор хэвээр үдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 9-16 дугаар тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж уг 60-90 УБ улсын дугаартай FD 20A хар өнгийн бульдозерыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/001 тоот актаар битүүмжлэн хураана авч, шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

          Уг бульдозерыг “Гранд повер” ХХК нь 2015 оны 12 дугаар сард худалдан авч, төлбөрийг ЗБны эрх хүлээн авагчид шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн данснаас 95 300 төгрөг нийт 6 095 300 төгрөг хариуцагч ЗБны эрх хүлээн авагчид төлөгдсөн байна.

Иймд төлбөр төлөгчөөс 6 095 300 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 28 242 038 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн 18 дугаар талд авагдсан “Зээлдэгчтэй харилцсан, газар дээр нь очиж шалгасан тухай тэмдэглэл” гэх баримтад 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгө болох 60-90 УБД улсын дугаартай FD 20A маркийн хар өнгийг бульдозерийг ЗБны 103 дугаар салбарт хадгалахаар хүлээлгэж өгсөн бөгөөд бульдозерийн чанар байдал, үнийн талаар тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт зааснаар барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхээр зохицуулжээ. Иймд төлбөр авагч буюу хариуцагч ЗБны эрх хүлээн авагч нь бульдозерийг өөрийн мэдэлд байлгахдаа үнэгүйдүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

          Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “барьцааны хөрөнгө болох бульдозерыг худалдан борлуулсан мөнгийг төлбөр авагч ЗБны эрх хүлээн авагч авсан, шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 28 042 038 төгрөг төлөгдөөгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2019/01298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Д.ЦОГТСАЙХАН