Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Э.Халиун,

шүүгдэгч Ц.Нармандах, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, 3 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ОЮ79111115/ Зуутраг овогт Цэвээний Нармандахад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020725 дугаар 185/2017/0333/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Нармандах 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 420 тоотод оршин суух хохирогч Т.Сарантуяагийн эзэмшлийн гэрт нэвтрэн орж Самсунг маркийн 24 инчийн зурагт, Hi Fi /хай фай/ маркийн 16 суваг хүлээн авдаг тоон системийн хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 296.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нармандахын: Хэргийн талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн хохирогч Т.Сарантуяагийн: ...Сүхбаатар дүүргийн 12-р хороо Хангайн 11-420 тоотод байрлах миний эзэмшлийн байшинд өчигдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 00 минутаас 21 цаг 00 минутын хооронд эзэнгүй байх хугацаанд хулгай орсон байна... Хаалганы цүүг тодорхойгүй хүчин зүйлээр хөшиж онгойлгоод орсон байна лээ. Манайхыг мэддэг хүн байх шиг байсан... Самсунг маркийн 24 инчийн ЛЕД дэлгэцтэй зурагтыг 2016 оны 11 дүгээр сард Нарантуул захаас 320000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 320000 төгрөгөөр үнэлж байна. Hi fi /Хай фай/ маркийн агаарын 16 суваг хүлээн авагчтай тоон системийн төхөөрөмжийг 2016 оны 11 дүгээр сард Нарантуул захаас 45.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 45.000 төгрөгөөр үнэлж байна... Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-21/,

 

Гэрч Б.Жавхлангийн: ...Тухайн өдөр Бэлх 112 дугаар чиглэлд эргүүлийн офицер Нармандахын хамт Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 11 дүгээр гудамжинд нэг залуу зурагт, кабел хүлээн авагч төхөөрөмж барьчихсан явж байсан. Ут этгээдийг шалгуулахаар хулгайлсан эд зүйлийнх нь хамт Бэлх 10-т хүлээлгэж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,

 

Ц.Нармандахын яллагдагчаар: ...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100 айл орчимд архи ууж явж байгаад хуучин хамт ажиллаж байсан Ганбатын гэрт очсон. Тэднийд хүн байгаагүй. Хүн байхгүй байхаар нь хаалгыг нь татсан чинь хаалганы цоож нь цүү төмөр хэсгээрээ салсан. Тэгэхээр нь дотогш ороод телевизор болон агаарын суваг хүлээн авагч төхөөрөмжийг нь авсан. Тэгээд гараад гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдаад эд зүйлсээ хүлээлгэж өгсөн... Би архи уучихсан согтуу байсан. Тэгээд дахин архи уух санаатай айлаас хулгай хийсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/, Ц.Нармандахын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Ц.Нармандахыг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 420 тоотод оршин суух хохирогч Т.Сарантуяагийн эзэмшлийн гэрт нэвтрэн орж Самсунг маркийн 24 инчийн зурагт, Hi Fi /хай фай/ маркийн 16 суваг хүлээн авдаг тоон системийн хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 296.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Нармандах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Т.Сарантуяагийн хүсэлтээр /хх-88/ нотлогдов.

 

Шүүгдэгч Ц.Нармандах ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-38/ тогтоогдов.

 

Иймд шүүгдэгч Ц.Нармандах анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан ял оногдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Цэвээний Нармандахыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Цэвээний Нармандахыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Нармандахад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Ц.Нармандах цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  5. /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Нармандахад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Нармандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Нарманадахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ